sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 24 /Reuters/. АНУ-ын Дээд шүүхээс улс орнуудад тогтоосон тарифыг нь хүчингүй болгосны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу даваа гарагт мэдэгдэл хийлээ.


Тэрбээр АНУ-тай саяхан байгуулсан худалдааны хэлэлцээрээсээ ухарсан улс орнуудад худалдааны бусад хууль тогтоомжийн дагуу илүү хатуу, өндөр хэмжээний татвар ногдуулна гэж анхааруулжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү гэнэтийн алхам нь дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэж, хөрөнгийн зах зээлийн уналтад хүргэлээ. Тэрбээр тусгай зөвшөөрлийн хураамж шинээр нэмж ногдуулж магадгүй гэдгийг өөрийн "Truth Social" олон нийтийн сүлжээгээр дамжуулан худалдааны түнш орнууддаа анхааруулсан байна.


"Дээд шүүхийн утгагүй шийдвэрийг далимдуулан "тоглоом тоглох" хүсэлтэй, АНУ-ыг олон жилийн турш "луйвардаж" ирсэн улс орнууд саяхан тохиролцсоноос ч илүү өндөр татвар, хатуу нөхцөлтэй нүүр тулах болно. ХУДАЛДАН АВАГЧИД АНХААР!!!" хэмээн бичжээ.


Дээд шүүхээс "Онцгой байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хууль"-д үндэслэн тогтоосон тарифыг нь хүчингүй болгосон боловч Ерөнхийлөгч өөр эрх зүйн хүрээнд "илүү хүчтэй, хатуу бөгөөд хуулийн баталгаатайгаар" татвар ногдуулах боломжтой гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Европын парламент өчигдөр буюу даваа гарагт Брюссель хотноо хуралдаж, АНУ-тай байгуулах худалдааны хэлэлцээрийн талаарх санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Учир нь Д.Трамп бүх улс орны импортын бараанд 15 хувийн түр татвар шинээр ногдуулахаа зарлаад байгаа юм.


Уг хэлэлцээрээр Европын Холбооны бараа бүтээгдэхүүнд АНУ 15 хувийн татвар ногдуулахаар, харин хүнс, онгоцны эд анги, чухал ашигт малтмал, эм, эмийн бүтээгдэхүүн зэрэг стратегийн чухал барааг татвараас чөлөөлөхөөр тусгасан байв. Ү


үний хариуд Европын Холбоо АНУ-ын аж үйлдвэрийн барааны татварыг цуцлахаар төлөвлөж байжээ. Д.Трамп эхэндээ 1974 оны Худалдааны тухай хуулийн 122 дугаар хэсэгт заасны дагуу түр татварыг 10 хувиар тогтоосон хэдий ч өнгөрсөн бямба гарагт хуулиар зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 15 хувьд хүргэж нэмэгдүүлсэн байна. Шинэ тариф өнөөдөр буюу мягмар гаргийн 00:01 цагаас хэрэгжиж эхэлснээр АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба шүүхээс хууль бус гэж үзсэн "Онцгой байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хууль"ийн татварыг хураахаа албан ёсоор зогсоох юм.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг