УИХ-ын дарга Н.Учралд өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг өргөн мэдүүллээ.
Энэхүү хэлэлцээрээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулжээ.
Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Австри Улсын Нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчийг хамгаалах яам 2023 оноос хамтран ажиллаж, Олон улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцож, талуудын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т Улаанбаатар хотноо 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан гэдгийг салбарын сайд онцлов.
Бүгд Найрамдах Австри Улс Хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох дотоодын шаардлагыг энэ оны долоодугаар сарын 17-нд хангасан талаар мэдээлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Гадаад харилцааны яамны 2024 оны мэдээллээр, тус улсад Монгол Улсын 2668 иргэн оршин сууж байгаагаас 1696 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол манай улсад Бүгд Найрамдах Австри Улсын 30 иргэн оршин сууж буй гэсэн мэдээлэл байна. Уг хэлэлцээрийн үр дүнд иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Баасан - 12 сарын 26,
2025

Сэтгэгдэл0