ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. АНУ-ын эрх баригчид 200 орчим цэргийн алба хаагчийг Нигери улс руу илгээхээр төлөвлөж байгаа тухай албаны эх сурвалж мягмар гарагт мэдээлжээ. Америкийн цэргүүд хэт давруу үзэлт лалын шашинтнуудтай тэмцэхэд нь Нигерийн армийн албан хаагчдыг сургаж бэлтгэх ажээ. Дээрх мэдээлэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Лалын улс" бүлэглэлийн байрлалуудад агаараас цохилт өгөхийг тушааснаас хойш хэдэн долоо хоногийн дараа гарч байна.
Нигери улс руу цөөн тооны цэрэг илгээсэн тухайгаа АНУ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн боловч хэдэн цэрэг илгээснээ дурдаагүй юм. Энэхүү мэдэгдэл нь Зул сарын баярын үеэр агаарын цохилт өгснөөс хойш Америкийн хуурай замын цэргүүд тус улсад байрлаж байгааг анх удаа албан ёсоор баталж байна.
Ерөнхийлөгч Д.Трамп Нигерид явуулах цэргийн ажиллагааг цаашид өргөжүүлж магадгүй гэж мэдэгдсэн бөгөөд Америкийн цэргийн онгоцууд өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Ганагаас тус улсын дээгүүр тагнуулын нислэг үйлдэж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, шинээр илгээх 200 цэрэг нь Нигерийн зэвсэгт хүчнийхэнд туслахаар аль хэдийн тус улсад байрласан цөөн тооны цэргүүдтэй хүч хавсрах аж. АНУ-ын Зэвсэгт хүчний Африк дахь командлал энэ талаар тайлбар өгөх хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.
Баруун Африкийн Нигери улсын баруун хойд нутагт үйл ажиллагаа явуулж буй зэвсэгт терористуудаас христийн шашинтнуудыг хамгаалж чадахгүй байна гэж Д.Трамп буруутгаснаас хойш тус улс Вашингтоны хүчтэй шахалтад ороод байгаа юм.
Харин Нигерийн засгийн газар христийн шашинтнуудыг байнга хавчин гадуурхаж буйг үгүйсгэж, зөвхөн энгийн иргэд рүү халдаж буй лалын шашинт терористууд болон бусад зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэж байгаагаа мэдэгдсээр байна. Сүүлийн үед "Боко Харам" болон Баруун Африк дахь "Лалын улс" бүлэглэлийн терористууд Нигерийн баруун хойд бүс нутагт цэргийн цуваа, энгийн иргэд рүү халдах нь олширчээ. 230 сая гаруй хүн амтай Нигери улсын өмнөд нутагт христийн шашинтнууд, хойд хэсэгт мусульманчууд голдуу амьдардаг бөгөөд тооны харьцаа нь ойролцоо байдаг аж.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 02 сарын 11,
2026
Сэтгэгдэл0