sonin.mn

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган нар өнөөдөр “Дакар-2026” Залуучуудын IV зуны олимпын наадамд оролцох эрхээ аваад буй тамирчид, дасгалжуулагчид болон холбоодын төлөөллийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.


Монгол Улсаас спортын 6 төрөлд нийт 10 тамирчин эрхээ аваад байна. Үүнд:


  • 3х3 сагсан бөмбөг – 4 тамирчин
  • Усанд сэлэлт – 2 тамирчин
  • Бокс, жүдо, дугуй, элсний бөх – тус бүр 1 тамирчин оролцоно.


Монголын багийн бүрэлдэхүүнд тус наадмын мэдээлэл болон бэлтгэл ажил хангах, зохион байгуулалтын мэдээллийг МҮОХ-ны ажлын албанаас хийв. “Дакар-2026” наадам 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-нд Сенегал улсын Дакар хотноо зохион байгуулагдах бөгөөд Африк тивд болох анхны Олимпын спортын наадам гэдгээрээ онцлогтой. “Сингапур-2010” залуучуудын анхдугаар зуны олимпын наадамд гимнастикийн төрөлд Г.Эрдэнэболд, чөлөөт бөхийн охидын 60 кг-ын жинд Б. Батцэцэг нар алтан медаль хүртэж, Монголын багийн амжилтын буухиаг эхлүүлсэн бол “Наньжин-2014” залуучуудын II зуны олимпын наадамд чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд Б. Дөлгөөн мөнгөн медаль, “Буэнос-Айрес-2018” залуучуудын III зуны олимпын наадамд жүдо бөхийн төрөлд Г.Тэмүүжин хөвгүүдийн 55 кг-д, Л. Сосорбарам охидын 52 кг-д тус тус мөнгөн медаль, чөлөөт бөхийн охидын 65 кг-ын жинд Т.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм. Монголын залуу тамирчид олимпын өмнөх амжилтын буухиаг үргэлжлүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр бэлтгэлээ базааж байна.