ДУБАЙ/ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Reuters/. Иран, АНУ-ын төлөөлөгчид Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээг баасан гарагт Туркт дахин эхлүүлэхээр тохиролцсон тухай хоёр орны албаны эх сурвалжууд даваа гарагт мэдээллээ.
АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд Иран руу ойртон очиж байгаа хэмээн мэдэгдэж, хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол “таагүй зүйлс тохиолдож магадгүй” гэж Д.Трамп анхааруулаад буй энэ үед талууд хэлэлцээгээ сэргээхээр тохиролцож байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи нар Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой удаан үргэлжилсэн маргааныг дипломат арга замаар шийдвэрлэх хэлэлцээг үргэлжлүүлэхээр, мөн бүс нутагт шинэ дайн дэгдэх вий гэсэн болгоомжлолыг намжаах зорилгоор Истанбул хотод уулзахаар тохиролцсон байна. Уулзалтад мөн Саудын Араб, Египетийн төлөөлөгчид оролцоно гэж бүс нутгийн нэгэн дипломат эх сурвалж мэдээлжээ.
Өнгөрсөн сард Иранд засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг хүч хэрэглэн дарсан явдлын дараа, мөн АНУ-ын эрх баригчид тус улсын ойролцоо тэнгисийн цэргийн хүчээ зузаатгаж буйтай холбоотойгоор хурцадмал байдал улам даамжраад байна.
Өнгөрсөн сард Иранд 1979 оны хувьсгалаас хойш хамгийн олон хүний амь хохирсон дотоодын үймээн самуун болсон юм. Жагсаал цуглааныг хүч хэрэглэн дарж байх үеэр хөндлөнгөөс оролцоно гэж Д.Трамп мэдэгдэж байсан хэдий ч сүрдүүлгээ хэрэгжүүлэлгүй өнгөрсөн бөгөөд үүнээс хойш цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар буулт хийхийг Ираны талаас шаардаж, тус улсын эрэг рүү тэнгисийн цэргийн флотоо илгээсэн юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, Ираны тал “яриа хэлэлцээг нухацтай хийж эхэлсэн” хэмээн мэдэгдсэн бол Ираны аюулгүй байдлын дээд албан тушаалтан Али Ларижани мэдэгдэхдээ, хэлэлцээ хийх бэлтгэл ажил явагдаж байгаа гэдгийг онцолжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 02 сарын 03,
2026
Сэтгэгдэл1
Муусайн амёрикууд айчихач !