sonin.mn

Олон дүр, олон нүүргүй юмс, үзэгдэл гэж үгүй. Бүр шинжлэх ухаан хүртэл олон дүр, олон нүүртэй, тэр дунд нь хуурамч шинжлэх ухаанчирхал (псевдонаука), худалч шинжлэх ухаанчирхал (лженаука) гэж ч буй... Нэгэн утгатайгаар ойлгох аргагүй, энгийндүү талаас нь цааш цааш нь гүнзгийрүүлэн тодруулж нэг мөр болгох ч аргагүйг, хамгийн гол нь өөрөө ч өөртөө зөв болгож чадахгүй байгаа тийм зүйлийг, элдвээр хутгалдуулан бичээд түүнийгээ шинжлэх ухааны чухал бүтээл, шинэ мэдлэг, бүр нээлт болгож бусдад үзүүлэх гэж жүжиглэдэг, нэг хэсэгдээ л том судлаач болж үнэлэгддэг хүмүүс аль ч зуунд байсаар иржээ. Мөн бичсэн, нотолсон гэх санаа, дүгнэлтүүд нь сайтар нягтлах аваас бүгд худал байдаг тохиолдол ч маш олон.


Шинжилж, туршиж, харьцуулж, баталж, бодит илрэл, хэрэгжилтийг нь үзүүлж, нотолж чадсан үнэн бол жинхэнэ шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээлэл юм. Ингэхлээр наад зах нь шинжлэх ухаанд гурван нүүр байгаа ажээ. Толь бичгүүдэд холбогдох тайлбарууд нь ч байгаа юм.


Шашны номлол ба шинжлэх ухааны мэдлэг хоёрын зааг дээр элдэв хуурамчлал ч гарч ирсээр л байдаг. Шашин бүхэн нийгмийн хөгжил, танин мэдэхүйн үе шат нэг бүртэй зохицох гэж, нэр нүүрээ хадгалах гэж, шашинг нэгэн төрлийн шинжлэх ухаан байсан мэтээр, шашны сургаал, ойлголтууд нь сайтар нягтлах, уг утгаар нь ойлгох, тайлах аваас шинжлэх ухааны ойлголт, мэдлэгтэй адилхан, бүр заримаас нь илүү их үнэн, зөв байсан болгож үзүүлэхийг ч оролдсоор байсан түүхтэй. Тухайн нэгэн шашинд шинэчлэл хийгдэж буй цаг үед, эсвээс шашны зарим нэгэн урсгал мөхөж, нэр хүнд нь унаж тэрний нөлөөгөөр хүмүүс аливаа шашин сурталд итгэл алдарч буй он жилүүдэд шинжлэх ухаанруу хандрах үзэгдэл өргөсөж, хүчтэй болдог байжээ. Хүн төрөлхтний түүхэнд үүсэж, хэлбэршсэн 5 гол, том шашин буй. Хиндү шашин 4000 жил, Иудын шашин 3670 жил, Буддын шашин 2545 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин 1521 жилийн түүхтэй гэх мэдээ 2001 онд хэвлэлд гарч байв. Ингэхлээр энэ 5 шашны дунд хэрд нь Буддын шашин үүсчээ.


Хиндү шашнаас 1500 жилээр, Иудын шашнаас 1200 жилээр дүү, харин Христийн шашнаас 600 жил, Исламын шашнаас 1000 жилээр ах байгаа нь түүний ах нараасаа ч суралцсан, мөн дүү нартаа ч нөлөөлсөн болохыг гэрчилдэг. Юунд нь суралцсан, яаж нөлөөлсөн нь харин одоо хэр сайтар судлагдаагүй л байна.


Том шашин хоорондын нөлөөлөл, хамаарал бол судлагдах л ёстой асуудал, чухал ч асуудал мөн. Аливааг тайлбарлах үзэл онол, суртал болохынхоо хувьд тэд харилцан нөлөөлөлцөхгүй байж чадахгүй нь ч тодорхой билээ. Хоёрын хоёр шашин байсаар атал гуравдахь нь гарч ирэх, мөн гурвын гурван шашин байсаар атал дөрөвдэх нь гарч ирэх, удаалаад тавдахь нь үүссэн нь сонин үзэгдэл юм. Шашин бол хувцасны моод, загвар биш шүү дээ! Ингэх ямар ноцтой шалтгаан, шаардлага байсан юм бол оо? Бүх хүн өвөг дээдэс нэгтэй (хомосапиенс), бүх угсаатан ч адил, ганц тод ялгаа нь хожуу үүссэн арьсны өнгө (хар, шар, цагаан), гэтэл чухам яахлаараа өөр өөр шашин, өөр өөр бурхадтай болчихсон юм бэ? Бүр чөтгөр, шуламс нь хүртэл өөр, өөр. Хүмүүс нь бурхад, чөтгөр, шуламсаа өөрсдөө бүтээсэн үү?, эсвээс тэд хүмүүсээ хувааж авсан юм уу? Энд ямар зарчим, болзол, үзүүлэлт ашиглагдсан юм бол оо? Энэчлэн асуух, гайхах юм тун олон. Гэхдээ аль ч шашны лам нар тодорхой хариулт ер хэлдэггүй юм... Шашин нэг бүрийн танин мэдэх онол-аргазүй, аргачлал, логик ч гэсэн тодорхой бус. Бурхад тэгж айлдсан, тэгж номлосон, гэгээн сударт тэгж заасан л гэцгээдэг. Тэр нь ч бас баталгаа, нотолгоо үгүй. Мөнх настай гэгдэх бурхдын хэн нэгэнтэй нь биечлэн уулзсан хүн үгүй, мөн өнөөгийн бидний хэнд нь ч тийм боломж бас үгүй. Харин элдэв цол, хэргэмтэй лам нартай л үүлзаж болно... Уул хөгширч нурдаг, нуур ширгэж устдаг, амьтан бүхэн үхдэг, байсан бүхэн алга болдог. Нурдаг, ширгэдэг, үхдэг, мөхдөг, алга болдог, дүгнэж хэлбэл бүх юмс хоосон чанартай, хоосрох тавилантай. Аяганд хийгээд тавьсан цай ч гэсэн ууршин ууршсаар хоосон болдог. Төрсөн, өссөн хүмүүс ч гэсэн хэн нь ч болов 100 хүрэхгүй жилийн дотор л үхэж үрэгддэг. Хэн ч, юу ч байсан өөр өөрийн зам, жамаар үгүй болдог, өөрчлөгддөг. Ингэхлээр хоосрох чанар бол түгээмэл шинж, хоосон чанар бол мөнхийн чанар. Нэг чанар өөр чанараар үгүйсгэгддэг процесс хязгааргүй үргэлжилдэг. Чанар бүхэн ямар нь ч ялгаагүй л хоосон чанартай.


Мөнхөд байх чанар бол тэгэхлээр ганцхан “хоосон чанар” юм. Энэхүү хоосон чанар, хоосрох чанарт сөргүүлж мөнх настай, мөнхөд байх бурхдыг хийсвэрлэн буй болгожээ.


Бас мөнхөд байх сүнс, түүний дахин дахин шинэ төрлийг олох тухай номлож сүсэгтэн олныг амирлуулж, түүн дээр тулгуурласан ёс суртахууныг буй болгож, ашиглаж байжээ. Зөв, зохистой амьдрах аваас сайн, дээд төрлийг олох, буруу, бусармаг амьдрах аваас муу, доод төрлийг олох тухай номлол нь хэдий хуурамчлал мөн боловч ихээхэн эерэг нөлөөтэй байсан нь ч үнэн юм. “Хаан, харц, боол – түр зуурын л оршихуй. Цаг нь ирэхэд гурвуулаа л үхэж үрэгдэнэ. Хорвоогийн жам бол хоосрох. Хоосон чанараас хагацах ганц арга бол шашинд үнэнч байж бурхны хутгийг олох. Бурхны хутгийг олж чадваас л мөнхийн оршилд шилжин орох болно” хэмээн номлох болжээ. Сүнс, хойт нас, олон төрөл (дээд доод, сайн муу), бурхны хутаг, диваажин, мөнхийн оршил гэх мэтийн ойлголтууд нь хүмүүсийн үхэл, мөхлөөс айх, цэрвэх сэтгэлийг тайвшруулж, сатааруулж, шашинд сүсэглэх итгэлийг нь эргэлт, буцалтгүй болгож байдаг. Энэ бүхэн бол үнэндээ нэн хүчтэй аргачлал, аажмаар бүрдсэн, төгс төгөлдөр болсон өвөрмөц механизм, технологи юм. Чухам тийм болохоор л шашин бүхэн олон мянган жилийн туршид хүмүүсийн оюун санааг эзэмдэж, хуваарьгүй ноёрхож, хаант төрийн баруун гар болон ашиглагдаж байжээ. Цэрэг эрс амь хайргүй эрэлхэгээр тулалдахад хүртэл гол зоригжуулагч хүчин зүйл нь шашны итгэл, сэтгэл байсан түүхтэй. Энэ XXI зуунд ч дайны талбарт цэрэг эрс бурхдад залбиран, амь насаа даатган, үхлээс үл эмээн тулалдсаар байна.


“Бурхан бидний талд байгаа, биднийг ивээж байгаа, бид зөв хэргийн төлөө тулалдаж байгаа” гэх итгэл, сэтгэл бол ижилгүй хүчтэй шижим, түлхээс, энерги юм. Оюун ухаант хүн үүссэн цагаасаа эхлээд л үхлээс эмээх, урт наслыхыг хүсэх, бүр мөнхрөх боломжийг эрэлхийлсээр иржээ.


Энэ эрмэлзлийг нь бүх шашин “шүүрэн авч” өөр өөрийнхөөрөө мөнхрөх элдэв хувилбарыг номлож, хүмүүсийн зовиурыг нимгэлж, тайвшруулж, дахин төрөхөд нь итгүүлж, диваажинг амлаж, Буддаг, Ертөнцийн эзнийг, Аллахыг шүтүүлж иржээ. Өнөөдөр ч мөн л шүтүүлсээр байгаа билээ. Мөнхрөх хүсэл, эрмэлзэл бол мөнхийн үзэгдэл. Энэнийг дагалдаад шашин бүхний гол сургаал, номлолууд ч мөнхөд оршин байх биет бус соёл, суртал, зарим нь бүр үлгэр, домог юм. Чухам тийм болохыг хүмүүсийн боловсрол, мэдлэгтэй хэсэг нь (10-15 хувь нь) ойлгож, үлдэх 80 гаруй хувь нь шууд итгэж, шүтэж, сүсэглэсээр нас насаа элээн хөвөрсөөр байгаа нь үнэн билээ. Гэхдээ бурхны хутгийг олж мөнхөрсөн хүн өнөөдрийг хүртэл ер гарсангүй. Ядаж сүүлийн 4000 жилийн дотор аль нэгэн шашин суртал амьдрал дээр үнэнээ, хүчээ нотолмоор доо... Ядуурч зовсон, өвдөж шаналсан, үхэл, хагацал үзэж сэтгэл санаагаар унасан, амьдралд итгэл алдарч гунигт автсан хүмүүст тайвшрах, амирлах, уй гашуу тайлах, түгшүүр нь арилах зэрэг нөлөө үзүүлдэгт нь шашны ач холбогдол, үүрэг оршиж байдаг. Үхэл, хагацлаар амьдрал, оршил дуусчихдаггүй, удаах төрлөөр сүнс нь үргэлжлэн амьдардаг гэх итгэл, найдвар хүмүүсийн мөнхрөх эрмэлзэлд хариу болсоор иржээ. Мөнхрөх хүсэл эрмэлзэл өнө мөнхийнх учир түүнийг дагалдаад шашин суртал ч гэсэн мөнхөд орших магадлалтай. Үхлээс эмээх айдас хүйдэс, үхсэний араас шаналах зовиур, гуниг, тайвшралыг эрэх сэтгэл, хүлээлтэнд ямар нэгэн хэмжээний хариу өгч байх нь хүний сэтгэлзүйн хэрэгцээ, хэрэглээ, сонирхол байжээ.


Хүний хувь заяа, амьдрал, оюун санааны ертөнцийн хамгийн эмзэг асуудлуудыг сэтгэлзүйн түвшинд, ухамсрын түвшинд гүнзгий хөндөж шалгах, нотлох боломжгүй хариу өгдөгт л  шашин суртлын “ид шид” оршиж байгаа юм.


Диваажин, там мэт нь хаана байдгийг хүмүүс мэдэхгүй, сүнсийг харах, барих, сонсох боломжгүй, хойд насыг, хойд төрлийг ч мэдэх, таних аргагүй, хэн ч гэсэн амьддаа аль нэг бурхантай уулзаж байсан баримт, нотолгоо үгүй, чөтгөр ба шулам мэт нь яг хэрэг дээрээ үнэн, худал нь ч тодорхойгүй – ийм л зүйлүүдээр шашин бүхэн атаархмаар овжин тоглочихож байгаа нь гайхалтай үзэгдэл мөн болно. Эм ууж (тогтмол, өдөрт нэг таблетик) даралтаа хэвийн байлгаж чадвал тархинд цус харвах, зүрх зогсох эрсдэлгүй болно. Артерийн даралтыг 10 нэгжээр буулгах бүрийд инфаркт орох эрсдэл 17 хувь, инсульт болох эрсдэл 27 хувиар буурдаг нь тогтоогджээ. Энэ бол том зохицуулалт юм. Даралт хэвийн, холестерин хэвийн, сахарын шижингүй, биеийн жин хэвийн байх аваас орчин үед 90 ба түүнээс ч их наслах нь ердийн үзэгдэл болоод байна. Тэгэхдээ хувь хүн өөрөө элдэв тансаглалаас хол байж чадвал, элэгний В,С вирусгүй бол, эрт илрүүлгийн үзлэгт 1-2 жилд нэг удаа орчихдог бол, нэмээд вакцинуудын эсрэг сурталчилгаа хийдэг гэмт хэрэгтнүүдийн нөлөөнд автагдаагүй бол, мөн өөрөө эмнэлэг-гэгээрлийн зохих түвшний мэдлэг, мэдээлэлтэй бол тэр шүү дээ. 90 гарч наслах, бүр зөнөглөлд орчихгүй саруул ухаантай хэвээрээ 100 хүрч наслах боломж ийнхүү бодитой болчихоод байна. Ийм амжилтанд хүрсэн үйл явц тэр чигээрээ л ганцхүү шинжлэх ухааны мэдлэгийн ач гавъяа болно.



Судлаач, профессор Д.Чулуунжав