sonin.mn

МОСКВА, 2026 оны гуравдугаар сарын 5 /DW/. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Унгар, Украины давхар иргэншилтэй хоёр олзлогдсон цэргийг суллаж, гуравдугаар сарын 4-ний лхагва гарагт Москвад болсон уулзалтын үеэр Петер Сийяртод хүлээлгэн өгчээ. В.Путиний хэлснээр, хоёр цэргийг Украинд байлдааны ажиллагаанд оролцуулахын тулд албадан дайчилсан байна.


Телевизээр шууд дамжуулсан уулзалтын үеэр Сийярто олзлогдсон цэргүүдийг суллахыг хүсэхэд В.Путин “Тэднийг авч явж болно” хэмээн хариулжээ. Цэргүүд Унгарын нийслэл Будапешт руу Сийяртогийн онгоцоор буцна гэж В.Путин хэлсэн байна.


Өмнөх өдөр нь В.Путин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай утсаар ярьсан бөгөөд В.Орбан мөн олзлогсдыг суллахыг хүсжээ. Орос-Украины дайнд баримталж буй Унгарын байр суурийг В.Путин “эргэцүүлэн тунгаасан, бие даасан” хэмээн үнэлээд, мөргөлдөөнийг дипломат аргааар зохицуулахыг Будапешт зарчмын хувьд дэмжиж ирснийг онцолжээ.


Европын Холбооны орнуудын удирдагчдаас Кремльтэй хамгийн сайн харилцаатай удирдагч гэгддэг В.Орбан хамгийн сүүлд 2025 оны 11 дүгээр сард Москвад айлчилжээ.


Москвад таалагддагийн хувьд В.Орбан Украины эсрэг дайнтай холбогдуулан Баруунаас Орост тогтоож буй хориг арга хэмжээнүүдийг байнга эсэргүүцдэг. Мөн нөөц баялаг ихтэй энэхүү улсын эрчим хүчний эх үүсвэрийг худалдан авснаар тэрбээр Оросын цэргийн төсвийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг гэж Германы dpa агентлагийн мэдээнд дурджээ.


Москвад В.Путинтэй уулзах үеэрээ П.Сийярто Оросоос газрын тос, хий нийлүүлэх баталгаа хүссэн байна. Хариуд нь В.Путин хэлэхдээ, ОХУ эрчим хүчний найдвартай нийлүүлэгч хэвээр байхыг эрмэлздэг гэдгийг дурджээ.


Тэрбээр хэлэхдээ, бүх зүйл Москвагаас шалтгаалахгүй гэдгийг онцлоод Оросын тал өөрөөс шалтгаалах бүхнийг хийж байгаа гэж мэдэгджээ. Одоогоор Унгар улс Украинаар дамжин өнгөрдөг “Дружба” хоолойгоор газрын тос авч чадахгүй байгаа юм. Учир нь Украины эрх баригчид уг хоолой эвдэрсэн гэж мэдэгдсэн байна. Хариуд нь Унгарын тал Европын Холбооноос Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлд хориг тавиад байгаа ажээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг