sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын /NBC/. Ираны эсрэг явуулж буй Америкийн цэргийн ажиллагааг зогсоох, мөн Конгрессын зөвшөөрөлгүйгээр АНУ-ын зэвсэгт хүчнийг ашиглахыг хориглох тухай тогтоолын төслийг Конгрессын Сенатын танхим буцаажээ. 


Уг тогтоолыг Сенатын танхимаар хэлэлцүүлж батлахын тулд олонхын санал шаардлагатай байсан боловч төслийг хэлэлцэхийг 47 гишүүн дэмжиж, 53 нь эсэргүүцсэнээр хангалттай тооны санал авч чадсангүй. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим энэ асуудлаар пүрэв гарагт санал хураалт явуулах төлөвтэй байна.


Иранд явуулж буй Трампын ажиллагааг хязгаарлахыг дэмжсэн сенатчид саналаа 1973 онд батлагдсан Цэргийн бүрэн эрхийн тухай АНУ-ын Конгрессын тогтоолд үндэслэжээ. Уг баримт бичигт Ерөнхийлөгч хилийн чанадад байлдааны ажиллагаа эхлүүлэхээс өмнө Конгресстой зөвлөлдөх үүрэгтэй гэж заасан байдаг. Харин Ираны асуудлаар ийм зөвлөлдөөн хийгээгүй байна.


Үүнээс гадна, 1973 оны уг тогтоолоор Конгрессын зөвшөөрөлгүйгээр хязгаарлагдмал хүрээний цэргийн ажиллагааг 60 хоногийн хугацаанд явуулахыг зөвшөөрдөг байна. Энэ хугацаа дууссаны дараа Ерөнхийлөгч нэмж 30 хоногийн хугацаа авах боломжтой. 


Хэрэв Конгресс дайн зарлахыг эсвэл АНУ-ын цэргийг байлдааны ажиллагаанд оролцуулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд Ерөнхийлөгч цэргээ байрлуулснаас хойш 48 цагийн дотор Конгрессын гишүүдэд гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг бичгээр тайлбарлан хүргүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ дагуу Д.Трамп даваа гарагт Конгрессын удирдлагад захидал илгээж, Иранд өгсөн цохилтууд “хязгаарлагдмал цар хүрээтэй” байсан бөгөөд “хохирлыг багасгах, болзошгүй халдлагаас сэргийлэх, хурцадмал байдал даамжрах эрсдэлийг бууруулахад чиглэсэн” гэж мэдэгдсэн байна.





Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг