sonin.mn

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.


Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа: " Найман жилийн хугацаанд жил бүр 66 тэрбум төгрөгийг нийслэл энэ төслийг хэрэгжүүлэхэд өгнө гэж баталж явуулсан. Гэтэл өнөөдөр 2026 онд 356 тэрбум төгрөг өгнө гэж оруулж ирж байна. Энэ үнэхээр харамсалтай санагдаж байна.

Ану-Үжин, би чамд тухайн үед хүний өрөөнд орж уулзаад хэлж байсан. “Миний дүү, ийм айхтар том төсөл оруулж ирээд юу хийж байна вэ? 2 их наяд төгрөгөөр бид нар энэ 1.5 км Яармагаас хотын төв хүртэлх ажлыг хийх ёстой юм уу?” гэж санал, гомдлоо хэлж байсан.


Энэ хүүхдүүдийн ард, энэ охины ард улс төрийн амьдралыг нь үгүй хийчих вий дээ гэж бодож байсан. Энэ төсөл үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй байхад 350 тэрбум төгрөгөөр баталж байгаа нь үнэхээр хайран санагдаж байна.
Хүннү хот одоогоор цаасан дээрх хот.


Өнөөдөр бид Багхангай, Багануур, Налайх зэрэг хөгжүүлэх боломжтой дүүргүүдэд энэ 300 тэрбум төгрөгийг тавивал маш том өөрчлөлт хийх боломжтой.

Ийм бэлэн боломж байхад хэрэгжүүлэхгүй, байхгүй төслийг хэрэгжүүлнэ гэж явж байна. Өнгөрсөн жилүүдэд автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна гээд маш их мөнгө зарсан.

Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ 300 тэрбум төгрөгөөр 15 сургууль барих боломжтой. Өнөөдөр бодит амьдрал дээр юу харагдаж байна вэ гэвэл сургууль, цэцэрлэг амрахад хотын түгжрэл бараг байхгүй болдог.

Тэгэхээр чанартай боловсролын асуудлыг шийдэх замаар түгжрэлийг бууруулах боломж байна. Төвийн 6 дүүрэгт үүсээд байгаа асуудлыг шийдэж чадахгүй байж, үр ашгаа хэзээ өгөх нь тодорхойгүй ийм урт хугацааны төсөл хэрэгжүүлэх нь зөв үү?

Ану-Үжин 30 хэдтэй, би 40 гарсан хүн. Үр шимийг нь бол Ану-Үжин үзэх байх." гэв.


Н.Отгончимэг