sonin.mn

КУАЛА-ЛУМПУР, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Reuters/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН) цэргийнхний удирдаж буй Мьянмар улсад явагдаж байгаа гурван үе шаттай сонгуульд ажиглагчдаа илгээхгүй, сонгуулийн дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй гэж Малайзын Гадаад хэргийн сайд өнөөдөр мэдэгдлээ.  


2021 онд цэргийнхэн төрийн эргэлт хийж, иргэний засгийн газрыг унагаснаас хойш Мьянмарт зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.


Өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн сонгууль нь НҮБ, Барууны орнууд, хүний эрхийн байгууллагуудын зүгээс шүүмжлэлд өртсөн бөгөөд цэргийн дэглэмийг хууль ёсны мэт харагдуулах арга гэж дэлхийн олон нийт үзэж байна. Харин цэргийн засаглал үүнийг няцааж байгаа юм. Энэ сарын эхээр болсон санал хураалтын хоёр дахь шатанд сонгогчдын ирц хангалтгүй байжээ. Цэргийнхэнтэй холбоотой “Холбооны эв нэгдэл, хөгжил” нам доод танхимын суудлын 88 хувийг авч, одоогоор тэргүүлж байна.


Өнгөрсөн онд Куала Лумпурт болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр Мьянмарын тал сонгуульд ажиглагчдаа илгээх хүсэлт гаргасан боловч уг саналыг хүлээн авахаас татгалзсан гэж М.Хасан парламентад үг хэлэхдээ мэдэгджээ. Харин зарим гишүүн орон өөрсдийн шийдвэрээр ажиглагч илгээхээр болсон байна. 


“Бид ажиглагчдаа илгээхгүй, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн” хэмээн тэрбээр Мьянмарын сонгуулийн талаарх байр суурийнх нь талаар парламентын гишүүний асуултад хариулахдаа мэдэгджээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг