sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн нэрэмжит шинэ ангиллын тэнгисийн цэргийн хөлөг онгоц зохион бүтээж, үйлдвэрлэх төлөвлөгөөгөө даваа гарагт танилцуулжээ. Флорида дахь Мар-а-Лаго эдлэндээ Ерөнхийлөгч үг хэлэхдээ “Трампын зэрэглэлийн” Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд нь “манай улсын түүхэн дэх хамгийн том байлдааны хөлөг онгоц болно” гэж мэдэгдсэн байна.


Шинэ санаачилгыг “Трампын зэрэглэлийн” хоёр хөлөг онгоцоор эхлүүлж, дараа нь 25 болгож нэмэгдүүлэх бөгөөд үүнийг “Алтан флот” гэж нэрлэх ажээ. “Трампын зэрэглэлийн” анхны хөлөг онгоцыг “USS Defiant” гэж нэрлэх гэнэ.


“АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин эдгээр хөлөг онгоцны загварыг надтай хамт гаргах болно, учир нь би гоо зүйн маш өндөр мэдрэмжтэй хүн” гэж Д.Трамп АНУ-ын Батлан ​​​​хамгаалахын сайд Пит Хегсет, Тэнгисийн цэргийн сайд Жон Фелан, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар оролцсон үйл ажиллагааны үеэр хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч “Америкийг томоохон хөлөг онгоцны үйлдвэрлэл эрхлэгч гүрэн болгон сэргээхээ” амласан юм. Хятадын тал далайн флотоо өргөжүүлж байгаад америкчууд санаа зовних болоод байгаа үед ийнхүү шийдвэрлэжээ.


Д.Трампын хэлснээр, эдгээр хөлөг онгоцыг цөмийн зэвсгүүдээр тоноглох боломжтой бөгөөд 30-40 мянган тонн жинтэй байх ажээ. Эдгээр хөлөг онгоц нь АНУ-ын Зэвсэгт хүчинд өөрийн ул мөрөө үлдээх гэсэн Д.Трампын ээлжит оролдлого болж байна.


Түүний хувьд цэргийн алба хааж байгаагүй юм. Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудыг “USS Theodore Roosevelt” гэх мэтээр улс төрийн зүтгэлтнүүдийн нэрээр нэрлэдэг. Одоогоор Д.Трампын нэрээр нэрлэгдсэн байлдааны хөлөг онгоц байхгүй юм. Д.Трамп өмнө нь АНУ-ын Тэнгисийн цэргийн “зэвэрч муудсан” хөлөг онгоцнуудыг шүүмжилж байсан удаатай. Энэ оны хоёрдугаар сард болсон сонсголын үеэр Тэнгисийн цэргийн сайд Ж.Феланы хэлснээр, Д.Трамп зэвэрч муудсан Америкийн хөлөг онгоцнуудыг яах ёстой талаар олон удаа асууж байжээ. Түүнчлэн Тэнгисийн цэргийн хүчнийг шинэ байлдааны хөлөг онгоцоор өргөжүүлэх төлөвлөгөө нь АНУ-ын цэргийнхэн Венесуэлийг бүслэн хаагаад буй үед гарч байна.


Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Тэнгисийн цэргийн хүчинд хандан Д.Трампын засаг захиргаанаас Венесуэлд нэвтэрч, тус улсаас гарч буй хоригт өртсөн газрын тос тээвэрлэгч танкеруудыг саатуулахыг тушаажээ.


АНУ одоогоор хоёр газрын тосны танкерыг хураан авсан бөгөөд гурав дахийг нь саатуулах гэж байгаа тухай мэдээлсэн байна. “Хэрэв тэрбээр ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байвал, хэрэв тэрбээр хатуу түрэмгий байхыг хүсвэл энэ нь түүний хувьд сүүлчийнх нь байх болно” гэж Д.Трамп Мар-а-Лагод болсон үйл ажиллагааны үеэр Н.Мадурогийн талаар дурдан хэлжээ. Д.Трампын хувьд Н.Мадурогийн удирдаж буй Венесуэлийг мансууруулах бодисын наймааны төв гэж тодорхойлсоор ирсэн юм. Мөн Н.Мадуро огцрох нь “ухаалаг” алхам болно гэж хэлжээ. Харин даваа гарагт Н.Мадуро Д.Трампыг шүүмжилж, Венесуэлийг онилохоос илүүтэй АНУ-ын дотоод асуудалд анхаарсан нь дээр гэж хэлсэн байна.

 


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг