sonin.mn

ПАРИС, 2026 оны гуравдугаар сарын 11 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Ираны дайн болон эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцэхээр “Долоогийн бүлэг”-ийн (G7) орнуудын удирдагчидтай өнөөдөр утсаар ярихаар товлосон талаар Елисейн ордноос мэдээлжээ.


Иранд явуулж буй АНУ, Израилын цэргийн ажиллагаанаас үүдэн газрын тосны үнэ огцом өссөнтэй холбогдуулан “G7”-гийн орнуудын засгийн газрууд хэрхэн хариу арга хэмжээ авах талаар зөвшилцөж буй үед тэрбээр утсаар ярилцах гэж байна. 


“G7”-гийн Эрчим хүчний сайд нар өчигдөр утсаар ярилцах үеэрээ стратегийн газрын тосны нөөцийг ашиглах асуудлаар нэгдсэн шийдэлд хүрээгүй бөгөөд үүний оронд Олон улсын эрчим хүчний агентлагт (ОУЭХА) хандан аливаа арга хэмжээ авахаасаа өмнө нөхцөл байдлыг үнэлэхийг хүсжээ.


Газрын тосны үнэ даваа гарагт сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд түвшинд хүрээд байсан боловч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнод дахь дайн удахгүй дуусна гэж мэдэгдсэний дараа мягмар гарагт 11 хувиар огцом буурсан байна.


АНУ-ын албан тушаалтнууд мөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны тээвэрлэлтэд тасалдал үүсгэхгүйн тулд худалдааны хөлөг онгоцуудад тэнгисийн цэргийн хамгаалалт гаргах, нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудад дайны эрсдэлийн даатгалын баталгаа гаргах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Вашингтон дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт тасалдахаас сэргийлэх, мөн тээвэрлэгчдийн аюулгүй байдлыг хангахыг зорьж байгаа юм. “G7”-ийн бүлэгт АНУ, Канад, Япон, Итали, Их Британи, Герман, Франц улсууд багтдаг бөгөөд одоогоор Франц тус бүлгийг даргалж байна.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг