sonin.mn

ШИНЭ ДЕЛИ, 2026 оны хоёрдугаар сарын 26 /The Times of India/. Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн улсууд болон Энэтхэг улс худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна.


Тус зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Жасем аль-Будайви, Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн сайд Пиюш Гоял нар чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурах ёслол Шинэ Дели хотод болжээ. 


Аль-Будайви хэлэхдээ, хэлэлцээ эхэлж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан нь нягт хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн стратегийн түншлэлийн шинэ үе шат юм гэжээ. Тэрбээр талуудын яриа хэлэлцээ тариф болон тарифын бус саадыг арилгаж, хоёр талд чанартай хөрөнгө оруулалтыг татах, мөн аль аль талд ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг цаашид либералчлахад чиглэсэн өргөн хүрээний, иж бүрэн гэрээг байгуулахад хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн улсууд бол Энэтхэгийн худалдааны хамгийн том түншүүд юм. 2024-2025 онд худалдааны нийт хэмжээ нь 178.56 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд 15.3 орчим хувиар өссөн байна.


Энэтхэгээс тус зөвлөлийн орнууд руу машин механизм, даавуу, будаа, тоног төхөөрөмж, үнэт чулуу болон гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн экспортолдог бол эдгээр орноос газрын тос, байгалийн хий, нефть химийн бүтээгдэхүүн болон үнэт металлыг импортолдог. Персийн буланд орших хаант засаглалт улсууд болох АНЭУ, Бахрейны Хаант Улс, Кувейт Улс, Катар Улс, Оманы Султант Улс, Саудын Арабын Хаант Улс энэхүү зөвлөлийн гишүүн ажээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг