sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 4 /DW/. АНУ, Колумби хоёр улсын хооронд хэдэн сарын турш үргэлжилсэн хурцадмал байдлын дараа Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петротой хийсэн хэлэлцээ нь амжилттай болсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ. 


Цагаан ордны тэргүүн мэдэгдэхдээ, Колумбийн удирдагчтай "маш сайн ойлголцлоо" гэжээ.


Тэрбээр саяхан Петрог АНУ-д кокаин нийлүүлсэн гэж буруутгаж, Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилсан АНУ-ын ажиллагааны дараа түүнд "болгоомжтой байхыг" анхааруулж байсан юм. “Бид маш сайн ойлголцлоо. Би түүнтэй өмнө нь уулзаж байгаагүй, түүнийг огт мэддэггүй байсан хэдий ч бид маш сайн ойлголцлоо” гэж Трамп хэлэлцээ дууссанаас хэдэн цагийн дараа сэтгүүлчдэд мэдэгджээ.


Тэрбээр мөн хэлэхдээ, хоёр улс мансууруулах бодисын наймаатай тэмцэх, мөн Колумбийн удирдагч, түүний гэр бүлийн гишүүд болон тус улсын Дотоод хэргийн сайдад ногдуулсан хориг арга хэмжээг цуцлахын тулд хамтран ажиллаж байна гэдгийг нэмж дурджээ. 


Густаво Петро Колумбийн Caracol радиод ярилцлага өгөхдөө, Дональд Трамптай Венесуэлийн хийг Колумбиар дамжуулан экспортлох боломж, мансууруулах бодисын наймаатай тэмцэх, мөн “Колумби, Эквадор хоёр улсын хооронд үүсээд буй худалдаа, хар тамхитай холбоотой маргааныг” хэлэлцсэн гэжээ. Уг зөрчил маргааныг шийдвэрлэхэд Трамп зуучлахыг зөвшөөрсөн гэж тэрбээр хэлсэн байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг