sonin.mn

-Америк “Бүргэд” гайхалтай чадварлаг юм

 

Лондонд амьдардаг зураач дахиад ороод ирлээ гээд коментчид шаагилдаад унана. Мэдээж. Гэхдээ Үндсэн хуульдаа тунхагласан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж үгээ хэлж байгаа монгол хүн бичжээ гээд уужим сэтгэлээр энэ удаа хүлээн авна уу хэмээн өчсү! Дэлхийн чихийг дэлдийлгэж, алмайруулсан үйл явдал болж байна. Хэн тэгж чадна гэж бодох билээ. “Хорт могой” Мадуро олон давхар хамгаалалтандаа найдан “үүрэндээ“ байхад нь хүчирхэг нэгэн “Бүргэд” шөнө дунд нисэн ирж шүүрэн одлоо. Венесуэлыг хамгаална гэж сүржигнэж байсан Оросын С400 гэдэг агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажилласангүй. Ерөнхийлөгчийг хамгаалах учиртай Оросын “Вагнер”-ын хөлсний цэргүүд нь ч таг чиг.

 

Мадурог яагаад “Хорт могой” гэж нэрлэж байгаа юм гэж хэн нэгэн надаас асуух байх. Тэр Америкийг л хорлоод байсан гэж хариулъя. Түүнийг Трамп “Нарко-Ерөнхийлөгч” гэж нэрлээд байгаа. “Нарко” гэдэг нь “наркоман” буюу хар тамхины хамааралтай хүнийг хэлдэг нэр томьёо гэдгийг бүгд мэднэ.

 

Мадуро бол Венесуэлын хар тамхины картелын нууц толгойлогч юм байна. Тэрбээр Ерөнхийлөгчийнхөө албан тушаалыг гэмт хэрэг хийхдээ ашиглаж байжээ гэсэн үг. Одоо түүний хийсэн хэргийг нотлох хөдлөшгүй олон баримтыг өнөөдөр Нью-Йоркт нээгдэх Шүүх хурал дээр гаргаж ирж таарна. Мадурогийн далдаас удирддаг Венесуэлын Картелынхан хар тамхины мафийнхантай сүлбэлдэн Америкийн хилээр хууль бус хар тамхи их хэмжээгээр оруулж үр дүнд нь Америк орон “мансуурагч” орон болох шахжээ.


Олон мянган америк хүн үүнээс болж үхэж байна. Гэмт хэрэг, үүний дотор онц ноцтой хэргийн тоо жилээс жилд өсч олон мянган хүний аж амьдрал, эрүүл мэндийг сүйтгэж байна. Үүнээс илүү хорлол гэж байх уу?


Өөр нэг том шалтгаан нь Уго Чавесын засаглалын үед (1999–2013) тэрбээр “эх оронч” уриагаар халхалж байгаад гадаадын хөрөнгө оруулалтыг, ялангуяа газрын тос, уул уурхай, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, банк санхүү зэрэг стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтыг эрс бууруулж, заримыг нь дээрэмдэж, эцэст нь хөөн гаргасан юм. Үүн дотор Венесуэлд хуулийн дагуу ажиллаж байсан Америкийн болон гадаадын компаниудыг Чавес улсын мэдэлд авчээ.


Олон тохиолдолд Венесуэлын Засгийн газар нөхөн төлбөрийг хойшлуулсан, маргаантай, эсвэл зах зээлийн үнээс доогуур үнээр олгож тэднийг олон тэрбум доллараар хохироосон зэргээс шалтгаалан олон улсад том том маргаан дэгдэх нь тэр. 


Жишээлбэл, Америкийн ExxonMobil, ConocoPhillips Венесуэлыг Олон Улсын Арбитрын Шүүхэд өгсөн. Олон улсад том маргаан дэгдмэгц нь АНУ-ын империализмын эсрэг тэмцэгч болж тодроод Орос, Хятад, Ираныг түшээд авсан. Тэр гуравт амлаж болох бүхнийг амласан. Чавес Ерөнхийлөгч байхдаа Лондонд хадгалагдаж байсан 11 тэрбум ам.долларын үнэ бүхий Венесуэлын алтыг 2011 оны 11 дүгээр сард эх орондоо татаж авсан. 2013 онд Засгийн газар төрийн өмчит компаниудын цоорхой шанаганууд руу тэр их мөнгийг цутгачихсан. Өнөөх нь авилгын замаар ороод дашийн шог болсон доо. Түүнээс ард түмэд нь ногдсон нь өчүүхэн.

 

Чавесын засаглалын төгсгөлд гадаадын шууд хөрөнгө оруулалт уналтад орж Венесуэл улсын газрын тосны орлого Хятад, Орос хоёр улсаас ихэвчлэн хамаарах болжээ. Николас Мадурогийн үед эдгээр чиг хандлага улам хүчтэй болохын хирээр 2010-аад ондоо багтаад гадаадын бараг нийт хөрөнгө оруулагчид зугтахад хүргэсэн.

 

Ингээд 2014-2025 онд Америк болон бусад улсуудын ээлж дараалан авсан эдийн засгийн олон хоригт орсон Венесуэл улс сөхрөн уналаа. Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй, дэлхийн тэргүүлэгч экспортлогчдын нэг байсан, ард олон нь хангалуун амьдралтай, баян тансаг байсан ба байж болох бүрэн боломжтой энэ улс өнөөдөр хэт инфляц, эд бараа эмний хомсдол, ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, өвчлөл, хүүхдийн эндэгдэл маш өндөр, хоол тэжээлийн дутагдал, байгаль орчны асуудал, ноцтой гэмт хэрэг, нийгмийг хамарсан авлигад автсан улны орон болж хувирчээ. 

 

Өнөөдөр ядарч зовсон венесуэлчууд азаар энэ хорт удирдагчаасаа Америкийн ачаар чөлөөлөгдөж байна. Мөд 10 хүрэхгүй жилийн дараа хөл дээрээ босоод ирэх буй заа.

 

Монголчууд аа, эрхэм хайрт ояа, мояанууд аа! Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргая гэдэг хуурамч “эх орончид”-ын үг үйлдэлд битгий итгэж байгаарай. Тэдний үгээр явбал Монгол маань яг энэ Венесуэлын замаар орно шүү. Эх орноо бодоорой хэмээн уриалж байна. 

 

 

Тодын Отгонбаяр (Лондон зураач)                                            

2026.01.05