sonin.mn

Хөрөнгө оруулагч У.Баффет Berkshire Hathaway корпорацийн ерөнхий захирлын албан тушаалаас огцорч байгаа тухай телевизийн NBC News суваг мэдээлснийг Кazinform агентлаг уламжиллаа. Өдгөө 95 настай тэрбээр алдагдалтай ажиллаж байсан нэхмэлийн компанийг дэлхийн хамгийн амжилттай ажиллаж буй актив удирдлагын компани болгож өөрчилсөн юм.


Баффетын удирдлага дор АНУ-ын Небраска муж улс дахь Berkshire компани төмөр зам, даатгалаас эхлээд чихэр, мөхөөлдөсний үйлдвэр зэрэг янз бүрийн салбарт хөрөнгө оруулж байгаа юм.


Тэрбээр бизнесийн замналаа 12 настайдаа буюу 1942 онд анх эхлүүлж, 114,75 доллароор Cities Service компанийн хувьцааг худалдан авчээ. Тэрбээр энэ мөнгийг 6 настайгаасаа эхлэн хуримтлуулсан байна. 16 настайд нь түүний оруулсан хөрөнгө 53 мянган доллар болж өссөн бөгөөд тэрбээр 32 настайдаа саятан, 56 насандаа тэрбумтан болжээ. Өнөөдөр 150 тэрбумын хөрөнгөтэй Баффет дэлхийн хамгийн баян хүмүүсийн Bloomberg Billionaires чансаанд 10 дугаар байрт орж байгаа юм.


1964 оноос хойш тэрбээр Berkshire Hathaway-г хөрөнгө оруулалтын үндсэн хэрэгсэл болгон ашиглаж байгаа бөгөөд компанийн хувьцааны үнэ 5,5 сая хувиар өсжээ. Харьцуулахад, өнгөрсөн хугацаанд S&P 500 индексийн ханш ердөө 39 мянган хувиар өссөн байна.


Өнөөдөр Berkshire Hathaway-гийн зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд доллароос давснаар дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтын 11 дүгээрт бичигдэж байна. Berkshire-ийн эзэмшлийн хамгийн том компаниудыг нэрлэвэл: төмөр замын BNSF, даатгалын Geico компаниуд болон See’s Candy, Benjamin Moore, Duracell, Fruit of the Loom, Oriental Trading, Dairy Queen, Helzberg Diamonds зэрэг нэртэй брэндүүд юм.


Баффет өөрийн гол үзэл санаа болох “зөвхөн учрыг нь олдог зүйлд нь та хөрөнгөө оруул, үнэт цаасны зах зээлийг дийлж гарна гэдэг тун хэцүү” гэсэн үгээ байнга давтдаг. Тэрбээр Berkshire-ийг тэрбумтан Чарли Мангер-тай хамтран удирдаж байсан бөгөөд Мангер 2023 онд 99 насандаа нас баржээ.  


Одоо Berkshire-ийн эрчим хүчний салбарын ерөнхий захирал, олонд төдийлөн танигдаагүй 63 настай Грег Абель корпорацийг удирдах бол Баффет даргаар үлдэх аж. Хэдэн хоногийн өмнө Баффет Berkshire Hathaway-гийн хөрөнгө оруулагчдад хандан, албан тушаалаа өгөх гэж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдсэн захидлыг илгээсэн юм.




Б.Адъяахүү