sonin.mn

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж байна. Та сая явж, иргэд сонгогчидтойгоо уулзаад иржээ. Бүс нутгийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу. Орон нутгийн иргэдийн ахуй амьдрал ямар байна вэ? 


-Оны эхэнд Дорнод аймагтаа ажиллаад ирлээ. УИХ-ын гишүүний ажлын тайлангаа танилцуулж, цаашдын үйл ажиллагаандаа иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор 13 сумын иргэд, Газрын тосны 19, 21 дүгээр талбайн ажилчидтай уулзлаа. Мөн иргэдийнхээ хүсэлтийн дагуу зарим шаардлагатай төрийн байгууллагуудаар орсон. Уулзалтад 1000 орчим иргэн хүрэлцэн ирснээс 140 хүн санал хүсэлтээ хэлж, манай ажлын алба 374 санал, хүсэлтийг бичиж тэмдэглэж авлаа.


Бидний өмнө тулгамдаад байгаа татварын дарамт, төрийн хүнд суртал, тэтгэврийн шинэчлэл, малын түүхий эдийн үйлдвэр байгуулах, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, төр иргэнээ алагчлахгүй байх, шударга байх талаар хаа хаанаа л хөндсөөр байна.


Ирэх хавраас Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдтэйгээ уулзахаар төлөвлөсөн. Бид уулзалтаа нэлээд чөлөөтэй ардчилсан байдлаар зохион байгуулж хугацаа заалгүйгээр иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон. Зарим уулзалт маань 4-5 цаг үргэлжилсэн. Өмнө нь сумын болон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан болохоор сумын асуудлыг, хөдөөгийн асуудлыг, ахуй амьдралын нарийн ширийнийг маш сайн мэднэ. Энэ удаад танилцах гэхээсээ илүү шууд бодлогын шийдэл юу байж болох вэ гэдэг дээр илүү нухацтай бодож, иргэдтэйгээ, орон нутгийн удирдлагуудтай саналаа солилцлоо.


-Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмэх шийдвэр гаргасан шүү дээ. Гэтэл энэ шийдвэр хөрсөн дээрээ буугаагүйг бид сая харлаа. Та ч хөндсөн байсан?


-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс багш, эмч нарын цалинг нэмж олгоно гэж Засгийн газар амласан. Гэтэл яг олгогдохдоо үндсэн цалинг нэмсэн нэртэй бусад урамшууллыг нь хасчихсан.


Тухайлбал, нэг цэцэрлэгийн цалингийн сан өнгөрсөн онд сард 53 сая батлагдаж байсан бол энэ онд 43 сая болсон байгаа юм. Тодруулахаар дээд шатны байгууллага нь төсөвтөө багтаагаад цалингаа тавь гэж чиглэл өгдөг.


Ийм нөхцөлд цалин нэмэгдэх байтугай зарим орон тоогоо хасах, урамшууллаа хасах гэхчлэн ойлгомжгүй байдал үүснэ шүү дээ. Төр иргэдээ ингэж хуурч болохгүй. Төрийн албаны цомхотголын тухайд ч Засгийн газар, УИХ-ыг болон иргэдээ "хуурчихлаа" гэж хэлэхэд буруудахгүй байх. УИХ төрийн албыг цомхотгох тогтоол гаргасан. Гэхдээ сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын тоо нийтээрээ огцом нэмэгдсэнд ажлын байрны зураглал хийж, давхардал хийдэл байгаа газруудад судалгаа, тоо баримтад үндэслэн цомхотгол хийж төрийн албыг мэргэжлийн, чадварлаг, зөв бүтэцтэй болгох тухай Засгийн газарт даалгасан ч Засгийн газар ажлын даалгавраа гүйцэтгэлгүйгээр, үнэндээ маш хойрго хандаж байгууллага бүрт 9 хувийн цомхотгол хийх болгочихлоо. Хөдөө орон нутагт яг анхан шатны нэгж дээр төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байнгын дутуу орон тоотой байдаг.


Угаас дутуу орон тоотой ажилладаг, боловсон хүчнээ хэрхэн бэлдэх вэ, яаж тогтоож авч үлдэх вэ гэх асуудлуудтай өдөр бүр тулдаг хүмүүст дээрээс нь нэмээд цомхотго гэсэн үүрэг чиглэл өгч байгаа юм. Энэ бол байгаа оноогүй шийдвэр.


Олон ажилтантай, эрх ямбатай хэсгээсээ биш угаас дутуу орон тоотой, ажлыг жинхэнэ нугалдаг нэгжүүдээсээ халж байгаа нь маш буруу байна гэж ахин дахин сануулж байна. Миний хувьд бүрэн санал нийлж байгаа болохоор дуугүй өнгөрөхгүй, байр сууриа илэрхийлсээр байх болно. Ер нь төр албан хаагчдынхаа ажлын байр, цалин хангамж, бүтцийн асуудлыг нухацтай судалж сайжруулах шаардлагатай гэж бодож байгаа. Зарим салбарт л гэхэд маш ялгамжтай ханддаг тал ажиглагддаг.


-Тухайлбал аль салбарт ямар асуудал байна?


- Соёлын салбарыг жишээ болгож яръя. Сумдын соёлын төвүүдэд 15 хүний хийх ажлыг 5-12 хүн хийдэг. Өнгөрсөн онд соёлын төвүүдийн төсвийг танасан ч энэ онд дахин багасгасан. Бүр өөрсдийн үйл ажиллагаагаараа олсон орлогыг нь яамнаас татаж аваад зарлагад тооцсон байсан төлбөрүүд нь өр болчихсон тохиолдлууд байна. Зарим сумдад 1970, 80-аад онд баригдсан барилгатай, засвар шинэчлэлгүй хүйтэн орчинд соёлын үйл ажиллагаа явуулж байна.


"Энэ улсад чинь, хөдөөгийн энэ буйдханд өв соёл, урлаг уран сайхан, соён гэгээрэл хэрэгтэй юм уу, үгүй юм уу" гэж тэд гайхаж байна лээ.


2026 онд багш, эмч нарын цалинг нэмнэ гэж амлахдаа соёлын салбараас цалин сан, бусад зардлуудыг хасаад, мөн дутуу орон тоотойгоос ахиад орон тоо хасах шаардлагатай болгож байна гэж тэд хэлж байна. Нэгийнх нь асуудлыг шийдэхдээ нөгөөг нь ингэж хохироож байгаа нь шударга бус шүү дээ. Цалингаа нэмүүлье гэсэнгүй, ажиллаж хөдөлмөрлөсөн хөлсөө л хууль ёсны дагуу бүрэн бүтэн авмаар байна гэж байгаа юм. Энэ талаар холбогдох яамдад асуулга тавьж ажиллана.


-Ер нь бүс нутагт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ. Малчин иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг та хэрхэн харсан бэ?


-Малчин, мал, бэлчээр гуравт чиглэсэн бодлого уялдахгүй байна. Өнгөрсөн хугацаанд төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хэдийгээр хөдөөгийн хөгжил, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид, малчдад чиглэж байсан боловч харилцан уялдаа муутай явж ирсэн учраас үр дүн багатай болсон. Мөн тэд төр оролцсон бүх юмны үнэ буурсан тухай малчид хэлж байна. Махны үнэ, ноолуурын үнэд төр нөлөөлж эхэлснээр зах зээлийн зарчмыг алдагдуулсан. Малчид бол нэг ёсондоо бизнес эрхлэгчид. Бизнес эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүний үнийг төр барьснаар малчдын орлого буурч, хөдөөд үлдэх малчдын тоо цөөрсөөр байна. Малаас хаях юм байхгүй гэж бид ярьдаг байсан ч арьс шир, ноос, гэдэс дотор дайвар бүтээгдэхүүнүүд үнэгүйдсэнээс хаядаг болоод удаж байна.


"Бид төрөөс халамж, гуйлга гуйгаагүй. Бидэнд ажиллаж хөдөлмөрлөөд, хийж бүтээгээд амьдрахад таатай орчин нөхцөл, боломжийг л гаргаад өгчих. Бидэнд үйлдвэр хэрэгтэй байна, бидэнд тоног төхөөрөмж хэрэгтэй байна" гэсэн.


Гэтэл үйлдвэрлэлийг хэн хөгжүүлдэг вэ гэвэл хувийн хэвшил л хөгжүүлнэ. Харин хувийн хэвшлийнхний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд таатай бизнесийн орчныг бүрдүүлэх, татварын бодлого, дэд бүтцийг төр шийдэж, дарамтгүй шахалтгүй ажиллах боломжоор нь хангаж өгөх ёстой. Тиймээс сумдын удирдлагуудтай дэд бүтцийн асуудлаа хөрөнгө оруулалтын ажлуудынхаа дээгүүрт эрэмбэлж, хувийн хэвшлүүдээ дэмжих, сумынхаа орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй талаар ярилцсан. Хөдөөд залуу малчид цөөрч байгаа олон шалтгаан байгаа ч хүүхдийн сургуульд орох нас 6 болсон нь бас нөлөөлж байна гэж малчид ярьж байна лээ. Зургаахан настай хүүхдээ сургуулийн дотуур байранд байлгах хэцүү учраас ээж нь дагаж сумын төв рүү ирнэ, мал дээр эрчүүд, аавууд л үлдэнэ. Залуу хосуудад хол байх хэцүү, гэр бүл салах шалтгаануудын нэг болж байгаа учир хөдөөгийн малчин өрхийн хүүхдүүдийн боловсролын асуудлыг, сургуульд орох насыг эргэн харах, энэ талаар судлаарай гэж захисан.


- Дээр хэлсэнчлэн хувийн хэвшлийг дэмжих ёстой талаар та байнга байр сууриа илэрхийлж байгаа харагддаг. Бид олон жил ярилаа. Шийдэл нь юу вэ?


-Би Монголбанкнаас банкнуудын зээлийн мэдээлэл авсан. Тэгэхэд нийт зээлийн 51 хувийг хэрэглээний зээл, 27 хувийг бизнесийн зээл эзэлж байсан. Энэ бол Монгол Улсад бизнес хийхэд хүндрэлтэй байгааг харуулж байгаа баримт. Хувийн хэвшлийнхэн хөгжье гэхээр нөгөө л нэг олон зөвшөөрөл, төрийн дарамтууд саад болдог.


Төрийн дунд шатны байгууллагуудад авлигын асуудал маш их. Хувийн хэвшлийнхэн үүнийг бараг албан бус татвар болгож байгууллагынхаа зардалд тооцдог болчихлоо шүү дээ.


Тийм учраас зөвшөөрлийн тоо хэмжээг бууруулах, чөлөөлөх санаачилгыг дэмжиж байгаа. Нөгөө талаас шийдэл бол татварын хөнгөлөлт. Хамгийн их ажлын байр нэмэгдүүлдэг хувийн хэвшлийг дэмжихийн тулд хувь хүний орлогын албан татварыг бууруулах хэрэгтэй. Эдгээр шийдлүүд дээр зарим УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад хуулийн төсөл санаачлахаар судалгаагаа хийж байна.


-Бид 2026 оны Төсвийн хуулиа баталж хэрэгжүүлээд удаагүй байна. Ер нь төсвийн бодлогын талаар та ямар байр суурьтай байдаг вэ?


-УИХ-ын гишүүний хувьд хамгийн чухал үүрэг, чухал үйл ажиллагааны нэг нь төсөв батлах байдаг. Төсвийн бодлогын тухай би УИХ-ын гишүүний хувьд анхнаасаа тодорхой байр сууриа илэрхийлсээр ирсэн. Төсвийн бодлого оновчтой байх ёстой.


УИХ-д өргөн барьсан төсвийг нарийвчлан харахаар хасаж тэвчиж болох маш их зардлууд байдаг, өнгөрсөн намар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарын хамт улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр 22 зарчмын зөрүүтэй санал гаргаж хасаж болох зардлуудаас таная гэсэн.


Үүнээс найм нь дэмжигдэж 67 тэрбумын зардлыг хасуулж чадсан. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн чанар муутай, тухайн орон нутгийнхаа хөрсөнд тохироогүй олон ажлууд байна. Жишээлбэл, Дашбалбар сумын нэгдсэн халаалтын уурын зуухны ажил улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ч зүүн бүс нутаг дахь нүүрсний илчлэгт тохироогүй зуух суурилуулсан учраас хангалттай халааж дийлэхгүй. Энэ ажлыг улсын хэмжээнд жишиг зургаар хийсэн байсан. Бид одоо энэ жишиг зураг төсөв гэдэг зүйлээ бас эргэж харах ёстой. Тухайн газар нутаг, тухайн сум орны орчин нөхцөл бүр өөр өөр учраас эдийн засгийн хувьд хамгийн үр өгөөжтэй, хамгийн тохиромжтой шийдлийг сайтар судалж байж хийх хэрэгтэй. Энэ шийдлээ хэн байх мэдэх вэ гэхээр тухайн орон нутгийн удирдлагууд нь. Тийм учраас эрх мэдлийг хэт төвлөрүүлж, бүгдийг улсын төсвийн хөрөнгөөр шийдэж байгаатай миний хувьд эсрэг байр суурьтай байдаг.


Бид орон нутагтаа эрх мэдлийг нь өгч, орон нутаг өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө хамгийн оновчтой байдлаар шийдэх боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтууд яг зөв эрэмбэлэгдэж чадаж байна уу гэдгийг бид нийтээрээ бодох ёстой болжээ.


Зарим аймгийн сумдын бүх төрийн байгууллагууд шинэ тухтай барилга болж, хоорондоо ямар ч эдийн засгийн эргэлтгүй, хөл хөдөлгөөн багатай сумдыг улсын төсвийн өчнөөн тэрбум төгрөгөөр засмал замаар холбож байгаа. Гэтэл Дорнод аймгийн 80 гаран мянган хүн зорчдог, бараа бүтээгдэхүүний эргэлт ихтэй, эдийн засгийн ач холбогдол ихтэй улсын чанартай автозамуудын ажил хэдэн жил удааширсан билээ. Дорнод аймгийн сумдад ашиглах боломжгүй хуучирсан барилгадаа хүйтэн, тухгүй ч боловсрол олгосоор байгаа цэцэрлэг, сургуулиуд олон байна. Хүйтэн орчинд гадуур хувцастайгаа суръя хөгжье гэсэн тэмүүллээр л хүүхдүүд тэсвэрлэн сууж байна. Уулзалтын үеэр энэ талаар маш их санал хүсэлтүүд ирсэн. Иргэд маань бүр цөхөрсөн байна. Тиймээс бид улсын төсөв, аймгийн төсөв, сумын төсвийн хөрөнгөөр юу хийж хэрэгжүүлэх вэ, хаана илүү чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалтууд байна вэ гэдгээ нухацтай бодож шийдэх ёстой.


-Та бол парламентад анх удаа сонгогдсон харьцангуй залуу гишүүн. Намрын чуулганы хугацаанд ямар ажил хийж амжуулав. Ер нь нэг дүгнэлттэй байгаа байх. Тийм үү?


-УИХ-ын гишүүнээр сонгогдсон үеэсээ л боловсрол, эдийн засгийн салбарт түлхүү ажиллаж, Боловсролын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдан ажилласан. Монгол Улс шиг цөөн хүн амтай, иргэд нь оюуны асар их ур чадвартай улсад боловсролын систем хэнийг ч орхилгүй, ижил тэгш хөгжихөд, өөрсдийн авьяас чадвараа нээх боломжоор хангах ёстой. Тиймээс боловсролын салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдэж, засаж сайжруулахад гар бие оролцоно гэдгээ сонгуулийн өмнө амлаж байлаа. Энэ дагуу Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд ажиллаж боловсролын салбарын чиглэлээрх олон ажлын хэсэгт орж ажиллаад байна.


Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэх ажлын хэсэгт орж ажилласны үр дүнд УИХ-ын тогтоол батлагдсан. Ингэснээр Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж, сонгон шалгаруулалт цахимаар, нээлттэй явагддаг болсон.


Мөн хувийн хэвшлүүд илүү чадамжтай, өрсөлдөхүйц болж байж эдийн засаг тогтворжино. Тиймээс эдийн засгаа хөгжүүлье гэвэл хувийн хэвшлийнхнийг дэмжих, төрийн дарамт шахалт, оролцоог хумих шаардлагатай. "Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах", "Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг", "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг" зэрэг хэд хэдэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. УИХ-ын гишүүн болсноосоо хойш Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагуудтай байнгын харилцаа холбоотой, харилцан ойлголцож нэг зүг рүү харж ажиллаж байна. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүн нь нэг зүйл бодчихоод, аймгийн удирдлагууд нэг зүйл бодчихоод харилцан уялдаа холбоогүй, тал талдаа яваад байвал бүс нутгийн хөгжил, аймгийн хөгжил ямар байх вэ гэдгийг бид өнгөрсөн хугацаанд зөндөө харсан. Тиймээс бүх сумдын удирдлагуудтай, аймгийн удирдлагуудтай хөгжлийн төлөвлөгөөг ярилцан, харилцан ойлголцож, ойр ажиллаж байна.


Хаана төрснөөсөө үл хамааран Монгол Улсын иргэн бүр адил тэгш боломж, нөхцөлийг хүртэж амьдрах ёстой гэж боддог учраас хөдөөгийн хөгжил, сумдын хөгжил, аймгийн хөгжлийг хурдлуулах, ахиулахад өөрийн зүгээс чадах бүхнээ зориулна.


Өнгөрсөн хугацаанд бид учир шалтгааныг нь олж илрүүлэхгүйгээр өнгөц асуудлаа шийдэх гэж маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулчихсан юм биш үү гэж би харсан. Хүн ам ихээр төвлөрсөн, энд асуудал их байна гээд нийслэл рүү маш их хөрөнгө оруулалт хийсэн. Нийслэлийн төсөв, аймгуудын төсвийг харахад маш их ялгаатай. Гэтэл яагаад нийслэл рүү хүн ам төвлөрөөд байгаа юм вэ гэвэл тэнд эдийн засгийн эргэлт, тэнд л боломж, хөрөнгө оруулалт хийгдээд байгаа болохоор шүү дээ. Тиймээс одоогоос зоригтойгоор бүсийн төвүүддээ том хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хөгжлөө тэлэх ёстой. Хөгжил, боломж хаана байна тэнд төвлөрөл бий болно.


- Хэд хэдэн хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа харагдсан, хамгийн чухлаас нь дурдвал?


-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Пүрэвдаваа, Н.Батсүмбэрэл нарын хамтаар Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Сүүлийн жилүүдэд хуурамч чанаргүй бензин үйлдвэрлэхэд ашиглагддаг керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний импорт нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг импортлоход татвар төлдөггүй хуулийн цоорхой бий.


Эдгээр бодисыг шатахуунтай найруулж зах зээлийн үнээс хямдаар нийлүүлж байгаа нь машины бензин насос, явах эд ангийг эвдэж иргэдэд асар их хохирол учруулж, агаарын бохирдолд ч нөлөөлж байна.


Иймээс Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, татварын бааз сууриа тэлэх, улсын төсвийн орлогыг өсгөөд зогсохгүй хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хязгаарлаж, иргэдийн эрх ашгийг хамгаалж, агаарын бохир­дол 30 хувиар буурна гэж тооцож байна. Зүүн болон говийн бүсээс сон­гогд­сон гишүүдийн хамтаар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийг өргөн барь­сан.


Хуулийн төсөлд оруулсан гол өөрчлөлтөөр газрын тосны нөөц ашиг­ласны төлбөрөөс тухайн орон нутагт очих өгөөж нэмэгдэх юм. Энэ бол маш чухал хуулийн төсөл. Газрын тосны салбар бол стратегийн салбар, бид энэ салбараа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.


Өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, олборлолт хийгд­сээр ирсэн ч тухайн орон нутагтаа, нө­лөө­лөлд өртөж буй иргэдийн ахуй амьдралд өгөөжгүй байсан учраас газрын тосны салбарын талаарх ир­гэдийн ойлголт муу байдаг. Тийм учраас газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс тухайн орон нутагт очих өгөө­жийг нэмэгдүүлэх зайлшгүй шаард­лагатай. Мөн тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гэхчлэн хэд хэдэн хуулийн төсөлд хамтран ажилласан байна.



Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин