ШАНХАЙ, 2026 оны гуравдугаар сарын 15 /ТАСС/. “Мерседес” багийн итали уралдаанч Кими Антонелли “Формула-1” ангиллын авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2026 оны улирлын II гараа буюу Хятадын Гран-прид түрүүллээ
Хоёрдугаар байрт түүний багийн анд, Их Британийн тамирчин Жорж Раселл оржээ. Гуравдугаар байрыг “Феррари” багийн британи уралдаанч Льюис Хэмилтон эзэлсэн байна.
“Мерседес” багийн бүрэлдэхүүнд уралдаж буй 19 настай Антонелли ийнхүү “Формула-1” уралдаанд анх удаагаа түрүүллээ. Өмнө нь тэрбээр шагналын тавцанд 4 удаа гарч байсан бөгөөд хоёр удаа II байр, хоёр удаа III байр эзэлсэн байна.
Үүний сацуу Антонелли сүүлийн 20 жилийн хугацаанд “Формула-1” уралдаанд түрүүлсэн Италийн анхны уралдаанч боллоо. Өмнө нь хамгийн сүүлд 2006 оны Малайзын Гран-прид Жанкарло Физикелла түрүүлж байв. Түүнээс гадна Антонелли “Формула-1”-д түрүүлсэн хамгийн залуу уралдаанчдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Харин Нидерландын уралдаанч Макс Ферстаппен 2016 оны тавдугаар сард 18 нас 228 хоногтой байхдаа Испанийн Гран-прид түрүүлж байжээ.
Энэ удаагийн уралдаан эхлэхийн өмнөхөн машинд нь техникийн асуудал гарсны улмаас дөрвөн тамирчин уралдаанаас хасагдсаны дотор дэлхийн аварга, “Макларен” багийн британи уралдаанч Ландо Норрис оржээ. Мөн Ферстаппен болон “Астон Мартин” багийн испани уралдаанч Фернандо Алонсо, Канадын тамирчин Лэнс Стролл нар замаа дуусгаж чадсангүй.
“Формула-1”-ийн дараагийн гараа гуравдугаар сарын 27-29-нд Японд болно.
Б.Адъяахүү
Даваа - 03 сарын 16,
2026
Сэтгэгдэл0