sonin.mn

Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл /ТУХН/ дэх Молдова улсын гишүүнчлэлийг тодорхойлж буй суурь гурван хэлэлцээрийг хүчингүй болгох үйл явц тус улсад эхэлсэн байна.


Энэ тухай Молдовагийн Гадаад хэргийн сайд Михай Попшой мэдэгдэхдээ, эдгээр хэлэлцээрийн үйлчлэл зогссоноор тус улс ТУХН-ийн бүрэлдэхүүнээс албан ёсоор гарах бөгөөд де-факто бодит байдал дээр гишүүнчлэл хэдийн цуцлагдсан гэжээ.  


Дээрх гурван хэлэлцээр бол 1993 оны нэгдүгээр сарын 22-нд Минскт гарын үсэг зурсан ТУХН-ийн Дүрэм, ТУХН-ийг байгуулах тухай 1991 оны 12 дугаар сарын 8-ны хэлэлцээр, 1991 оны 12 дугаар сарын 22-нд баталсан уг хэлэлцээрийн хавсралт юм. Сайдын хэлснээр, хүчингүй болгох ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хоёрдугаар сарын дундуур засгийн газраас хамаарах үйл явц дуусаж, парламентын хаврын чуулган дөнгөж эхэлмэгц холбогдох баримт бичгүүдийг хэлэлцэх ажээ.


ТУХН-тэй холбоотой гэрээнүүдийг хүчингүй болгох нь тус улсын Европ руу чиглэсэн бодлого, чиг баримжааг бэхжүүлэхэд чухал алхам болно гэдгийг М.Попшой онцлон тэмдэглэлээ.


Түүний дурдсанаар, Молдова улс ТУХН-тэй 283 гэрээ хэлэлцээр байгуулснаас 71-ийг нь хүчингүй болгож, 60-ыг нь цуцлах үйл явц үргэлжилж байна. Ингэхдээ хэрвээ Европ руу чиглэсэн бодлогод харшлахгүй бол тус улсын иргэдэд эдийн засгийн өгөөжийг авчрах, практик ач холбогдол бүхий тохиролцоонуудаас татгалзахгүй гэдгийг сайд тэмдэглэн хэлсэн байна. 


Б.Адъяахүү