ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 9 /DW/. Ираны удирдах байгууллага болох Сэцдийн зөвлөл амь үрэгдсэн Аятолла Али Хаменеигийн хүү Можтаба Хаменеиг шинэ дээд удирдагчаар томилсноо мэдэгдлээ. Уг мэдэгдэл орон нутгийн цагаар гуравдугаар сарын 9-ний даваа гаргийн шөнө дундаас хойш нийтлэгдсэн байна.
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын шинэ дээд удирдагчийг томилох шийдвэрийг тус зөвлөл аль хэдийн гаргасан тухай хэвлэлүүд АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагааны үеэр Али Хаменеи амиа алдсанаас хойш долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 8-ны өглөө зөвлөлийн хэд хэдэн гишүүнээс эш татан мэдээлжээ.
Али Хаменей амиа алдсан тухай мэдээлсний дараа түүний залгамжлагч хэн болох нь тодорхойгүй байв. Ираны шинэ дээд удирдагчаар 56 настай Можтаба Хаменеиг тодруулсан талаар тус улсад байгаа эх сурвалжууд нэрээ нууцлан гуравдугаар сарын 3-нд мэдээлж байсан юм. Ираны дээд удирдагчийн албан тушаалд Али Хаменеигийн залгамжлагчаар томилогдсон хэнийг ч болов мөрдөн мөшгөж, хариуцлага тооцно гэж Израилын Батлан хамгаалах арми гуравдугаар сарын 8-нд X нийгмийн сүлжээнийн хуудсандаа дахин мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мөн өдөр мэдэгдэхдээ, хэрэв Техран эхлээд Цагаан ордноос зөвшөөрөл авахгүй бол Ираны шинэ дээд удирдагч “удаан тогтохгүй” гэсэн байна.
“Хэрэв тэр бидний зөвшөөрлийг авахгүй бол удаан тогтохгүй. Бид энэ асуудлыг 10 жил тутамд дахин дахин эргэж орох шаардлага үүсэхгүй байхыг хүсэж байна” хэмээн Д.Трамп мэдэгдсэнийг ABC News телевиз эш татан мэдээлжээ.
“Таван жилийн дараа дахин энэ асуудал гарч ирж, бид яг адил арга хэмжээ авах шаардлагатай болохыг би хүсэхгүй байна. Эсвэл бүр дордвол тэдэнд (Ираны эрх баригчдад) цөмийн зэвсэгтэй болох боломж олгохыг ч хүсэхгүй байна” гэж тэрбээр хэлсэн байна. Өмнө нь Д.Трамп Ираны төрийн эрхэнд Можтаба Хаменеи гарахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, шинэ удирдагчийг сонгох үйл явцад өөрөө оролцоно гэж мэдэгдэж байв. “Тэд дэмий цаг алдаж байна. Хаменеин хүү бол өчүүхэн хүн. Венесуэлд Делсиг томилсонтой адил (Николас Мадурог түлхэн унагасны дараа түр ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа) би үйл явцад оролцох ёстой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч гуравдугаар сарын 5-нд Axios-т өгсөн ярилцлагадаа хэлжээ.
1989 оноос хойш Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг удирдаж байсан Аятолла Али Хаменеи хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг Израил, АНУ-ын байлдааны ажиллагаа эхлэх үеэр амиа алдсан байна.
Ираны шашны дээд удирдагчийг Сэцдийн зөвлөл гэдэг байгууллагын гишүүд томилдог бөгөөд томилогдсон хүн энэхүү албан тушаалыг насан туршдаа хашдаг. Исламын шашны хууль эрх зүйн чиглэлээр мэргэшсэн 88 гишүүнтэй энэ төрийн байгууллагыг Ираны иргэд найман жил тутамд сонгодог байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл4
Можтаб Хаменигийн эхнэр охин хоёр нь өвөөтэйгөө хамт сионист Еврейчүүдэд алагдсан
Шашны солиотнуудад эзлэгдсэн Иран улс ! Эцгийг нь 42 хүний хамт алсан шигээ Израилын онгоцууд пуужин харваад энэ нөхрийг алах байх да хөөрхий ! Одоо дээгүүр нь эргэлдэж л байгаа ! Хойд зүгийн ариун Кум хотод нуугдвал арай гайгүй байх ! Хариуд Трампын гэр бүлээс алж устгаж өшөөгөө авахаа мэдэхгүй тэнэг байж магадгүй энэ Можтаб !
Шашны солиотнуудын улс нь Иран уу Израйл уу эргэлзээтэй.
Энэ залуу богино настай аа