Дэлхий дээр одоо зургаан мянга орчим хэл аялга байдаг ч долоо хоногт нэг нь устаж алга болж байна. Жижиг овог отгийн хэл хүний цөөн, өөр соёлын довтолгооноос болж үгүй болж байгаа. Папуа Гвинейд гэхэд биенээ үл ойлгох есөн зуу гаруй хэл байдаг гэнэ. Зарим хэлээр нь ердөө зуугаадхан хүн ярина. Иргэншихийн хэрээр хүүхэд залуучууд нь сургууль ном хөөцөлдсөөр хэлийг нь залгамжлах эзэнгүй болно. Ийм явдал өдгөө Бразилын ширэнгэ, Сибирь, Канадын тайга, Африкийн савана, Хойд мөсөн далайн эргээр амьдрах овог отгийн дунд элбэг болж буй үзэгдэл.
Хүн хэлтэй болсон хэдэн арван мянган жилд байнга л тохиолдож байсан зүйл. Одоохондоо Зүүн хойд Ази буюу Сибириэс зүүн тийш оршин суугчид дал орчим янзын хэлээр ярьж байна.
Судлаачдын хэлж байгаагаар ойрын тавь жаран жилийн дараа япон, солонгос, хятад, орос, монгол гэсэн таван хэл үлдэж бусад нь мөхөх гэнэ. 2000 оны тооллогоор манж эх хэлтэй 100 орчим хүн бүртгэгдсэн нь бүгд наяас дээш настай байж. Одоо тэд бараг бүгдээрээ үхээд дуусаа биз. Ийм хувь заяаг эвэнк, эвен, тунгус, хамниган, чукот зэрэг олон хэл хүлээж байгаа ба араас нь буриад, тува, алтай зэрэг хэл ч орно. Эмгэнэл гэхээсээ түүхийн процесс юм биш үү? Жар орчим хэлийг цаашид тогтвортой оршсоор байх болно гэж эрдэмтэд тооцоолдог, үүнд нь монгол хэл лавтай орно. Богино хугацаанд баяжиж, орчин үетэйгээ хөл нийлүүлж, шинэ нэршил олноор нь үүсгэж, шинжлэх ухаан техник технологийн үг хэлцээр зузаарч байгаа хэл бол монгол. Бээжингийн олимпын үеэр Өвөр Монголын телевиз боксын тэмцээн тайлбарлаж байхыг харсан. “Гөвшлөө, дахиад гөвшлөө, урагшаа өлийн гөвшив, унатал нь гөвшлөө” гэх мэтээр ярих юм.
Манай монгол хэлэнд зөвхөн боксын тоглолтын нэршил гэхэд зөндөө. Хажуугийн цохилт, шулуун цохилт, өлгөх, накаут, урд ба хойд гарын цохилт, нагдаав, торгуулийн цохилт, дүрмийн бус гэх мэт.
Урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, техник, технологи, гээд салбар болгонд үй олон монгол нэршил шинээр буй болон өргөн хэрэглэгдэж буй нь нүднээ илэрхий. Аль ч хэл бусад гадаад хэлний нөлөөгөөр баяжин шууд ба дам утгаар гадаад үгийг зээлдэн өөриймшүүлдэг. Энэ нь хэл мөхөж буй хэрэг биш, баяжиж багаа нь тэр. Хуучин монгол хэлэнд түрэг, хятад, төвд, самгард хэлнээс маш олон нэршил орж ирсэн бол өнөө үед англи, орос, герег, солонгос, франц, герман хэлний зээлдмэл нэрс ихээр түрж байгаа. Хоол ундны нэршилд хятад үг маш их байхад, газар усны нэр голдуу түрэг гаралтай байх жишээтэй. Шүдний эмчийн хэрэглэдэг олон багаж бий. Үүнийг шүдний эмч нар л таньж хоорондоо тэр нэршлээ хэрэглэдэг. Бусад хүн тэр болгон мэдэхгүй. Мэдээж ихэнх нэршил нь орос, англи гаралтай. Гэхдээ энэ бол нутагшсан мэргэжлийн хэллэг.
Онгоцны нисгэгчийн өмнөх самбарт зөндөө заалтуур хөдөлгүүр, хэмжүүр, татуурга байдаг нь зөвхөн тэд л ойлголцож хоорондоо хэрэглэх гадаад угшилтай үг байгаа ч энэ нь мөн л нутагшсан монгол нэр томьёо.
Диспичэр салаа утгатай үг хэрэглэснээс болж 1978 онд Канарын арлын буудалд хоёр том онгоц газар дээр мөргөлдөн мянга гаруй хүн осолдож байсан. Тодорхой үг, нэршил, хэлц нь ямар ч зөрөөгүй яг тодорхой зүйл, үйлдлийг нэрлэж байх нь өдгөө маш чухал болж байна. Мэс заслыг алсаас телевизээр удирдан хийлгэх болж. Энд нэршил үйлдлийн буруу ойлголцол гарах л юм бол хүний аминд хүрэх болно. Автын осол болж машин мөргөлдөхөд юун түрүүн цагдаа ирж эхний байдлыг зураглан тайлан бичнэ. Хэзээ хойно шинжээч тайланд үндэслэн дүгнэлт гаргана. Эцэст нь энэ дүгнэлт шүүхийн шийдвэрт шууд нөлөөлнө. Энд машины эд ангиас авхуулаад үйлдэл процессын зөрөөтэй ойлголт бүр эсрэг дүгнэлтэд хүрч, шүүхийн шийдвэрт нөлөөлнө. Манайд ийм явдал элбэг тохиолддогийг нэг мэргэжилтэн ярьж байсан. Хүмүүс эх хэлээрээ ярихдаа дунджаар 15 мянга орчим үг хэрэглэдэг гэнэ. Англи хэл бүртгэгдсэн нэг сая үгтэй ч дундаж англи хүн 15 мянгаараа л ярина. Манай сонин хэвлэл хэдхэн мянган үг хэрэглэдэг ядуулаг боловч хүмүүс хэрэглэдэг 15 мянгыгаа л ашиглана. Англи хэлний сая үг гээд байгаагийн илэрхий дийлэнх нь нэршил. Тэд бүртгэлдээ “зуд” гэсэн монгол үг ойрмогхон авсан ба үүнийгээ “цас ихээр орж нүүдлийн мал аж ахуй идэш тэжээлээр дутагдан гамшиг болох” гэж тайлбарлажээ. Герман – англи их толь зохиосон нь хоёр хэлний хамгийн том нь. 800 мянган үгтэй. Ингээд герман үгийн нөөц дуусаж, англи хэл цаана нь 200 мянган үгтэй үлджээ.
Манай хилээр 50-60 мянган нэр төрлийн бараа орж ирдэг ч нэршлийг нь цаанаасаа англиар тавьсан байдаг. Хятадаас орж ирэх бараа хүртэл англи дуудлагаар ханзаар бичих аж.
Шинжлэх ухаан, технологи, зах зээл, эрхзүй ингэж хурдан хөгжиж байгаа үед түүнээ дагаад нэршил өдөр тутам олноороо мэндэлж байна. Манайд 1950-аад оноос Нэр томъёоны улсын комисс ажиллаж 120 орчим мянган үг нэршил бүртгэж хэд хэдэн товхимол болгон гаргажээ. Эндээс олон нэршил нийтэд хүлээн авагдсанаас гадна мөн маш олон нь монгол хэлэнд орж нэвтрээгүй. Хэл шинжээчид уг нь хүмүүс тухайн зүйл болон үйлдлийг юу гэж нэрлэж, хэрхэн ярьж байгааг судалдаг атал манай олон эрдэмтэн хүмүүст яаж ярихыг нь заах гээд байдаг. Иймээс ч бидний өдөр тутамдаа хэрэглэж заншсан “пилээтэг” гэдэг үг аль ч толинд, аль ч бүртгэлд огт үгүй. “Цахилгаан тулга”, “хоовон” гэх мэтээр янз бүрийн нэр тулгасан боловч пилээтэг пилээтэгээрээ л үлдсэн. Нэпко хэвлэлийн газраасхэдэн жилийн өмнө 20 мянган нэршил агуулсан “Зурагт англи/монгол толь” зохиосон ба үүнийхээ дараа солонгос, хятад, орос, англитай хавсруулсан “Таван хэлний толь” зохиож нийтийн хэрэгцээнд гаргасан. Зөвхөн бажиинк гэхэд л үдээс, ул, хэл, өсгий гэх мэт хорь гаруй нэршил агуулдаг аж.
Ориг монгол ийм олон үг нэршил байхгүй л дээ, гэхдээ бидний хэрэглэж буй мэргэжил бүрийн нэршлийг цуглуулахад ийм тоонд хүрч байна.
Хэл бол үргэлж хувьсаж, хөгжиж, өөрчлөгдөж байдаг бараг л “амьд организм”. Кирил цагаан толгойг халх аман аялагад тулгуурлаж зохиосон боловч 60 жил өнгөрөхөд бичгийн, аман, хүүхдийн, уран зохиолын, албаны тэр байтугай мэссэж гар утасны хэл гэж салж байна. Энэ бол хараагаад загнаад байх юм огт биш, хэлний бодит хөгжил. Өдөр тутамд өч төчнөөн шинэ үг нэршил орж ирэхийн сацуу мөн олон үг үгсийн сангаас хуучран хасагддаг. Хэдэн мянган жил маргалдсан философичдын зөрчлийн цаад ёзоор чухамдаа хэлэнд байна, юмсыг нэрлээд дараа нь өөр өөрөөр ойлгодгоос болдог гэж ХХ зууны хамгийн аугаа философич Виткэнштайн үздэг. Хэл бол философи юм. Гадаад үг нэршил алив хэлэнд нэвтрэн нийтэд хүлээн авагдах нь ердөө ч гамшиг биш. Харин хэлээр дамжин харь логик орж ирэх нь хэлний үг өгүүлбэр, найруулга, логикийн гутаадаг. Хэл болгон өөрийн логиктой. Үүнийг этнолингивистик, социолингивистик зэрэг ухаан судалдаг.
Бид “бороо орж байна” гэж ярьдаг нь тооноор ороод ирдэгтэй холбоотой болов уу. Оросууд болохоор “бороо явж байна” гэдэг нь цонхоор тэгэж харагддаг байх. Гэтэл вьетнамчууд “бороо урсаж байна” гэдэг нь үерээс сэргийлсэн өндөр хөлтэй байшингийнх нь доогуур урсаж буй нь шалны зайгаар харагддагаас болдог гэлцэх.
Орос хэлэнд “чёрт” гэх хараал бий, үүнийгээ бачимдсан үедээ олон давтан хэлнэ. Үгчилбэл чөтгөр гэсэн үг л дээ, гэхдээ монголоор чөтгөр гэж сэргэлэн зальтай овжин хүнийг хэлдэг. “Цусаар тээгэл”, “еэ балраа”, эсвэл буриадууд шиг “халдагаа!”, говийнхон шиг “яадаг муу гурил вэ”, өвөрхангайхан шиг “чулч”, “хүүдий”, “булдруу” эсвэл бүр Говь-алтайнхан шиг “еэ күүрээ!” гэж болно шүү дээ. Монгол хэл хараал уулгалаар л дутав гэж. Үг, нэршил заавал логиктой таарч байх албагүй. Хүмүүс тухайн нэршлийг ямар утгаар хүлээн авч тогтсон нь л чухал. Тухайн үгийн гарал харь ч байж болно, зохиомол байж ч болно, ярилцах хүрээ л хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Хэл болгон тухайн үндэстний сэтгэлгээний өвөрмөцийг илэрхийлдэг.
Баабар 2026.06.28
Даваа - 06 сарын 29,
2026
