sonin.mn

ЛОНДОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /TASS/. Их Британийн хаан III Чарльз хатан Камиллагийн хамт АНУ-д хийх дөрөв хоногийн төрийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Энэхүү айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 болон 2025 онд Их Британид хийсэн хоёр удаагийн төрийн айлчлалын хариуд хийж буй айлчлал юм. Энэ удаагийн айлчлал нь АНУ Их Британиас салж, тусгаар тогтносны 250 жилийн ойг тохиолдуулан хийж буйгаараа онцлог. Түүнчлэн III Чарльз хаан сүүлийн 25 жилийн хугацаанд АНУ-ын Конгрессын ордонд (Капитоли) үг хэлсэн Их Британийн анхны хаан болно. Хамгийн сүүлд 1991 онд түүний эх, Хатан хаан II Елизабет АНУ-д төрийн айлчлал хийх үеэрээ энэ хүндэтгэлийг хүлээж байжээ.


Хатан хаан II Елизабет хаанчлалынхаа хугацаанд 1957, 1976, 1991 болон 2007 онд АНУ-д нийт дөрвөн удаа төрийн айлчлал хийжээ. Харин хаан Чарльз Уэльсийн хунтайж байхдаа тус улсад нийт 19 удаа айлчилж байв.


“The Times” сонинд мэдээлснээр, Хааны гэр бүл ерөнхийлөгчийн зочдод зориулсан албан ёсны ордон болох Блэр-хауст байрлана. Цагаан ордны эсрэг талд байрлах энэхүү ордонд 1942 оноос хойш гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, тэдний төлөөлөгчдийг хүлээн авч иржээ. Их Британийн хааны айлчлал Д.Трамп болон тэргүүн хатагтай Мелания нартай цай ууснаар эхэлнэ. Мөн Вашингтонд болох хүлээн авалтад оролцож, төрийн хүндэтгэлийн оройн зоог барина. Их Британийн хаан мөн Нью-Йорк хотод очиж 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэнэ. Мөн Виржиниа муж улс дахь уугуул иргэдийн суурингуудаар зочлох аж.


Энэхүү айлчлал аюулгүй байдлын өндөр түвшний хамгаалалт дор болно. Дөрөвдүгээр сарын 25-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сэтгүүлчдийн хамт оройн зоог барьж байх үеэр гарсан хэргээс үүдэн айлчлалын хөтөлбөр өөрчлөгдөж магадгүйг Букингемийн ордон үгүйсгээгүй байна.


Улмаар энэ асуудлыг талууд 26-ны өдөр хэлэлцсэний эцэст айлчлалыг "анх төлөвлөсний дагуу" явуулахаар шийдвэрлэжээ. Их Британийн хувьд энэ айлчлалын гол зорилго нь сүүлийн үед муудаад байгаа Вашингтонтой тогтоосон "онцгой харилцаа"-г сэргээх явдал юм. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Ираны эсрэг АНУ-ын явуулж буй цэргийн ажиллагааг дэмжихээс татгалзсан нь хоёр орны харилцаа муудах гол шалтгаан болсон бөгөөд эл шийдвэр нь Америкийн удирдагчийн зүгээс шүүмжлэл дагуулахад хүргэсэн байна. Их Британийн хувьд энэхүү айлчлалын гол зорилго нь сүүлийн үед муудаад байгаа Вашингтонтой тогтоосон “онцгой харилцаа”-г өмнөх түвшинд хүргэж сэргээх явдал юм.


Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер АНУ-ын Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг дэмжихээс татгалзсан нь хоёр талын харилцаа муудахад нөлөөлж, Америкийн удирдагч хурцаар шүүмжлэх шалтгаан болсон байна. Д.Трамп түүнийг Их Британийн Ерөнхий сайдыг Уинстон Черчиллийн зиндаанд хүрэхгүй байна гэж шүүмжилжээ.


Энэ нь британичуудын АНУ-д хандах хандлагад ч нөлөөлсөн байна. Олон нийтийн санал асуулгуудын дүнгээс харахад Их Британийн иргэдийн дийлэнх нь АНУ-тай харилцаа хэт ойр болсон гэж үзэж байгаа аж. YouGov судалгааны байгууллагын судалгаагаар ийм байр суурьтай хүмүүсийн тоо 43 хувьд хүрсэн нь 2025 оны дөрөвдүгээр сартай харьцуулахад 9 пунктээр өсжээ. Санал асуулгад оролцогчдын ердөө 14 хувь нь Их Британи ба АНУ-ын хооронд “онцгой харилцаа” хэвээр байгаа гэж үзсэн бол 60 хувь нь энэхүү харилцаа одоо байхгүй болсон гэж хариулжээ. Харин санал асуулгад оролцогчдын 42 хувь нь айлчлалыг дэмжсэн бол 45 хувь нь цуцлах хэрэгтэй гэж хариулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр мөн Их Британийн хааныг “зоригтой, агуу хүн” хэмээн тодорхойлжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг