Иранд өрнөж буй эсэргүүцлийн ажиллагааны явцад амиа алдсан хүмүүсийн тоо өссөөр байгаа энэ үед Европын Холбоо ба Их Британийн эрх баригчид Техраны эсрэг дахин шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
“Амиа алдсан хүмүүсийн өссөөр байгаа нь үнэхээр аймшигтай. Хэтэрхий их хүч хэрэглэж, эрх чөлөөг хязгаарласаар буйг би эрс зэмлэн буруушааж байна” гэж Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Хүний эрхийг зөрчиж буй Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын эсрэг хориг арга хэмжээг хэдийн авсан гэдгийг тэрбээр мөн дурдсан байна. ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Калластай нягт хамтран ажиллаж, эсэргүүцлийг хэрцгийгээр нухчин дарж буй этгээдүүдэд тавих хоригийг удахгүй танилцуулна хэмээн фон дер Ляйен хэлээд “эрх чөлөөний төлөө эрэлхэгээр тэмцэж буй Ираны ард түмэнтэй бид эв санааны нэгдэлтэй байна” гэж мэдэгдлээ.
Өчигдөр буюу мягмар гарагт Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер мэдэгдэхдээ, тус улсын хууль тогтоогчид Техраны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгааг дурдсан байна. Эдгээр хориг нь санхүү, эрчим хүч, тээвэр болон аж үйлдвэрийн чухал салбаруудыг хамрах ажээ.
“Дэлхий даяараа Иранд болж буй үйл явдлыг ажиглаж байна, Их Британи улс цаашдаа харгислал үйлдэж буй дэглэмийг зэмлэн буруушааж, манай улсын эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авах болно” гэж сайд мэдэгдлээ. Мөн өдөр Их Британийн ГХЯ-наас Лондонд суугаа Ираны элчин сайдыг дуудан ирүүлжээ. Түүнчлэн Герман, Франц, Италийн Гадаад хэргийн сайд нар болох Йоханн Вадефуль, Жан-Ноэл Барро, Антонио Таяни нар Ираны элчин сайдуудыг дуудан ирүүлсэн байна.
Б.Адъяахүү
Лхагва - 01 сарын 14,
2026

Сэтгэгдэл3
Оросыг шүтэгч ояануудын минь бас нэг шүтээн улс балрах нт. . Одоо яанаа, Хойд Со гайгүй байгаа.
Чиний шүтээн Хятад барууны хоригт дайны хөлд сүйрэх болно.
ЕХ гэж дарангуйлагч байгууллага өөрсдийнхөө дарангуйллыг байх л зүйл гэж үздэг. Бусдын яг өөрсдийнх нь шиг үйлдлийг "дарангуйлал" гэж орилдог хөгийн байгууллага бна. Тэд бусад орнуудад ноёрхлоо хадгалахын тулд ард олныг зарим хэсгийг нь хахуульдаж өөртөө элсүүлэх замаар бодлог оо хэрэгжүүлдэг. Тэр төлөөлөгч болсон новшнуудтай нь тухайн орны засаг төрөөс тооцоо хийхэд "ард олноо дарангуйлж бна" гэж орилцгоодог. Нэг ийм хэв маяг тогтоод удаж бна. Уншдаг, судалдаг нь ойлгодог, хар масс нь ойлгодоггүй засаг захиргаагаа буруутгадаг. .. Либералуудын тахин шүтээд байдаг АНУ-г хар. Венесуэльд өөрсдийн дэглэмийг хүчээр тогтоож, одоо Гренландыг "ямарч аргаар хамаагүй мэдэлдээ авна" гээд орилж бна. Энэ тэгээд хүний эрх үү? Венесуэл, Гренландын ард олны эрх зөрчигдөх гүй байгаа хэрэг үү либералууд аа.