sonin.mn

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал боллоо.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: “Сүүлийн нэг сарын хугацаанд багагүй үйл явдал боллоо. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаад буух цагтаа төрийн өмчит ямар нэгэн компанийн удирдах албан тушаалд очоод суучихдаг хүмүүсийн төлөөллийн гэр, ажлын байрнаас их хэмжээний мөнгө илрүүлсэн. Ерөнхийдөө газар дээрээ “гардуулсан” үйл явдал өрнөлөө.


Үүнийг нотлох мэт "Транспэрэнси Интернэшнл" 2025 оны авлигын төсөөллийн индексийг зарлалаа. “Авлигатай тэмцэх жил” гэж байнга зарладаг ч үр дүн нь эсрэгээрээ явж ирсэн. Ганцхан жилийн дотор 10 байраар ухарсан нь үүнийг илтгэж байна.


Манай улс 2012 онд авлигын индексээр 94 дүгээр байрт бичигдэж байж. Харин 2015 онд Ардчилсан Нам засгаас гарах үед 72 дугаар байрт орж, 22 байраар урагшлуулсан. АН засаглах үед ардчиллын индекс сайжирдаг гэдгийг анзаарах хэрэгтэй.


Ингээд 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Ардын Нам засаглаж байна. Энэ хугацаанд 72 дугаар байрт байсан авлигын индекс 124 буюу 52 байраар ухарсан байна.


Энэ бол МАН-ын хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн. МАН-ын өндөр албан тушаалтнуудын гэрээс, хогийн савнаас нь олддог асар их мөнгө авлигын индексээр ил болж байна. Олон хүчин зүйлийг авч үзэж байж авлигын төсөөллийн индексийг гаргадаг. Тухайлбал бизнесийн орчин хумигдсан. Бизнес хийхийн тулд заавал авлига өгдөг тогтолцоо улам нарийссан гэдгийг илтгэж байна. Мөн хуулийн засаглал Монголд байхгүй болсон гэдгийг харуулж байна. Яагаад гэвэл дуулиантай хэргүүдийг илрүүлдэг ч хариуцлага тооцохгүй байна. Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл их ч шүүхээр шийдэж байгаа тохиолдол бага байгаагийн илрэл нь авлигын индексээр илэрч байгаа юм. МАН-ын өндөр албан тушаалтнууд авлигын төсөөллийн индексийг ард түмний бодол, төсөөлөл гэж тайлбарладаг. Гэвч энэ бол төсөөлөл биш.


Дэлхийн найман том судалгааны байгууллагын судалгаанд үндэслэж гаргадаг үзүүлэлт. Мөн ардчиллын индекс тогтоодог байгууллагаас манай улсыг сонгуулийн авторитар дэглэмтэй улс гэж дүгнэсэн. Энэ үзүүлэлтээр 33 оноо авсан. Энэ бол ардчилсан бус орнуудын авдаг оноо.


Түүнчлэн улс төр дэх мөнгөний нөлөө асар их байна гэж үзсэн. Учир нь сонгуульд асар их мөнгө зарцуулж байна. Үүний эсрэг миний бие Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийг санаачлан боловсруулж байгаа. Энэ хуулиар сонгогдсон УИХ-ын гишүүн санал худалдан авах үйлдлийг хийсэн байх юм бол эгүүлэн татагдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгасан" гэлээ.



Н.Отгончимэг