sonin.mn

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн энэ сарын 25-нд Кувейт Улсын Батлан хамгаалахын сайд Шейх Абдулла Али Абдулла Аль-Салем Аль-Сабахтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.


​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлутын мэндчилгээг уламжлаад, энэ онд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ЭСЯ-наас хэрэгжүүлсэн ажил болон хоёр улсын хамтын ажиллагаанд гарсан томоохон дэвшлүүдийн талаар товч танилцуулав. ​Элчин сайдын зүгээс хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд батлан хамгаалах салбарын үүрэг оролцоо чухал болохыг тэмдэглэж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Кувейт Улсын Батлан хамгаалах яам хооронд Санамж бичиг байгуулах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.


​Түүнчлэн Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг оролцуулахад монголын талаас ач холбогдол өгч буйг нотолж, ирэх оны сургуульд оролцохыг урив. Мөн цэргийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага судлах болон араб хэлний хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд Шейх Абдулла Али Абдулла Аль-Салем Аль-Сабах сүүлийн 3 жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа салбар бүрд хурдацтай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, Элчин сайдын гаргаж буй санал санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.


Энэ хүрээнд төлөвлөж буй айлчлалын үеэр хоёр улсын Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг эхлүүлж, харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулах, хамтын ажиллагааны боломжуудыг судалж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, уулзалтын мөрөөр ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгохоо хэллээ. Цаашид хоёр улсын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааг өндөр түвшинд хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. ​Мөн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Кувейтийн зэвсэгт хүчний оролцоог хангахад анхаарал хандуулахаа нотолж, тус сургуулийн дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлэхийг хүсэлт болгов гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.