sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “гайхалтай, хүчирхэг” гэж магтсан Венесуэлийн Ерөнхийлөгч Никoлас Мадурог баривчлах ажиллагааны дараа энэ их нефтийн баялагтай улс орныг хэн удирдаж буй нь тодорхойгүй хэвээр байна.

Трампын мэдэгдсэнээр, Мадурог баривчилсны дараа дэд ерөнхийлөгч Делси Родригес тангараг өргөж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-тэй холбогдсон гэжээ.


Үндсэн хуулийн дагуу Мадуро байхгүй үед Родригес гүйцэтгэх ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх эрхтэй бөгөөд орон нутгийн шүүхээс түүнд уг үүргийг оноосон байна.


Гэсэн ч Родригес төрийн телевизэд гарч ирэн, парламентын дарга Жорж Родригес, Дотоод хэргийн сайд Диосадо Кабелло, Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопез нарын хамт “Мадуро Венесуэлийн цорын ганц ерөнхийлөгч хэвээр байна” гэж мэдэгдсэн нь эрх баригчид нэгдмэл хэвээр байгааг харуулж байна.


Иргэний ба цэргийн эрх мэдлийн тэнцвэр


Венесуэлийн бодит эрх мэдэл хэдхэн томоохон албан тушаалтны гарт төвлөрч, иргэний болон цэргийн тал тэнцвэртэй байдлаар хуваарилагдсан байна. Родригес ба түүний ах иргэний тал, Падрино ба Кабелло цэргийн талыг төлөөлж байгаа юм.


Судлаачдын үзэж байгаагаар, Мадурог баривчлах нь Засгийн газрыг унагахад хангалтгүй бөгөөд Кабелло нь арми болон тагнуулын байгууллагад хүчтэй нөлөөтэй тул эрх мэдлийг барих гол түлхүүр нь хэвээрээ байгаа гэнэ.


Цэргийн удирдагчид стратегийн салбаруудыг хянана


Кабелло социалист намын гол гишүүн, армиас гаралтай бөгөөд хоол хүнс, түүхий эд, төрийн газрын тосны компани PDVSA-ыг удирдаж, хувийн компаниуд болон стратегийн бүсэд нөлөөтэйгээр байрладаг. Зарим хууль ёсны болон хууль бус орлого нь цэргийн өндөр албан тушаалтнуудын хяналтад байдаг.


Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Венесуэлийн одоогийн засгийг бүрэн устгахын тулд 20–50 өндөр албан тушаалтныг солих шаардлагатай бөгөөд Кабелло одоогоор тохиролцох сонирхолгүй байгаа аж.

Энэ үйл явдал нь Венесуэлийн засгийн эрх мэдлийн төвлөрөл, иргэний ба цэргийн хуваарилалт, улс орны байдал ямар төвөгтэйг харуулж байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: reuters.com