sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Улс орны нөхцөл байдлын талаарх” жил тутмын илтгэлээ Конгресст тавилаа. Ингээд АНУ-ын Ерөнхийлөгчийн онцлох мэдэгдлүүдийг хүргэе. АНУ-ын Ерөнхийлөгч илтгэлээ “Манай улс эргэн хүчирхэгжиж, өмнөхөөсөө илүү том, илүү сайхан, илүү баян, илүү хүчирхэг боллоо.


Манай хилийн аюулгүй байдал хангагдаж, инфляц хурдацтай буурч, орлого эрчимтэй өсөж, эдийн засаг цэцэглэн хөгжиж, харин манай дайснууд айж байна” хэмээн хэлснээр эхлүүлжээ. “Өсөн тэлж буй эдийн засаг урьд өмнөхөөсөө илүү цэцэглэн хөгжиж байна” гэж Д.Трамп мэдэгдсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч орон сууц худалдан авагчдад зээлийн хүүг бууруулснаар үнийг хямдруулахад тусална гэж онцлоод “Бид энэ эрх ашгийг хамгаалж, үнийг өмнөх түвшинд хадгалахыг хүсэж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн засаг захиргаа нь технологийн том компаниудтай гэрээ байгуулсныг мэдэгдлээ. Ингэснээр хиймэл оюуны дата төвүүдэд зориулж цахилгаан станцууд барих төслүүд хэрэгжиж, ойролцоох хот, сууринд цахилгааны үнэ огцом нэмэгдэхээс сэргийлнэ гэжээ.


Цагаачлалын бодлогын талаар ярихдаа Трамп "АНУ нь түүхэн дэх хамгийн бат бөх, хамгийн аюулгүй хилтэй болсон", “сүүлийн есөн сарын хугацаанд нэг ч хууль бус цагаач орж ирээгүй” гэж мэдэгдсэн байна. 


Түүнчлэн хувийн хэвшлийн ажилтнууд ирэх оны эхнээс эхлэн төрийн албан хаагчдын адил холбооны засгийн газраас санхүүждэг тэтгэврийн хөтөлбөрт хамрагдах боломжтой болно гэж мэдэгдлээ. Мөн засгийн газар тэдний дансанд жил бүр 1000 хүртэл доллар хийнэ гэж онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч сая сая америкчуудын хувьд татварыг бууруулсан "Нэг сайхан том хууль" хэмээн нэрлэсэн төсвийн зардлын тухай хуулийн төслийг баталсанд Бүгд Найрамдах намынханд талархал илэрхийлэв.


Тэрбээр мөн “Америкийг аврах тухай хууль”-ийг батлахыг уриалсан байна. “Би та бүхнээс SAVE America хуулийг батлахыг хүсэж байна. Бүх зүйл маш энгийн, бүх сонгогч иргэншлээ баталгаажуулсан бичиг баримтыг үзүүлэх ёстой” гэж Д.Трамп хэлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлэхдээ мөн эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх асуудлыг хөндсөн байна. Энэ нь 11 дүгээр сард болох сонгуулийн өмнөх хамгийн чухал сэдвүүдийн нэг болоод байгаа юм. Тэрбээр инсайдер худалдаа буюу компаниудын олон нийтэд хаалттай нууц мэдээллийг ашиглан үнэт цаас (хувьцаа, бонд) худалдах буюу худалдан авахыг хориглох тухай хуулийг батлахыг Конгресст уриалсан байна. Түүнчлэн Ерөнхийлөгч АНУ-ын хилийн хамгаалалт болон дотоод аюулгүй байдлын санхүүжилтийг яаралтай сэргээхийг шаарджээ. 


Эдгээр санхүүжилт Ардчилсан нам болон Цагаан ордны төлөөлөгчид АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын алба болон Гааль, хил хамгаалалтын албыг шинэчлэх асуудлаар хэлэлцээ хийж байгаатай холбоотойгоор хоёрдугаар сарын 14-нөөс зогссон байна.


Тэрбээр засгийн газрын зарим үйл ажиллагаа түр зогссоны улмаас Дотоод аюулгүй байдлын яамны санхүүжилт зогссонтой холбогдуулан Ардчилсан намыг ширүүхэн шүүмжилжээ. Мөн өнгөрсөн онд засгийн газрын үйл ажиллагааг зогсоосон гэж тэднийг шүүмжилж, Дотоодын аюулгүй байдлын яамны санхүүжилтийг бүрэн сэргээхийг шаардсан байна. Трампыг үг хэлж эхэлнээс нэг цаг орчмын дараа Ардчилсан намын 10 гаруй гишүүн Конгрессын танхимаас гарч явжээ. Трамп мөн эхний эгнээ сууж байсан Дээд шүүхийн шүүгчдийн өмнө саяхан гаргасан шийдвэрийг нь шүүмжилсэн байна.


Улс орнуудад ногдуулсан түүний тарифыг АНУ-ын Дээд шүүх хууль бус гэж үзсэн юм. Тэрбээр уг шийдвэрийг "үр дүнгүй", "урам хугалсан" гэж тодорхойлоод бусад хууль эрх зүйн зарчмуудад үндэслэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Мөн Конгрессын зөвшөөрөлгүйгээр тариф ногдуулна гэж мэдэгдсэн байна. 


Трамп мөн бүс нутгийн байдал хурцдаж байгаатай холбогдуулан Ираны талаар үг хэлсэн байна. "Би тэдэнд цөмийн зэвсэг, ялангуяа цөмийн хөтөлбөрөө сэргээх оролдлого дахин хийхгүй байхыг анхааруулсан, гэвч тэд бүгдийг шинээр эхлүүлсээр байна. Бид тэдэнтэй хэлэлцээ хийж байна. Тэд тохиролцохыг хүсэж байгаа хэдий ч “Бид цөмийн зэвсэгтэй болохгүй” гэсэн үгийг бид сонсоогүй л байна. Би энэ асуудлыг дипломатын аргаар шийдэхийг илүүд үзэж байна. Гэхдээ нэг зүйл тодорхой. Дэлхий дээр терроризмын гол ивээн тэтгэгч улс цөмийн зэвсэгтэй болохыг би хэзээ ч зөвшөөрөхгүй" гэж тэрбээр хэлжээ. Санта-Барбара дахь Калифорнийн их сургуулийн мэдээллээр, Трампын илтгэл 1 цаг 48 минут орчим үргэлжилж, 1964 оноос хойших хамгийн урт илтгэл болсон байна. Өнгөрсөн онд тэрбээр 1 цаг 40 минут үг хэлж байжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг