sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саяхан Казахстанд хийсэн айлчлал нь Евразийн дунд гүрнүүдийн (middle powers) тэсвэр хатуужлын шинэ загварыг бий болгож байна.


2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийсэн нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын төрийн тэргүүний тус улсад хийсэн анхны айлчлал боллоо. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар хэрэгжсэн энэхүү айлчлал нь 2024 онд ноён Токаевын Улаанбаатарт хийсэн айлчлалаас хойшхи 18 сарын турш эрчимжсэн харилцааны оргил цэг байв. 2024 оны дээд хэмжээний уулзалтаар хоёр улс харилцаагаа албан ёсоор “Стратегийн түншлэл”-ийн түвшинд ахиулсан бөгөөд ингэснээр Казахстан нь Монгол Улсын Төв Ази дахь анхны бөгөөд цорын ганц стратегийн түнш болсон юм. Албан ёсны мэдээллүүдэд энэхүү айлчлалыг “нүүдэлчдийн нийтлэг өв соёл, мянганы ахан дүүсийн барилдлага”-ын баяр хэмээн тодотгож байгаа хэдий ч, цаагуураа илүү прагматик, стратегийн нэн чухал ач холбогдолтой түүхийг өгүүлж байна. Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд хавчуулагдсан, далайд гарцгүй боловч байгалийн баялаг ихтэй энэ хоёр улс бүтцийн хувьд Хятад, Орос хоёр орнооё эдийн засгийн хараат байдлаа бууруулах, геополитикийн сорилтыг даван туулах туршлагаа солилцох, их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж буй өнөө үед стратегийн бие даасан байдлаа (strategic autonomy) бэхжүүлэхийн тулд дээд түвшний харилцаагаа идэвхтэй ашиглаж байна. Казахстан, Монгол хоёр нь Евразийн туйлширсан орон зайд дунд гүрнүүдийн хамтын ажиллагааны шинэ загварыг тодорхойлж байна.


Дээд түвшний харилцааг эрчимжүүлэх стратегийн хөшүүргүүд 2024 оны сүүлчээс хойш эрчимжсэн хоёр талын харилцаа нь Евразийн геополитикийн өөрчлөлттэй уялдан стратегийн нэн чухал, хоорондоо нягт уялдаатай гурван зорилтыг тусгаж байна.


Нэгдүгээрт, Монгол, Казахстан хоёр 34 жилийн найрсаг дипломат харилцаагаа эдийн засгийн бодит үр дүн болгож, худалдаа болон тээврийн хувьд хоёр том хөршөөсөө хэт хамааралтай байгаа нийтлэг эмзэг байдлаа шийдвэрлэхийг зорьж байна. Казахстаны Үндэсний эдийн засгийн яамны албан ёсны тоо баримтаас үзвэл, 2025 онд хоёр талын худалдааны эргэлт 133 сая ам.долларт хүрч, өмнөх оныхоос 7.7 хувиар өссөн боловч энэ нь хоёр улсын эдийн засгийн нийт чадавхтай харьцуулахад өчүүхэн бага хэмжээ юм. Саяхан болсон айлчлалын үеэр талууд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх амбицтай зорилтоо дахин нотлов. Энэхүү зорилтын гол хөдөлгүүр нь 2025 онд Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ) хооронд байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээр (Монголын экспортын 367 нэр төрлийн бараанд, түүний 97.5 хувь нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, гаалийн хөнгөлөлт эдлэх) болон 2025-2027 оны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураг байх юм. Айлчлалын үеэр гадаад бодлого, худалдаа, эрчим хүч, санхүү зэрэг салбарыг хамарсан Засгийн газар хоорондын 13 хэлэлцээр байгуулагдсан. Мөн “Казахстан-Монголын Бизнес форум”-ын үеэр 20 гаруй сая ам.долларын өртөг бүхий 19 арилжааны гэрээнд гарын үсэг зуржээ.


Онцлох гэрээнүүдэд


  • lКазахстаны “Самрук-Казына” сан болон “Эрдэнэс Монгол” ХХК хооронд чухал ашигт малтмалын хайгуул, боловсруулалт хийх санамж бичиг.
  • Монголын улаан буудайн импортын хэрэгцээг Казахстан 100 хувь хангах урт хугацааны гэрээ.
  • Монгол руу бензин, дизель түлш, түүхий газрын тос тогтвортой нийлүүлэх үүрэг амлалт.
  • Монголд малын вакцин үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах, агротехнологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг багтана.


Казахстаны хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал болон малын био-аюулгүй байдлын салбарт гаргасан ололт амжилт нь нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг (70 сая толгой малтай) боловч түүндээ нэмүү өртөг шингээж чадахгүй байгаа Монголын мал аж ахуйн салбарын хүндхэн сорилтуудыг шийдвэрлэхэд чухал түлхэц болно. Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч К.Токаев Монголд вакцин үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах, орчин үеийн агротехнологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний стандартыг олон улсын аюулгүй байдлын хэм хэмжээнд нийцүүлэх төлөвлөгөөгөө албан ёсоор танилцуулсан юм. Үүний зэрэгцээ талууд хоёр талын боловсруулах салбарын харилцааг шинэ шатанд гаргав.


Тухайлбал, ноос, арьс ширний салбарын хэлэлцээрт үндэслэн Монголын хөрөнгө оруулагчид тус салбарт хуримтлуулсан өөрсдийн арвин туршлагадаа тулгуурлан Казахстаны мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байна.


Казахстаны хувьд энэхүү түншлэл нь Зүүн хойд Азийн зах зээл рүү нэвтрэх "эрсдэл багатай гарц" болж байгаа бол Монгол Улсын хувьд экспортын 90 гаруй хувийг шингээдэг Хятад, эрчим хүчний хамааралтай Орос гэсэн хоёр хөршөөсөө хэт хамааралтай байдлаа бууруулах стратегийн ховор боломж юм. Энэхүү хамтын ажиллагааны үр өгөөж зөвхөн хоёр улсаар хязгаарлагдахгүй: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бүс нутгийн экологийн дээд хэмжээний уулзалт 2026" (RES 2026)-д оролцохоор ирсэн Арменийн Ерөнхийлөгч Вахагн Хачатурянтай уулзах үеэрээ Монгол-ЕАЭЗХ-ны хэлэлцээрээр дамжуулан Өмнөд Кавказын зах зээлд Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргах боломжийг хэлэлцсэн нь үүний нэг илрэл юм.


Хоёрдугаарт, талуудын харилцан айлчлал нь хоёр улсын гадаад бодлогын үндсэн номлол болох Монголын “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон Казахстаны “Олон тулгуурт” (multi-vector) дипломат бодлогыг шинэ шатанд гаргаж байна. Монгол Улсын хувьд Казахстантай харилцаагаа гүнзгийрүүлж буй нь "Гуравдагч хөрш"-ийн бодлогыг баруун зүгт бодитоор хэрэгжүүлж, Евразийн талын энэхүү улсыг хоёр хөршөөс гаднах стратегийн найдвартай түнш гэж тодорхойлж буйн илрэл юм. Түүнчлэн Монгол Улс нь Казахстаны үүсгэн байгуулагч гишүүний хувиар манлайлдаг Түрэг Улсуудын Байгууллага (ТУБ)-тай тогтоосон харилцаагаа өргөжүүлж байна. Харин Казахстаны хувьд 2022 оны нэгдүгээр сарын үймээн болон ОХУ Украиний дайн зэрэг үйл явдлуудын дараа Оросоос хэт хамааралтай байдлаа бууруулах зорилгоор гадаад бодлогын чиг шугамдаа стратегийн засвар оруулсан. Ийнхүү Монголтой харилцах нь Төв Ази болон Зүүн Хойд Азийг холбосон “төвийг сахисан гүүр” болох Казахстаны бүс нутгийн байр суурийг бататгаж байгаа юм. Хоёр улсын аль аль нь Орос эсвэл Хятадын эсрэг чиглэсэн эвсэл байгуулахыг зорьдоггүй. Харин энэхүү түншлэл нь геополитикийн “улаан шугам”-ыг давахгүйгээр гадаад харилцаагаа төрөлжүүлэх (diversification) боломж олгож байна. Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал З.Дашням тэмдэглэснээр, хоёр улс “том хөршүүдийнхээ эмзэг талыг хөндөхгүйгээр прагматик хамтын ажиллагааг өрнүүлэх”-ийг эрмэлзэж байна.


Гуравдугаарт, эдгээр айлчлалууд нь хоёр Ерөнхийлөгчийн дотоод улс төрийн легитим байдлыг (хүлээн зөвшөөрөгдөх чадамж) бэхжүүлж, тэдний түүхэн өвөө үлдээх эрмэлзэлд чухал үүрэг гүйцэтгэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд энэхүү айлчлал нь бүрэн эрхийнхээ хугацаанд Төв Азийн таван улсад төрийн айлчлал хийх түүхэн зорилтоо амжилттай зангидаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр Монгол Улсын баруун зүгт(Еврази Төв Ази) чиглэсэн стратегийн эргэлтийн “гол архитектор” гэдгээ батлан харууллаа. Энэ нь мөн гадаад бодлогыг эдийн засгийн боломж болгон хувиргах замаар Хятадын зах зээлээс хамааралтай уул уурхайн экспортын авлигын гинжин хэлхээг таслах, засаглалыг цэвэрлэх зорилготой түүний "Ёс зүйн хувьсгал"(Их хурлын гишүүдийг эгүүлэн татах, авилга хээл хахуультай тэмцэх г.м) хөтөлбөрийг бататгаж байгаа юм. Харин Ерөнхийлөгч К.Токаевын хувьд "Шинэ Казахстан" шинэчлэлийнх нь гол цөм болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн бүх нийтийн санал асуулгаас хэдхэн долоо хоногийн дараа энэ айлчлал тохиож байна. Монгол Улсын төрийн тэргүүнийг хүлээн авч уулзсан нь нээлттэй, нөлөө бүхий, бүс нутгийн хамтын ажиллагааг эрхэмлэдэг Казахстан улсын шинэ дүр төрхийг (narrative) олон улсад баталгаажуулж, шинэчлэлийн бодлогоо дотооддоо дэмжүүлэхэд шаардлагатай дипломат томоохон амжилтыг түүнд авчирлаа


Харилцан суралцахуй: Хөгжлийн туршлага солилцох үйл явц


Казахстан-Монголын гүнзгийрч буй харилцааны хамгийн бага судлагдсан боловч стратегийн хувьд хамгийн чухал хэмжигдэхүүн нь тэдний бие биенээ нөхөх давуу тал болон нийтлэг эмзэг байдалд (landlocked status) тулгуурласан засаглал, хөгжлийн туршлага солилцох үйл явц юм. Хоёр улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, их гүрнүүдийн эдийн засгийн дарамт зэрэг ижил төрлийн сорилтуудтай нүүр тулж байна.

Улаанбаатар Астанагаас юу сурч болох вэ?


Бүтцийн сул талуудаа давуу тал болгон хувиргасан Казахстаны дараах загварууд Монгол Улсад чухал туршилт болж байна:


Хөрөнгө оруулалт татах загвар: Төв Азийн нийт ГШХО-ын бараг 70 хувийг (151.3 тэрбум ам.доллар) татаж чадсан Казахстаны туршлага Монголд томоохон жишиг болно. Энэхүү амжилт нь эрх зүйн нэгдсэн орчин, хөрөнгө оруулагчдад зориулсан "нэг цэгийн үйлчилгээ" болон татварын урамшуулал бүхий эдийн засгийн 17 тусгай бүсэд суурилдаг. Энэ нь уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт татахыг зорьж буй Монгол Улсад бэлэн загвар юм.


Транзит тээвэр: "Дундад коридор" (Транс-Каспийн зам)-оор дамжуулан газарзүйн тусгаарлагдмал байдлаа давуу тал болгож, Европ-Азийн тээврийн зангилаа болж чадсан Казахстаны туршлага Монголын хувьд "хөтөлбөр" болон харагдаж байна. Айлчлалын үеэр Астана-Улаанбаатарын шууд нислэгийг сэргээх, Өскемен-Баян-Өлгий чиглэлийн шинэ маршрут нээх ажлын хэсэг байгуулсан нь Оросын нутаг дэвсгэрээр дамжих ачаа тээврийн хамаарлыг бууруулах бодит алхам юм.


Цахим засаглал: 2026 оныг "Хиймэл оюун ухааны жил" болгон зарласан Казахстан улс Astana Hub технопаркт түшиглэсэн технологийн экосистемийг бүрдүүлсэн. Төрийн үйлчилгээний 90 гаруй хувийг онлайн болгосон eGov системийн туршлага нь Монголын e-Mongolia платформтой үйл ажиллагааны хувьд нягт уялдаж байна.

Астана Улаанбаатараас юу сурч болох вэ?


Казахстаны шинэчлэлийн хөтөлбөрт Монголын дараах туршлага үнэ цэнэтэй сургамж болж байна:


Геополитикийн тэнцвэр: Монгол Улсын 30 жилийн турш хэрэгжүүлсэн "Гуравдагч хөрш"-ийн бодлого нь хоёр том хөршөөс хэт хамааралтай болохоос сэргийлж, дэлхийн олон талт түншлэлийг хөгжүүлсэн батлагдсан арга барил юм. Украины дайны дараах геополитикийн эгзэгтэй үед Казахстаны хэрэгжүүлж буй "Олон тулгуурт" дипломат бодлого нь Монголын энэхүү туршлагатай тун төстэй байна.


Байгаль орчны менежмент: Бэлчээрийн тогтвортой менежмент болон хуурай бүс нутгийг нөхөн сэргээх чиглэлээр Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. 2026 оныг "Бэлчээр, нүүдэлчдийн олон улсын жил" болгох санаачилга болон UNCCD COP17 уулзалтыг зохион байгуулах эрх авсан нь үүний баталгаа юм. Хоёр улс Монголын "Тэрбум мод" болон Казахстаны "Хоёр тэрбум мод" хөдөлгөөнүүдийг нэгтгэн Алтай дамнан хэрэгжүүлэх экологийн төслийг RES 2026-ийн хүрээнд эхлүүлээд байна.


Ардчилсан засаглал: Баян-Өлгий аймаг дахь казак үндэстний цөөнхийг засаглалд хүртээмжтэй оролцуулж буй Монголын загвар нь хил дамнасан үндэстний эв нэгдлийн үлгэр жишээ болж байна. Мөн Freedom House-ийн 2026 оны тайланд Монгол Улс 84 оноогоор "эрх чөлөөтэй" гэж үнэлэгдсэн нь Казахстаны (23 оноо) дотоод шинэчлэлд дарамт багатай, сайн жишиг болон харагдаж байна.


Стратегийн ач холбогдол ба бүтцийн зайлшгүй хязгаарлалтууд


Дээд хэмжээний уулзалтын ач холбогдол хоёр талын харилцаанаас хавьгүй өргөн хүрээг хамарч байна. Бүс нутгийн хувьд энэхүү түншлэл нь Төв болон Зүүн хойд Азийн хооронд чухал гүүрийг бий болгож байгаа бөгөөд Токаевын санал болгосон "Транс-Алтайн яриа хэлэлцээ" платформ нь үүнийг Алтайн уулархаг бүсийн дөрвөн улсын бүс нутгийн хамтын ажиллагааны бүтэц болгон өргөжүүлэхийг зорьж байна. Хоёр ерөнхийлөгч мөн Монгол Улсыг ирээдүйн C5+1 яриа хэлэлцээнд оруулах боломжийн талаар ярилцаж, түүхэндээ гадуур үлдсээр ирсэн бүс нутгийн архитектурт Монголын байр суурийг албан ёсоор баталгаажуулав.


Гэсэн хэдий ч өргөжин тэлж буй түншлэлд томоохон бүтцийн хязгаарлалтууд бий. Хамгийн хүндрэлтэй саад нь газарзүйн байрлал юм. Дундын хил хязгааргүй байгаа нь ачаа тээвэр болгон Орос эсвэл Хятадын нутгаар дамжин өнгөрөх ёстой гэсэн үг бөгөөд энэ нь хоёр талын худалдааг гадны нөлөөний хориг болон өртгийн инфляцид өртөмтгий болгодог. Төлөвлөгдөж буй хурдны зам нь тээврийн хугацааг 800 километрээр богиносгож, ложистикийн зардлыг 20 хувиар бууруулах амлалт өгч байгаа ч энэ нь Оростой гурван талт хэлэлцээр хийхийг шаардах бөгөөд хэзээ дуусах нь тодорхойгүй байна.


Хоёрдугаарт, хоёр талын худалдаа маш тэнцвэргүй хэвээр байгаа бөгөөд 2025 онд нийт худалдааны эргэлтийн 90 гаруй хувийг Казахстаны экспорт бүрдүүлжээ. Монголын экспортод нэмүү өртөг шингээгээгүй мал аж ахуйн түүхий эд голчилдог бол, Казахстан улс нэмүү өртөг шингэсэн хүнс, машин механизм, аж үйлдвэрийн бараа нийлүүлдэг. Энэхүү динамик нь тэнцвэртэй харилцан хамаарал гэхээсээ илүү хараат байдлыг бэхжүүлэх эрсдэлтэй юм. Худалдааны эргэлтийг 500 сая долларт хүргэх зорилтод хүрэхийн тулд Монголын боловсруулах хүчин чадалд томоохон өөрчлөлт авчрах хөрөнгө оруулалт шаардлагатай.


Гуравдугаарт, дотоодын улс төрийн тодорхойгүй байдал нь урт хугацааны тасралтгүй үйл явцыг тасалдуулж болзошгүй. Монголд Ерөнхийлөгч Хүрэлсүх 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зургаан жилийн хугацаатай, дахин сонгогдох эрхгүй ганцхан бүрэн эрх хэрэгжүүлэхээр хязгаарлагдсан. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль аль хэдийн ширүүн өрсөлдөөн болох төлөвтэй байгаа тул шинэ засаг захиргааны үед түүний баруун тийш чиглэсэн эргэлтийн ач холбогдол буурч магадгүй. Казахстаны хувьд Токаевын байр суурь тогтвортой байгаа мэт боловч түүний шинэ үндсэн хуулийн тогтолцоог хэрэгжүүлэх ажил эхний шатандаа яваа бөгөөд хүнд суртлын эсэргүүцэл хамтын ажиллагааг удаашруулж болзошгүй байна. Эцэст нь, түншлэл нь үл үзэгдэх геополитикийн улаан шугам-тай тулгарч байна. Аливаа утга учиртай өргөжилтөд Орос, Хятадын далд зөвшөөрөл шаардлагатай бөгөөд аль аль улс нь аварга хөршүүдээ хөндийрүүлэхийг хүсэхгүй. Түншлэлийн хамгийн том давуу тал болох эвсэлд үл нэгдэх, төвийг сахисан шинж чанар нь өөрөө хамгийн том хязгаарлалт болж, хамтын ажиллагааг бүс нутгийн статус-кво-г алдагдуулахгүй салбаруудаар хязгаарлаж байна.


Стратегийн ач холбогдол болон бүтцийн хязгаарлалтууд


Энэхүү дээд хэмжээний уулзалтын ач холбогдол нь зөвхөн хоёр талын харилцаагаар хязгаарлагдахгүй, илүү өргөн хүрээг хамарч байна. Бүс нутгийн түвшинд энэхүү түншлэл нь Төв болон Зүүн хойд Азийн хооронд стратегийн чухал гүүрийг бий болгож байгаа бөгөөд Ерөнхийлөгч К.Токаевын санал болгосон "Транс-Алтайн яриа хэлэлцээ" платформ нь үүнийг Алтайн нурууг дамнан орших дөрвөн улсын бүс нутгийн хамтын ажиллагааны бүтэц болгон өргөжүүлэхийг зорьж байна. Мөн хоёр Ерөнхийлөгч Монгол Улсыг ирээдүйд "C5+1" яриа хэлэлцээний форматад оруулах боломжийг хэлэлцсэн нь бүс нутгийн архитектурт Монголын байр суурийг албан ёсоор баталгаажуулах чухал алхам болов.

Гэсэн хэдий ч энэхүү өргөжин тэлж буй түншлэлд бүтцийн шинжтэй хэд хэдэн томоохон хязгаарлалт саад болж байна:


Газарзүйн түгжигдмэл байдал: Хамгийн том бэрхшээл бол газарзүйн байрлал юм. Дундын хил хязгааргүй байдал нь бүх ачаа тээвэр Орос эсвэл Хятадын нутгаар дамжин өнгөрөх зайлшгүй нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь хоёр талын худалдааг гадны нөлөө болон зардал өсөх эрсдэлд (өртгийн инфляци) өртөмтгий болгож байна. Төлөвлөж буй хил дамнасан хурдны зам нь тээврийн хугацааг 800 км-ээр богиносгож, ложистикийн зардлыг 20 хувиар бууруулах боломжтой ч үүнд Оростой хийх гурван талт хэлэлцээр зайлшгүй шаардлагатай бөгөөд хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна.


Худалдааны тэнцвэргүй байдал: Хоёр улсын худалдааны харилцаа маш тэнцвэргүй хэвээр байна. 2025 онд нийт эргэлтийн 90 гаруй хувийг Казахстаны экспорт (нэмүү өртөг шингэсэн хүнс, машин механизм, түлш) бүрдүүлсэн бол Монголын экспорт нэмүү өртөг шингээгүй мал аж ахуйн түүхий эд голчилсон хэвээр байна. Энэхүү динамик нь тэнцвэртэй түншлэл гэхээсээ илүү хараат байдлыг бэхжүүлэх эрсдэлтэй тул Монголын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалт нэн шаардлагатай.


Улс төрийн тодорхойгүй байдал болон Геополитик: Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгогдох эрхтэй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй энэ үед Хүрэлсүхийн эхлүүлсэн "баруун тийш чиглэсэн стратегийн эргэлт" дараагийн засаг захиргааны үед хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна. Казахстаны хувьд ч шинэ үндсэн хуулийн тогтолцоог хэрэгжүүлэх ажил эхний шатандаа яваа бөгөөд хүнд суртлын эсэргүүцэл хамтын ажиллагааны хурдыг сааруулж болзошгүй. Энэхүү түншлэл нь үл үзэгдэх геополитикийн хязгаартай тулгарч байна. Аливаа бодит ахиц дэвшилд Орос, Хятадын далд зөвшөөрөл шаардлагатай бөгөөд хоёр улсын аль аль нь аварга хөршүүдээ хөндийрүүлэхээс болгоомжилж байна. Түншлэлийн хамгийн том давуу тал болох "төвийг сахисан" шинж чанар нь нөгөө талаас хамтын ажиллагааг бүс нутгийн статус-кво-г алдагдуулахгүй салбаруудаар хязгаарлах нөхцөл болж байна.


Дүгнэлт



Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстанд хийсэн түүхэн айлчлал нь нүүдэлчдийн нийтлэг өв соёлыг тэмдэглэхээс хавьгүй илүү агуулгатай байв. Энэ нь их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөн дунд газарзүйн эмзэг байдлаа боломж болгон хувиргахыг эрмэлзэж буй хоёр "дунд гүрэн"-ий прагматик түншлэл төлөвшиж буйн тод илрэл юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрүүд, арилжааны гэрээ болон дэд бүтцийн төлөвлөгөөнүүд нь Казахстан, Монгол хоёр улс бэлгэдлийн чанартай дипломат ярианаас давж, бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагаа руу шилжсэнийг баталлаа. Түүнчлэн хөгжлийн туршлагаа харилцан солилцож буй нь энэхүү түншлэлийг Евразийн улсууд бие биеэсээ суралцах шинэ загвар болгон бэхжүүлж байна. Гэвч энэхүү түншлэлийн эцсийн амжилт нь гарын үсэг зурсан баримт бичгийн тоогоор бус, харин газарзүйн бүтцийн саад бэрхшээл, худалдааны тэнцвэргүй байдал болон геополитикийн "улаан шугам"-ыг хэрхэн ухаалгаар даван туулах чадвараар хэмжигдэнэ.


Монгол Улсын хувьд: Казахстантай тогтоосон харилцаа нь хоёр хөршөөсөө хамаарах хамаарлаа төрөлжүүлж (diversification), геополитикийн тэсвэртэй байдлаа (resilience) бодитоор бэхжүүлж чадах эсэх нь гол шалгуур болно.


Казахстаны хувьд: Энэхүү түншлэл нь дотоодын шинэчлэлийн хөтөлбөрөө урагшлуулахын зэрэгцээ "Евразийн гүүр" болох бүс нутгийн манлайллаа бататгаж чадах эсэхийг сорих юм. Их гүрнүүдийн сөргөлдөөн бүс нутгийн бие даасан санаачилгуудыг шахан гаргаж буй өнөөгийн нөхцөлд Астана-Улаанбаатарын тэнхлэг нь дунд гүрнүүд өөрсдийн ашиг сонирхлоо хэрхэн нэгтгэж болдгийг харуулсан итгэл төрүүлэхүйц "сөрөг хүүрнэл"-ийг дэлхий дахинд санал болгож байна.

 



Судлаач Ч.Сумьяа

Эх сурвалж: The Diplomat