sonin.mn

Миний бие сайн нөхдийн дэмжлэгээр Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, клубын гол сайт индэр baabar.mn-д гишүүн боллоо. Ийм их итгэл хүлээснийх бичээд байдаг хэрэг ээ. Шинэ нийтлэл маань. Ухаангүй “Хаан”-ы урагшгүй албатуудын байж байгаа царайг хараад, уурлаж бухимдсан Москвагийн элитүүд хуйвалдан “Operation Twilight” (“Үдшийн ажиллагаа”) нэртэй төрийн эргэлт хийх аюултай Путин нүүр тулж магадгүй байна хэмээн Британийн “Mirror” сонины 2026.04.18-ны дугаарт бичсэнийг уншлаа. Зарим чухлыг нь хөрвүүллээ.

 

Уг нийтлэлд “Орос гүрэн 1905 онд Японтой хийсэн дайнд ялагдсан явдал давтагдаж болзошгүй гэсэн нэгэн хувилбар хаа сайгүй яригдаж байна” гэжээ. Хаа сайгүй гэдэг нь Лондонд ч, Улаанбаатарт ч бас Вашигтон, Токио, Канберра, Бангкок, Будапешт, Найроби, Варшавт ч, мэдээжийн хэрэг Киевт, гудамж талбай, албан тасалгаа, айл өрх, нийтийн унаа, ууш цэнгээний газар, ер нь хаа сайгүй л ил тод ярьцгааж элдэв таамаг, хувилбарууд дэвшүүлцгээж байна гэсэн үг юм биш үү? Уншигч Та ч бас тэдний нэг байж магадгүй. Харин Орост бол Москвад, хот тосгодод, хөдөө хээр, фронт дээр, орон дотроо шивнэн ярьж байгаа л даа!


Тус сонины редакцад Эстониос “Оросын цэрэг тагнуул, улс төр, эдийн засаг, банк санхүү, бизнесийг атгадаг полигархи баячууд өөрийн хөрөнгө, нэр төрөө аварч үлдэхийн тулд ямар ч утгагүй дайн хийж байгаа “Хаан”-ыхаа эсрэг “Үдэш”-ийн цагаар “довтлож” магадгүй бололтой” гэсэн утгатай мэдээлэл иржээ. Гитлерийн “Урт хутганы шөнө”-ийг санаж байна уу? Түүнийг давтах гэж байгаа юм болов уу? Хэрэв ийм бүтэлгүй янзаараа цаашид “мөлхөөд” байвал тун магадгүй.

 

Орост “толгойгоо сольдог” хэд хэдэн сонгодог арга бий. Оросын полигархиуд КГБ-ФСБ-тэйгээ хуйвалдан “Эзэн Хаан”-аа“нас барсан” гэдэг “эмгэнэлт-инээдмийн жүжиг” дахин нэг үзүүлж магадгүй л байх. Аймшигт КГБ-ФСБ бол Ленин, Сталин, Брежнев, Андропов, Ельцин нараа “нас баруулаад” араас нь гашуудан уйлдаг, уйлуулдаг нэг мэргэн аргатай. Угаасаа сурцтай. Эсвэл “Хуурамч Дмитрий хаан”-ыг гаргаж ирж нэг болох юм. Дараалсан гурван “Хуурамч Дмитрий хаан” 1607-1612 онд Орост хаанчилсан даа. Яг засгийн эрхийг бол тэр үед “Ордны тайганууд” барьж байсан. Тэд 1970-1980-аад онд Брежневийг, 1990-ээд онд Ельцинийг “хүүхэлдэй” болгоод засаглаж байсан туршлагатай. Тэр сценар нь юу вэ гэхлээр Путин гэдэг хүн бол байж л байна. Мэдээжийн хэрэг эрх мэдэл нь “нету-ла”. Тэр бээр олны өмнө харагдана. Гэхдээ Ельцин шиг ил тод ууж идээд явахгүй, нуугдаж байдаг бункерээсээ on-line-аар харагдана. Амжилттай байлдаж байгаа тухайгаа сайхан ярина. Амь тариа. Ард түмэн тайширна. Яг Лавров шиг. Лавров ОХУ-ын Гадаад яамыг одоо ч de-jure толгойлж байгаа л даа. Гэхдээ хөөрхий аль эрт гэрийн хорионд de-facto орсон байх. 


Гэхдээ Путин бол маанаг Брежнев, согтуу Ельцин биш. ОХУ-ын Ерөнхийлөгч гэдэг албан тушаал нь Путины өнгөн дээр дундат зууны үеийн хэмжээгүй эрхэт “Эзэн Хаан” болсон гэж мэд! Орост хэн түүнийг дийлэх юм бэ, одоо? 


Түүний дэргэд АНУ-ын Ерөнхийлөгч ч жулдана. Түүнийг Конгресс, Сенат, Шүүх, Прокурор, сөрөг хүчин нь, намын нөхөд нь, сонгогчид нь, ард түмэн нь “Боль чи” гээд зандарч “дээрэлхэж” чадна. Британи, Япон, Тайландын Эзэн хаад бол ёстой жинхэнээсээ “хүүхэлдэй” шүү, Путины дэргэд. Африкийн “Хаад” дөхөж очиж магадгүй. Ким “дүү” нь харин дөхөж очихоор барахгүй давж гарах байх. Иймд КГБ-ын мастер-чекист Путинтэй ингэж “тоглох” бол тун осолтой!


Гэхдээ “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг ардын мэргэн үг бий. Полигархиуд КГБ-ФСБ-тэй хуйвалдан “Эзэн Хаан”-аа гэрийн хорионд оруулаад дайныг зогсоон, түүнийг “өндөр үнээр” Олон Улсын Шүүхэд “зарах” нэг хувилбар бас бий.


Энэ их унацтай наймаа. Далиманд нь дайн зогсоосон гавьяатай. Тэд бол хоосон үзэл сурталчид биш сонгодог прагматикууд гэдгийг нэг бодчихоорой. Нэг иймэрхүү хар сэр явж байтал 2026.04.22-нд Орос-Зөвлөлтийн цуст хувьсгалын удирдагч В.И.Ленин “багш”-ынхаа төрсөн өдрөөр Оросын хоёр дахь том нам болох ОХУКН-ын дарга Г.Зюганов Төрийн Думд үг хэлэхдээ ёстой алж тавилаа:–Бид Ерөнхийлөгч Путиныг болон түүний стратеги, бодлогыг дэмжихийн тулд чадах бүхнээ хийсээр ирсэн. Харин Та нар, Засгийн газар сонсохгүй байна. Хэрэв Та нар, Засгийн газар санхүү, эдийн засаг болон бусад яаралтай арга хэмжээг нэн даруй авахгүй бол энэ намар гэхэд 1917 онд болсон явдал давтагдах аюул биднийг хүлээж байна. Бидэнд тэр алдааг давтах эрх байхгүй. Ямар нэг шийдвэр гаргацгаая! Ёстой ориг мэдэгдэл. Москва дахь Reuters агентлагийн сурвалжлагч “Leader of Russia's Communists warns parliament of risk of revolution due to faltering economy” гарчигтай нийтлэлдээ дурдсан байна. Өөр ч олон эх сурвалж энэ сонирхолтой мэдээг дамжуулж байна. Оросын коммунистуудын удирдагч “Путины зарлан хуралдуулсан саяхны Засгийн газрын хурал “Хамгийн түгшүүртэй уур амьсгалд дунд болж өнгөрсөн” гэж нэмж хэлжээ. Яасан юм бол? Хэрэлдсэн юм болов уу, эсвэл нармайгаа нээлцэв үү? 


Энэ сүүлчийн өгүүлбэрийг анхааралтай уншвал “Эзэн Хаан”-ы өөрийнх нь сонгож авсан сайд нар нь эзнээ үл тоомсорлоод эхэлжээ гэмээр тун ноцтой агуулга уншигдаж байх шиг. Энэ өгүүлбэрийг эргүүлээд “Operation Twilight”-тай холбоод бодохоор логик нь гараад ирж байгаа юм биш үү? 


Г.Зюганов өнгөн дээрээ Засгийн газар руу дайрч байгаа боловч энэ сайдуудыг хэн томилсон билээ гэдгийг бяцхан орос хүүхэд ч мэднэ дээ. Түүнийг энэ үгээ хэлж байхад Думын танхимд зарим гишүүд (айж ичсэн шинжгүй?) алгаа хорстол ташиж байхыг Төрийн Думын дарга, Путины ойрын холбоотон В.Володин тун анхааралтай (магадгүй нэн түгшүүртэй?) сонсож суусан аж. Лондонгоос илгээсэн “1905 онд Японтой хийсэн дайнд ялагдсан явдал давтагдаж болзошгүй байна” гэсэн түгшүүрийн дохионы дуу замхраагүй байхад 4-хөн өдрийн дараа Оросын төрийн индрээс “1917 онд болсон явдал давтагдах нь” гэсэн бас нэг түгшүүрийн дохио залган хангинаж байгаа нь байдал тун ноцтой болсны шинж байх. “1917 онд болсон явдал” гэдэг нь Октябрь сарын цуст хувьсгалаар Хаант Оросын төрт-улс нуран унасан, ард иргэний нэртэй дотоодын дайн самуун дэгдсэн гэдгийг манай мэргэн уншигчид мэднэ дээ. Тэгэхээр ийм эмгэнэлт явдлуудаасаа сургамж авч Оросууд одоо ямар алхам хийх нь вэ гэдгийг дэлхий нийт анхааралтай харж байна. 


Одоо “Эзэн Хаан” Путин титэмээ алдах уу? гэдэг асуудал руугаа эргэж оръё. 

 

Хийсвэрээр сэтгэвэл (бас онолын хувьд?) боломжтой. Харин бодит амьдрал дээр бол асуудалтай. Гэхдээ л аминд тулсан цагт ямар ч асуудлыг шийдэж болдог. Тэр тусмаа эрх мэдэлтнүүд нь мөнгөтөй хүмүүстэйгээ нэг талдаа гарчихвал тулгарч буй асуудал “онолын хувьд” биш бодит амьдрал болон хувирна.


Оросын диссидент Игорь Эйдман “The Sun”сонинд ярилцлага өгөхдөө: 


-Олигархууд болон бизнесийн магнатууд урт хугацаанд Путинд эрх мэдлээ бататгах гол тулгуур болж ирсэн. 

-Гэсэн хэдий ч Украинд халдан довтолсноос хойш Орос улс барууны эдийн засгийн хоригт орж баячуудын банкан дахь асар их зоос нь аривжих биш гоожиж дууслаа. 

-Тэд энэ дайныг үтэр түргэн дуусгаж, баян Европын зах зээлийг эргүүлэн олж аваад нүүрс болон газрын тосоо элдэв хоригоос ичиж эмээлгүй зарж борлуулан, Баруун руу чөлөөтэй аялдаг байсан хуучны сайн цаг үеэ эргүүлэн авчирахыг маш их хүсч байна.

-Гэтэл “Эзэн Хаан” дайны ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд улсынхаа хамгийн баян иргэдийн халаас руу гар дүрж байгаа нь олон арван жилийн дараа анх удаа, эрх баригчид болон элитийн ашиг сонирхолтой ил тод зөрчилдөж байна.

-Баянчууд тайван, тав тухтай амьдарч байсан бол одоо тэд байнга стрессдэж байна.

-Тасралтгүй өсөж буй төсвийн алдагдлын цоорхойг нөхөх гэж үйл тамаа үзэж байна гэжээ.

 

Путиныг тун аюултай байдалд оруулсан эргэн тойрных нь “цөөвөр чонууд” түүн рүү эв нь таарвал тал талаас нь ноцоход бэлэн болсон бололтой. “Эзэн Хаан” Путин титэмээ ч алдаж магадгүй гэж Барууны олон ажиглагчид үзэж байна. Дарангуйлагч унах үед "Даалууны эффект" үйлчилдэг. Путин унах нь одоо цаг хугацааны л асуудал байх. Ганцхан "даалуу" сугалахад л систем нурдаг зүй тогтолтой. Харин тэр “Ганцхан даалуу" нь хэн бэ, юу вэ? Хэн түүнийг “сугалах” вэ? “Ямар нэг шийдвэр гаргацгаая!” гэж Зюганов уриалж байгаа нь юуны дохио вэ? 


Тодын Отгонбаяр (Лондон зураач)  2026.04.24