sonin.mn

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамыг нүүлгэхтэй холбоотой асуудлаар: "Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам нэг талдаа л байрлаж ажиллах ёстой. Бодлогын газрууд тусдаа байж болно. Яам Дарханд, эсвэл Улаанбаатар хотод бүрэн ажиллах ёстой. Нийслэл рүү шилжих эсэх асуудлыг судалж байна.


Дархан руу нүүхэд байрны асуудал хүнд учраас байрны урьдчилгаа 30 хувийг зарим хүмүүсд өгсөн юм билээ. Ер нь сургуулиудыг ч нүүлгэнэ гэж ярьдаг.



Ярих их амархан юм байна лээ. Энэ бол их том сургамж болж байгаа.



Их сургуулийг нүүлгэлээ гэхэд байр барьж болно. Оюутнууд оччихно. Гол нь багш нар нь очдоггүй юм байна лээ. Гэр бүл нь энд байна. Үр хүүхдүүд нь энд сурч байна. Үүнийг 5-10 жилээр төлөвлөж шийддэг болохоос, одоо шийдвэр гаргаад шууд нэг сарын дараа нүүлгэнэ гэж байхгүй. Тийм учраас энэ бол том сургамж болж байгаа шүү.


Манай яам 100 ажилтантай. Бүгд Дарханд очиж ажиллаж байгаа. Би хүртэл Дарханд очиж ажиллаж байгаа. Хоёр талд яваад байж болохгүй. Б.Бат-Эрдэнэ сайдын үед Байгаль орчны яамыг яармаг руу нүүлгэсэн юм билээ. Тэр үед 10 хүрэхгүй хүн машинтайгаа ажилдаа очдог, үлдсэн нь алхаад эсвэл автобусаар ажилдаа очдог байж байгаад яармаг руу нүүнгүүт 100 хүн бүгд машинаар ажилдаа очдог болсон.


Ингэхээр түгжрэл буурах уу? Үгүй. Дарханаас ч гэсэн 3 цаг яваад 61 гарам ороод, тэндээс хотын төв хүртэл ахиад 2-3 цаг түгжирдэг шүү дээ. Бүгд машинаар явж байна. Энэ бол их бодож шийдэх ёстой асуудал." гэлээ.



М.Чой