sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахдаа Ираны талтай дипломат хэлэлцээг үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгджээ. Тэрбээр Б.Нетаньяху болон түүний засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтуудаа нааштай үнэлсэн байна. 


“Би дөнгөж сая Израилын Ерөнхий сайд болон түүний засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаа дуусгалаа. Уулзалт маш үр дүнтэй боллоо, манай хоёр улсын хоорондын маш сайн харилцаа цаашид ч үргэлжилнэ” хэмээн Д.Трамп "Truth Social" нийгмийн сүлжээндээ бичжээ.


Ираны тухайд тэрбээр Техрантай дипломат хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж онцолсон байна. "Бид тодорхой шийдвэрт хүрээгүй байна. Ирантай хэлэлцээг үргэлжлүүлж, тохиролцоонд хүрэх боломжтой эсэхийг тодруулахыг би шаардсан. Хэрэв энэ боломжтой бол энэ нь илүү дээр хувилбар гэдгийг Ерөнхий сайдад ойлгуулна. Харин боломжгүй бол үр дүн нь ямар байхыг харахаас өөр аргагүй.


Өнгөрсөн удаад Иран хэлэлцээ хийхгүй байх нь дээр гэдэг шийдэлд хүрээд “Шөнө дундын алх” гэдэг ажиллагаа явуулж хариу арга хэмжээг авсан, энэ нь тэдэнд ашиггүй туссан. Энэ удаад тэд илүү ухаалаг, хариуцлагатай хандана гэж найдаж байна” гэж Д.Трамп сошиал сүлжээндээ бичжээ.


Д.Трамп Б.Нетаньяхутай мөн Газын зурвасын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. “Бид Газын зурваст төдийгүй бүс нутагт бүхэлдээ гарсан асар их ахиц дэвшлийн талаар ярилцсан. Ойрх Дорнодод үнэхээр энх тайван тогтож байна” гэж тэрбээр онцолсон байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг