БИШКЕК, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Kabar/. Киргизийн Гадаад хэргийн яам цаазаар авах ялыг сэргээх санаачилгын эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар тайлбар мэдэгдэл гаргаж, Киргизийн Үндсэн хуулийн шүүх тус улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтуудын хүрээнд цаазын ялыг сэргээх боломжгүй хэмээн үзсэнийг онцолсон байна. Мэдэгдэлд дурдсанаар, сүүлийн үед хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг онц хүнд гэмт хэргийн тоо өсөж, улс орныг бүхэлд нь цочирдуулаад байна.
Каракол хотын 17 настай охины амь насыг хохироосон хэрэгт төрийн тэргүүн онцгой анхаарал хандуулж, уг хэргийг хяналтдаа авч, холбогдох төрийн байгууллагуудад хүүхдийг хүчиндсэн болон хүчиндсэнийхээ дараа амийг нь хөнөөсөн гэмт хэрэгт цаазаар авах ял оноох тухай хуулийн нэмэлт өөрчлөлт боловсруулах чиглэл өгчээ.
"Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тус улсын холбогдох хуулийн төсөл болон "НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 44/128 тоот тогтоолоор батлагдсан Цаазаар авах ялыг халах зорилготой Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколд Бүгд Найрамдах Киргиз Улс нэгдэх тухай" хуулийг хүчингүй болгох тухай" хуулийн төслийг 2025 оны 10 дугаар сарын 13-28-ны хооронд бүх нийтийн санал асуулгад оруулсан бөгөөд оролцогчдын дийлэнх нь цаазаар авах ялыг сэргээхийг эсэргүүцсэн байна.
Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров уг хуулийн төслийг Үндсэн хуулийн шүүхэд албан ёсны дүгнэлт гаргуулахаар 12 дугаар сарын 2-нд хүргүүлжээ.
Үндсэн хуулийн шүүх нь хараат бус бие даасан байгууллагын хувьд Үндсэн хууль болон олон улсын эрх зүйд үндэслэн хянан үзэж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар цаазаар авах ялыг сэргээх нь Үндсэн хуульд харшилж, хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг 12 дугаар сарын 10-нд гаргасан байна.
Киргизийн Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар бүх нийтийн дунд санал асуулга явуулах боломжгүй бөгөөд уг санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх журам даруй дуусгавар болжээ.
Бүгд Найрамдах Киргиз Улс нь хууль дээдлэх зарчмыг баримтладаг улсын хувьд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, олон улсын өмнө хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлсээр байх болно. Үүний зэрэгцээ хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах зорилгоор үндэсний хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг үргэлжлүүлэн хийх болно гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 12 сарын 18,
2025

Сэтгэгдэл3
Киргизстан Казахстан шиг Орос хэлийг албан ёсоор төрийн хэл гэж үздэг, өөрийн эрхгүй Оросын колони. Инээдэмтэй нь Киргиз Казахууд Европ Оросуудын нүдэнд Еврей Арменчууд шиг хэзээ ч байхгүй Басурман Бараны төдий малнууд.
Чи хөө улаан залаатай Монгол хүн юм бол бусад үндэстэн улс уруу шүлсээ битгий савируул. Монголын төлөө ядахдаа хуруугаа хөдөлгөж сурах хэрэгтэй.
Шударга шүүх, цагдаагүй газар тэр нь дээр. Манайхтай ижил биз