sonin.mn

Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гарагт мэдэгдэв.


Тэрээр Москва хотноо Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитэй уулзсаны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын Дүрэмд тусгагдсан зарчмуудыг сонгож бус, бүхэлд нь хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.


“Түүхийн бодит явц нь НҮБ-ын Дүрэмд туссан зарчмуудыг бүрэн дүүрэн, харилцан уялдаатайгаар хэрэгжүүлэхийг шаардаж байна. Эдгээрийг тухайн нөхцөл байдалд тааруулан сонгон хэрэглэх ёсгүй” хэмээн Лавров мэдэгджээ. Түүний хэлснээр, Украины мөргөлдөөний хүрээнд барууныхан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг өөрийн тогтоосон “дүрэм”-ээр солихыг оролдож байна.


Мөн тэрээр Барууны орнууд, ялангуяа Европын улсууд ийм бодлогоороо неоколоничлолын хандлагыг үргэлжлүүлж, бусдын нөөц бололцоонд тулгуурлан оршин тогтнох зорилготой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Үүний зэрэгцээ, уулзалтын дараа Сергей Лавров болон Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар 2026–2028 онд дипломат байгууллагуудын хооронд явуулах зөвлөлдөх уулзалтын төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ёслол Москва хотын төвд байрлах ОХУ-ын Гадаад хэргийн яамны Хүлээн авалтын ордонд болсон байна.



Н.Отгончимэг

Эх сурвалж: tass.com