sonin.mn

Түүхийг судлахад 1.улс төржүүлэхгүй байх, 2.эдүгээчлэхгүй байх, 3.гуйвуулахгүй байх, 4.үгүйсгэхгүй байх гэсэн үндсэн, маш чухал зарчмууд байдаг. Дахин хэлэхэд, өнгөрсөн түүхийг улс төржүүлэхгүй байх, өнөөдөртэй холбон эдүгээчлэхгүй байх, түүхийн үнэнийг гуйвуулахгүй байх, бодит түүхийг үгүйсгэхгүй байх. Түүх түүхээрээ л үлддэг. Харин түүх бичлэг нь үнэн зөв байх ёстой. Гэхдээ түүхийг бичихдээ зориудаар, өөр эрх ашгийн үүднээс, өөрсдөдөө ашигтайгаар улс төржүүлдэг, эдүгээчилдэг, гуйвуулдаг, үгүйсгэдэг явдал байдаг.


Өнөөдөр бид ийм жишээг эргэн тойрноосоо, хол ойроос өчнөөнийг харах боллоо. Монголын түүхийг өөрийн болгох гэсэн хол ойрын янз бүрийн улс, этгээдийн илтэд хандлага маш их гарч байна.


“Монголчууд Ази-Европыг эзлээгүй... Татар бол монгол биш... Чингис хаан монгол биш, Чингис хаан орос, хасаг, киргиз, хятад, солонгос, япон, европ хүн байсан... Чингис хаан дэлхийн хүн, тийм учраас гаднын хүссэн нь өмчилж л байг,... Хүннүчүүд Монголын өвөг дээдэс биш, Шивэй монгол, Хамаг монголчууд Монголыг төлөөлөхгүй, Чингис хаан халх хүн биш,... Юань улс Их Монгол Улсын оргил үе байсан, Хубилай хаан шинэчлэгч агуу их хаан... гэх мэт түүхэн үнэнээс өөр хачин жигтэй үг яриа гарах боллоо. “Халх” гэдэг нэр хамгийн анх 1014 онд Хятадын “Ляо улсын судар”-т тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхдээ Халх голын нэрээр гардаг. Хожмоо, 13-р зуунаас хойш, Чингис хаанаас хамаагүй хойно ястны нэрийдэл болсон. Халх гол хаана байдаг билээ, тэнд ямар ямар овог аймаг оршин амьдарч байсан билээ? гээд хөөгөөд үзвэл харинч Чингис хаан хамгийн их халх хүн байсан байж таарна. 7-р зууны үед Хянганы уулс, Эргүнэ мөрний саваар нутаглаж асан шивэй монголчууд тэр нутгаасаа нүүдэллэн гарч Хөлөн нуур, Буйр нуур, Халх голыг тойрсон их тал нутагт ирж суурьшсан. Тэгэхэд тэнд хонгирад, олхонууд, татар, горлос гээд өөр олон монгол аймаг нутаглаж байсан. Улмаар шивэй аймгийн тэргүүн Бөртэ Чоно, Гоо Марал хоёр дахин нүүдэллэж Бурхан халдун хэмээх Хэнтийн уулс, Онон мөрний эхэнд ирж нутагласнаар, 10-р зууны үед Хамаг Монгол гэгдэх болсон. Тэгэхэд Монгол нутагт Хэрэйд, Найман, Мэргид гээд бусад монгол аймгууд нутаглаж л байсан, тэдэнтэйгээ нийлэн зэрэгцэн орших болсон л юм шүү дээ.


Хубилай хаан монгол хүн, Монголын их хаан байсаан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Харин түүний, Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бид үнэн зөвөөр нь, сайнтай муутай нь түүхийн манан дундаас уудлан гаргаж ирж, үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна.


Ингэж хэлэхээс өөр аргагүй. Учир нь өнгөрсөн 2025 онд Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ой тохиож, шинжлэх ухааны болон түүх судлалын байгууллагууд хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал хийж, Монголын Юань улс, Хубилай хааны түүхээр өргөн хэлэлцлээ. Монголын Юань улс бол Их Монгол улсын оргил үе байсан, Юань улс Хятадыг ихэд хөгжүүлсэн, Хятадын соёлыг ихэд цэцэглүүлсэн, монголчууд Хятадын өнөөгийн засаг захиргааны бүтцийг бий болгосон, Торгоны замыг хөгжүүлсэн, далайн харилцааг хөгжүүлсэн... гэж л их ярьлаа. Харин уугуул Монгол орноо хэрхэн хөгжүүлсэн тухай, Монголын нийгэм, соёлыг хэрхэн урагшлуулсан тухай, Монгол үндэстнийг хэрхэн жаргаасан тухай, ер нь Монголын түүхэнд ямар гавьяа байгуулсан, эсвэл ямар гай тарьсан тухай нь, ерөөс Монголын түүхэнд ямар ямар огцом эргэлтүүд хийсэн, өвөг эцгийнхээ байгуулсан дэлхийн эзэнт гүрнийг хэрхэн задралд хүргэсэн, их гүрний нийслэлийг, үүнийг дагаад их гүрний улс төр, эдийн засаг, соёлын төвийг харьд шилжүүлснээр ямар ямар уршиг дагавар үүдсэн тухай нь, Хархорум нийслэл орхигдож, Монгол орон бөглүү хаагдмал зах хязгаар болсон, монголын дийлэнх ард иргэд ядуурал, өлсгөлөн, гуйранчлалд автан зууныг элээх болсон тухай огт яригдсангүй ээ. Хубилай хааныг өнөөдөр бид шүүхгүй. Харин түүний гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр нь гаргаж ирэх ёстой. Юань улсыг ч гэсэн. Өмнөх үеийн Монголын ахмад түүхчид үүнд арай өөрөөр хандаж, өөрөөр үзэж дүгнэж, түүнд нь үндэслэсэн Монголын төр засгийн бодлого, байр суурь, түүхийг үзэх үзэл санаа, үзэл баримтлал, түүнд нь тулгуурласан ард түмний ойлголт, мэдлэг өөр байсан. Харин өнөөдөр тэр ой санамж алдагдаж, мартагдаж байгаа юм байна. Нэгэнт тогтсон Монголын түүхийг үгүйсгэж, түүнийг засварлаж, түүх бичлэгийг өөрөөр бичих гэж оролдох болж.


Манай нэрт түүхч ак.Ч.Далай “Монголын түүх 1260-1368 он” бүтээлийнхээ өмнөтгөлд бичсэн дүгнэлт өнөө ч үнэ цэнээ алдаагүй байгааг энд эш татья: “...Үүний урьд түүхчид Юань гүрний үеийн Монголын түүхийн талаар хоёр гол буруу хандлага баримталж байсан. Үүний нэг нь “Юань гүрэн” гэдэг нэрийн дор Хятадын түүхийг голчлон бичдэг. Нөгөө нь Юань гүрний үеийн Монголын түүхийг анхаарахдаа голчлон Монголын хаад язгууртны шастир, тэдний байлдан дагуулал, дотоод хямрал руу хандсан байдаг...” Дээрх үзэл хандлагыг монголчууд бид өөрсдөө гаргаж, оройлон зүтгэцгээх болсны сүүлийн тод жишээ нь “Манжийн ноёрхол Монголд байгаагүй” гэж оны өмнөхөн төрийн түшээдийн ярьсан яриа боллоо. Түүнээс өмнөхөн ч бас ийм үг цухалзахыг би сонсоод гайхаж байсан. Ингээд бодоход бид өөрсдөө түүхийг засварлаж байгаа юм байна, өнгөрсөн түүхээ, өвөг дээдсийн туулсан мянга мянганы эрин үеийн тухай үзэл, ойлголтоо өөрчилж байгаа юм байна гэж ойлгогдох боллоо.


Уг нь эх түүхэндээ хандах үндэстний үзэл санаа, төр засгийн бодлого, мэргэжлийн байгууллага, түүхчдийн байр суурь, ард иргэдийн эрхэмлэн дээдлэх мэдлэг, бахархал гэж байдагсан.


Мэргэжлийн биш хүмүүсийн, сонирхон судлаач, нийтлэлчдийн өөрт төрсөн ийм гаж этгээд үзэл бодол, “өөрөөр сэтгэсэн” хоосон цэцэрхэл нь албан ёсны түүх бичлэг болж чадахгүй ч, маш хортой, хэтийн их урхагтай гэдгийг хэлэх ёстой. Учир нь тэднийг хүмүүс их уншдаг. Янз бүрийн мэргэжил, боловсролтой хүмүүс тийм юм уншаад шууд хүлээж авдаг, яг тийм юм шиг итгэчихдэг. Ингээд л хар массын хуурмаг ой санамж бий болно, өмнөх үеийн тогтсон бодит зөв ой санамж арчигдана... Тэр нэвтрүүлэгт ноцтой хоёр зүйл байна. Нэгдүгээрт, уг ярилцлагад улсын маань Ерөнхий сайд сууж байна. Тэгэхлээр Д.Бум-Очирын илэрхийлсэн энэ үг яриа Монгол Улсын төр засгийн албан ёсны байр суурь, шинэлэг үзэл санаа, түүхээ үзэх төрийн шинэ бодлого гэж ойлгогдоход хүрэх вий. Хоёрдугаарт, тэнд Монголын түүх судлалын гол байгууллага болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч др.П.Дэлгэржаргал оролцсон. Тэгэхлээр Д.Бум-Очирын үзэл бодлыг Монголын түүхчид хүлээн зөвшөөрч байгаа юм бол уу? гэж асуухад хүрч байна. 


“Манжууд Монголыг колоничилж байгаагүй, Манжийн дарлал мөлжлөг гэж байгаагүй, харин холбоотон байсан, хамтдаа Хятадыг ноёрхож байсан, Манж дайчин гүрний залгамжлагч нь Хятад биш, Монгол байх ёстой...” гэсэн үг яриа даанч оргүй хоосон сонсогдож байна.


Колони, колоничлол гэдэг гадаад нэр томьёо дэлхийд сүүлд бий болсон, Монголд бүр сүүлд орж ирсэн. Манжийн ноёрхлын тэр цаг үед монгол үг, монгол нэр томьёо л хэрэглэж байсан. Тэглээ гээд монголчууд Манжийн эрхшээл ноёрхол дор байгаагүй юм биш ээ. Үгэнд хууртаж, нэр томьёонд төөрөлдөөд байгаа нь инээдтэй, бас эмгэнэлтэй. “Манжийн колоничлол, Манжийн вассал, Манжийн дарлал, Манжийн түрэмгийлэл, Манжийн ноёрхол, Манжийн эрхшээл,...” гэсэн энэ олон үг хэллэг, нэр томьёотой зууралдаад, алинаар нь нэрлэх талаар цэцэрхээд байна. Манж нар Монголд хэдэн зууны туршид юу хийж, Монгол үндэстэн, Монгол оронд ямар ул мөр, ямар түүх үлдээснийг өнөөдөр бид мэдэхээ байчихаа юу? Өвөг дээдсийн үлдээсэн ой санамжийг мартчихаа юу? Манжийн ноёрхлыг колоничлол биш гээд юу өөрчлөгдөх юм? Хэдэн зуун жилээр нийгмийн хөгжлийг зогсоосон тэр түүхэн бодит байдал өөрчлөгдчих үү? Баруун Монголд үйлдсэн асар их хядлага геноцид байхгүй болчих юм уу? Колоничлол гэдэг үг цаг үеэ дагаад улс төр, олон улсын харилцаа, шинжлэх ухаан, түүх судлалд сүүлд хожуу бий болсон л нэр томьёо шүү дээ. Тэгж ярьвал, бүр өмнөх 13-14-р зууны үеийн Хятад дахь Монголын ноёрхлыг хятадаар “колоничлол” гэдэг юм шүү дээ. Яг ийм нэр томьёо хэрэглэдэг. Тийм ээ, аливаа харийн эзлэн түрэмгийлэл, ноёрхол угаасаа сайн сайхан юм биш, харийнхан өөр улс үндэстнийг эзлэн ноёрхохдоо тэр ард түмэнд зөвхөн дарангуйлал, харгислал, хядлага, эд баялгийг нь булаан цөлмөсөн сөрөг үйл, муу муухайн үлгэр жишээ л үлдээсэн байдаг.


“Чингис хаан, түүний монголчууд Хятадад цуст түрэмгийлэл үйлдэж, колоничилсныг бид мартвал 1930-40-өөд онд Хятадад үйлдсэн Японы аймшигт хядлагыг үгүйсгэсэнтэй адил болно” гэж хятад хүн үздэг.


Хятад хүн найман зууны тэртээхийг мартаагүй байхад монголчууд нэг зуун жилийн өмнөх зовлон гаслангаа мартаж байна... Хүн төрөлхтний түүхнээ “Монголын зуун”, “Монголын амар амгалан” гэгдсэн жаргалтай сайхан цаг үе байсан гэж бид бичээд байдаг тэр 13-14-р зууныг тухайн цаг үеийн эзлэгдсэн улс, үндэстний бичээч сударчдын асар их хорсол заналтайгаар бичиж үлдээсэн түүх өнөөг хүртэл үе үеийн хүмүүсийн сэтгэл санаанд гүнзгий хадгалагдаж үлдсэн байдаг. Хэн ч харийн түрэмгийллийг талархан угтдаггүй. Тийм учраас өнгөрсөн түүхийн хэдэн зууны туршид монголчууд бусдад хараалгасаар ирсэн. Хүүхдийг айлгахдаа “Мангас ирлээ, Монгол ирлээ!, Чингис ирлээ, чимээгүй бай!” гэлцдэг байсан гэдэг. Харин өнөөдөр бид л, байхгүй болсон манж үндэстнийг дээдлэн тахиж орой дээрээ залах нь. Манж нар Зүүнгарын хаант улсыг мөхөөж, баруун Монголд асар их хядлага геноцид үйлдсэнийг бид хэзээ ч мартах ёсгүй. Манайхан аллага гээд байгаа. Аллага бол нэг хоёр хүнийг алах утга. Хядлага бол үй олноор нь аймаглан устгахыг хэлнэ. Харгис, хоцрогдсон шарын шашнаар ард түмнийг хүлж, хүн амын өсөлтийг зуун зуунаар зогсоосон уршгийг ч мартах учиргүй. Хүнийг гэр бүл болж үр хүүхэд төрүүлэхийг хориглоно гэдэг хамгийн харгис зүйл.


Уг нь Монголын хүн ам 20-30 сая байх байсан. Оргүй хоосноос мөнгө хүүлж монголчуудыг толгой дараалан, хэдэн үеэр нь өрөнд унаган шулж байсныг одоо жаргал гэх үү? Манжийн Канси хэмээх Энх-Амгалан хаан Галдан бошигтыг дарахаар өөрийн биеэр их цэргээ удирдан 1697 оны хавар Монголд орж ирсэн.


Түүнийг Хэнтий, Дорнод орчимд явж байхад нь Галдан бошигт Алтайд нас барсан. Хор ууж амиа егүүтгэсэн юм. Энэ мэдээг сонсоод Энх-Амгалан хаан баярлаагүй, бас итгээгүй, харинч заналт дайснаа өөрийн гараар дарж чадаагүйдээ ихэд хорсч, ясыг нь авчирч үзүүл гэсэн. Тэгээд Галдан бошигтын ясыг Бээжинд хүлээн авч асар их хорсол заналтайгаар үйрүүлж нунтаглаад агаарт цацан хийсгэж өс хорслоо тайлсан байдаг. 1368 онд Монголын Юань улсын сүүлчийн эзэн хаан Тогоонтөмөр Дайду-Хаанбалгасаас зугтаан гарсны дараа хятадууд шинэ төр байгуулаад “Монголын нүгэлийг шүүж, ял хэлэлцэх” үйл ажиллагаа төлөвлөн бэлдэж байгаад шинэ эзэн хаан Жу Юаньжаны шийдлээр больцгоосон байдаг. Зүйрлэвэл Дэлхийн II дайны төгсгөлд ялсан холбоотон гүрнүүд зохион байгуулж Гитлерийн Германы нүгэлийг хэлэлцэж ял оноосон Нюрнбергийн шүүх хурал шиг юм хийх гэж байсан гэдэг. Гэхдээ хорсол занал дуусаагүй. Хятадад монголчуудын ноёрхсон нэг зуун жил бол “Тэнгэрийн нарыг олж үзээгүй гаслант харанхуй үе байсан” гэж, харин чөлөөлөгдөөд “Гэрэлт нарыг сая олж харлаа” гэлцэж байсан нь цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр арилшгүй үлджээ. Ийм түүх Орост, Европод, Дундад Азид, Араб, Перс дахинд эртнээс байсаар ирсэн. Манж нар ч Монголд ийм л түүх үлдээсэн.


“Чингис хааныг гадныхан өмчилж л байг. Яагаад гэвэл Чингис хаан дэлхийн хүн юм чинь. Бид харамлаад яахав” гэсэн үг яриа сүүлийн үед гарч байна. Өнөөдөртөө Чингис хаан “дэлхийн хүн” болоогүй, Монголын өвөг дээдэс хэвээрээ байгаа, одоохондоо Монголын түүх дэлхийн түүх болоогүй, Монголынх хэвээрээ байгаа.


Тэгж үзэж, тэгж харж байгаа хүмүүсийнхээр бол ирээдүйд тийм болох юм байж, ерөөлөөр болог, тэр цагт Чингис хаан америк хүн байсан, араб хүн байсан, Африкийн хар арьстан байсан гэсэн үзэл ойлголт бий болох нь бас л даяаршил, ардчилал, хүний эрх болох байх л даа. Ийсус Христосыг хар арьстан болгож зурсан явдал гарч л байгаа ертөнц шүү дээ. Харин өнөөдөр Чингис хааныг казах, солонгос, хятад, орос, киргиз, ... гэж эздийлэх нь яаж ч бодсон, хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл байлтай. Ердөө оны өмнөхөн Казахстаны Ерөнхийлөгч Касим Токаев Чингис хааны тухай, Монголын тухай албан ёсны байр сууриа илэрхийлсэн нь үгүйсгэшгүй үнэнийг хүлээн зөвшөөрсөн ухаалаг илэрхийлэл боллоо. “Чингис хаан казах хүн байсан гэж зарлах нь түүхэн үнэнд нийцэхгүй. Чингис хаан бол Монголын хаан бөгөөд Монголын түүхийн нэгэн агуу удирдагч билээ...” Юу үнэн, энэ үнэн. Гэхдээ юу гэнэ вэ? “Зарлах гэж байсан” гэнэ үү? Бүр ийм дээрээ тулаа юу. Ядарсан жижигхэн Монголыг яах нь вэ? Харийнхан үүцийг нь ч ухан хоосолж байна, түүхийг нь ч булаан өмчилж байна, гэвч бид яаж ч чадахгүй, ухуулаад л, булаалгаад л сууж байна...


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын түүхийн 30 ботийг бичихээр түүхчид, судлаачид ажлаа эхэлж буй энэ цаг үед бодит нөхцөл байдал, үзэл ойлголт, уур амьсгал ийм задгай, замбараагүй, хэн дуртай нь санаанд орсноороо цэцэрхэж суугаа нь маш их сөрөг, аюултай уршиг дагавартайг анхааруулахгүй байж болохгүй нь ээ.


Төр засаг нь ч дуугарахгүй байна, түүхчид нь ч чимээгүй байна. Ийм байхад 30 боть түүхийн Манжийн ноёрхолд байсан 200 гаруй жилийн түүхийг яаж бичих болж байна? Колоничлол гэдэг харь үг харшлаад байгаа бол монгол үгээрээ үнэнийг өгүүлэх л байлгүй дээ. Юм үнэнээрээ л байх ёстой. Түүхийг үгүйсгэж, өөрчлөх ёсгүй. Чингис хаан, түүний өвөг дээдэс Есүхэй баатар, Өэлүн эх, түүний үр ач нар Өгөдэй, Бат, Хубилай бүгд монгол хэлээр л ярьдаг байсан болохоос өөр хэлээр, казах, хятад, киргиз, узбек, орос, солонгос хэлээр ярьж байгаагүй. Тэдний амьд сэрүүн байхад нь бичсэн “Монголын нууц товчоон” өөр ямарч хэлээр биш, гагцхүү бидний түүчээлэн авч яваа энэ монгол хэлээр бичигдсэн юм. Монгол үндэстний “Библи” гэгдэх тэр агуу бүтээл дотроос дээрх хэлнүүдийн ганц ч үг эрээд хайгаад олохгүй. Цаг үе өөр болсон. Түүнээ дагаад Монголын нийгэм өөрчлөгдсөн, Монгол хүн ч өөрчлөгдөж байна. Гэхдээ бүх юм өөрчлөгдөх нь үгүй. Түүний нэг нь өнгөрсөн түүх. Зуун зууны тэртээд болж өнгөрсөн түүх өөрчлөгдөхгүй. Түүнийг бичиж тэмдэглэж ирсэн нэгэнт тогтсон түүх бичлэг бий. Харин өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж, түүхээ үгүйсгэж, түүх бичлэгээ баллуурдаж арилгах гэсэн зориудын санаа газар авч байгаад сэтгэл эмзэглэж, дуугарахгүй байж чадсангүй ээ. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байвал сайн сан.




Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар,

2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр.