СТОКХОЛМ, 2026 оны гуравдугаар сарын 9 /TASS/. Дэлхийн улс орнуудын хооронд хийж буй гол зэвсгийн экспорт, импортын хэмжээ 2021-2025 онд 2016-2020 оныхтой харьцуулахад 9.2 хувиар өсжээ. Европын орнууд зэвсгийн худалдан авалтаа 3 дахин нэмэгдүүлснээр хамгийн том импортлогч бүс нутаг болсон тухай дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI) дэлхийн зэвсгийн худалдааны талаарх саяхан нийтэлсэн тайландаа дурдсан байна.
Дэлхийн зэвсгийн хамгийн том нийлүүлэгч болох АНУ-ын нийт экспорт 27 хувиар өссөн бөгөөд үүний дотор Европ руу хийсэн нийлүүлэлт 217 хувиар нэмэгджээ. 2021-2025 оны зэвсгийн экспорт, импортын өсөлт нь 2011-2015 оны үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна.
Ийнхүү өсөхөд Украин, Европын орнууд руу хийсэн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд 2021-2025 онд нийт экспортын 9.7 хувийг Украин эзэлжээ. Европ, Америкийг эс тооцвол бусад бүс нутгуудад зэвсгийн импорт буурсан гэж тайланд дурдсан байна.
2021-2025 онд зэвсгийн таван томоохон нийлүүлэгч нь АНУ, Франц, Орос, Герман, Хятад байжээ. Өнгөрсөн хугацаанд зэвсэг их хэмжээгээр импортолж авсан таван улс нь Украин, Энэтхэг, Саудын Араб, Катар, Пакистан байв.
2021-2025 онд Европын орнууд нийт зэвсгийн импортын 33 хувийг эзэлсэн бол дараа нь Ази, Номхон далайн орнууд (31 хувь), Ойрх Дорнод (26 хувь), Хойд, Өмнөд Америк (5.6 хувь) болон Африк (4.3 хувь) оржээ. НАТО-гийн гишүүн болох Европын 29 орны нийт зэвсгийн импорт 143 хувиар өссөн бөгөөд үүний 58 хувийг АНУ нийлүүлсэн байна. 2021-2025 онд Ойрх Дорнодын орнуудын импортын талаас дээш хувийг АНУ-аас (54 хувь) нийлүүлжээ.
АНУ ба Европын Холбоо
2021-2025 онд дэлхийн зэвсгийн нийлүүлэлтийн 42 хувийг АНУ эзэлжээ. 2016-2020 онд энэ үзүүлэлт 36 хувь байсан байна. 2021-2025 онд АНУ нийт 99 улс руу зэвсэг экспортолжээ. Тодруулбал, Европын 35 улс, Хойд болон Өмнөд Америкийн 18 улс, Африкийн 17 улс, Ази болон Далайн 17 улс, Ойрх Дорнодын 12 улс руу экспортолсон байна.
Сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа Европын орнууд Ойрх Дорнодын орнуудыг (33 хувь) гүйцэж, АНУ-ын зэвсгийн хамгийн том импортлогч (38 хувь) болсон байна. Энэ хугацаанд АНУ-ын зэвсгийн хамгийн том хүлээн авагч нь Саудын Араб (12 хувь) болжээ.
“Дэлхий ертөнц улам бүр олон туйлт болж буй үед ч гэсэн АНУ зэвсэг нийлүүлэгчийн хувиар дэлхийн зэвсгийн зах зэээлд давамгайллаа улам бэхжүүлсэн нь харагдаж байна. АНУ-ын зэвсэг худалдан авагчдын хувьд тус улсын дэвшилтэт технологийг эзэмших, мөн сайн харилцаа тогтоох боломжийг өгдөг бол АНУ зэвсгийн экспортыг гадаад бодлого, цэргийн аж үйлдвэрээ бэхжүүлэх хэрэгсэл гэж үздэг. Энэ нь Трампын засгийн газрын “Америк эн тэргүүнд” гэдэг Зэвсгийн экспортын шинэ стратегиар дахин тодорхой илэрхийлэгдэж байна” гэж SIPRI-гийн Зэвсгийн экспортын хөтөлбөрийн ахлах судлаач Питер Веземан бичжээ. 2021-2025 онд зэвсгийн нийлүүлэлтээр Франц хоёрдугаарт орж, дэлхийн экспортын 9.8 хувийг эзэлжээ. 2016-2020 онтой харьцуулахад 2021-2025 онд Францын зэвсгийн экспорт 21 хувиар өссөн байна.
Францаас нийт 63 улс руу зэвсэг нийлүүлсэн бөгөөд Энэтхэг (24 хувь), Египет (11 хувь), Грект (10 хувь) хамгийн их хэмжээгээр нийлүүлжээ. Европын орнуудын экспорт таван дахин буюу 452 хувиар нэмэгдсэн бөгөөд өмнөх жилүүдийн адил бараг 80 хувийг нь бүс нутгаас гадуур экспортолсон байна.
Герман улс дэлхийн зэвсгийн экспортын 5.7 хувийг эзэлснээр Хятадыг гүйцэж түрүүлэн дөрөвдүгээрт бичигджээ. Германы зэвсгийн нийлүүлэлтийн 24 хувийг Украин, 17 хувийг Зүүн Европын бусад орнууд эзэлсэн байна. Италийн зэвсгийн экспорт 2016-2020 оныхоос 2021-2025 онуудад 157 хувиар өссөнөөр зургаадугаарт бичигджээ. Тус улсын экспортын талаас илүү хувийг (59 хувь) Ойрх Дорнодын орнууд, 16 хувийг Ази, Далайн орнууд, 13 хувийг Европын орнууд эзэлсэн байна.
ОХУ ба Хятад
Зэвсэг нийлүүлэгч 10 том орнуудаас зэвсгийн экспорт нь буурсан ганц улс нь ОХУ (-64 хувь) байжээ. Дэлхийн зэвсгийн экспорт дахь эзлэх тус улсын хувь 2016-2020 онд 21 хувь байсан бол 2021-2025 онд 6.8 хувь болж буурсан байна. 2021-2025 онд Оросын зэвсгийг 30 улс ба улс бус1 субъектэд нийлүүлжээ. 2021-2025 онд Оросын зэвсгийн экспортын дөрөвний гурав орчмыг (74 хувь) Энэтхэг (48 хувь), Хятад (13 хувь), Беларусь (13 хувь) гэсэн гурван улсад нийлүүлсэн байна.
БНХАУ 2021-2025 онд дэлхийн зэвсгийн нийт экспортын 5.6 хувийг эзэлж, экспорт нь 11 хувиар өссөн байна. Үүний ихэнх буюу 77 хувь нь Ази, Далайн орнуудад ногдож байгаа бол дараа нь Африкийн орнууд (13 хувь) орж байна. Хэдийгээр Хятад 2021-2025 онд 47 улс руу зэвсэг нийлүүлсэн боловч нийт экспортын 61 хувийг Пакистан дангаараа эзэлжээ.
Ойрх Дорнод
Зэвсэг нийлүүлэгч хамгийн том орнуудын жагсаалтын долоодугаарт Израил бичигджээ. Тус улсын дэлхийн зэвсгийн экспортод эзлэх хувь 2016-2020 оны 3.1 хувиас 2021-2025 онд 4.4 хувь болж өсжээ. “Газын зурвасын дайн, Иран, Ливан, Катар, Сири, Йемен улсууд руу довтолсон хэдий ч Израил дэлхийн зэвсгийн экспортод эзлэх хувиа нэмэгдүүлсэн” гэж SIPRI-гийн Зэвсгийн экспортын хөтөлбөрийн судлаач Заин Хуссейн онцолжээ. Израилын зэвсгийн үйлдвэрүүд дэлхийн зах зээл дээр өндөр эрэлттэй байдаг агаарын довтолгооноос хамгаалах системийг голчлон үйлдвэрдэг бол Израилын цэргийнхэн хэд хэдэн чухал техник хэрэгслийн импортоос хамааралтай байдаг ажээ.
Тус улс 2021-2025 онд дэлхийн зэвсгийн импортлогчдын жагсаалтад 14 дүгээрт бичигдсэн байна. Израилын зэвсгийн худалдан авалт 2021-2025 онд 2016-2020 оныхоос 12 хувиар өсжээ. 2021-2025 онд Израилын зэвсгийн импортын хамгийн их хувийг АНУ (68 хувь), Герман (31 хувь) эзэлсэн байна.
Ойрх Дорнодын орнуудын зэвсгийн импорт 2021-2025 онд 2016-2020 оныхоос 13 хувиар буурсан байна. Саудын Араб (6.8 хувь), Катар (6.4 хувь), Кувейт (2.8 хувь) улсууд 2021-2025 онд бүс нутгийн хамгийн том импортлогч орнууд болжээ. Ойрх Дорнод руу экспортолсон зэвсгийн талаас илүү хувийг АНУ (54 хувь), Итали (12 хувь), Франц (11 хувь), Германаас (7.3 хувь) нийлүүлсэн байна. “Персийн булангийн орнууд Ойрх Дорнод дахь зэвсгийн импортын чиг хандлагыг тодорхойлдог. Саудын Араб 2011-2015 онд бүс нутгийн хамгийн том импортлогч байсан бол Катар 2016-2020 оноос 2021-2025 онд импортоо хоёр дахин нэмэгдүүлснээр одоо хоёрдугаарт орж байна. Бүс нутгийн байдалд хурцдаад буй үед Персийн булангийн орнууд АНУ, Франц зэрэг уламжлалт нийлүүлэгчидтэйгээ харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ шинэ нийлүүлэгчдийг хайж байна” гэж тайланд онцолжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 03 сарын 09,
2026
Сэтгэгдэл2
Монгол улс зэвсэг хийж сурмаар байна. Ядаж нум сум хийж зармаар байх юм.
Монгол Орос эсвэл Америкаас зэвсэг авч улс орноо түрэмгийлэгч Хужаагаас хамгаалах эрх нээлттэй байна.