sonin.mn

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын асарт уухайн дуу цуурайтаж, Монгол наадмын сүр жавхланг илүү тодотгоно. Дэлгэсэн тэрлэг шиг уудам эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисоос хуран цугларсан харваачид цэц мэргэнээ сорьж, наадамчин олноо цэнгэлийн манлайд хөтлөх нь бахархам сайхан. Цэц мэргэн харваачдын уран чадварыг үзэж сонирхохоор сурын асар наадамчин олон болон жуулчдаар дүүрэн байлаа. 


Монгол түмний эртнээс уламжилж ирсэн энэхүү өв соёлын утга учрыг мэдэрсэн жуулчид “Үнэхээр бишэрмээр юм аа. Монгол сур харваа нь дуу хуур, ёс заншил, хүндэтгэлийг цогцлоожээ. Нумаа татаад сумаа тавих үед хүмүүсийн уухайлах нь эрч хүч, урам зориг өгч байна” хэмээн сэтгэл догдлон ярилцаж байв.


Ийнхүү нар хур тэгширсэн энэ жилийн наадмын сурын алтан зурхайгаас “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочин Монгол Улсын гарамгай харваач Намсрайн Нацагдоржийг уншигч тантай уулзуулж байна. 


“Аавыгаа дагаж сурын алтан зурхайд ойр өслөө”


Элтрүүт уул, Улзын гол, Саягийн гол, Чух нуур, Жараахайн гол, Сүүжийн булаг, Даагайн булаг гээд байгалийн үзэсгэлэн хосолсон газар бол яах аргагүй Монгол орны зүүн зүг хязгаарт орших Дорнод аймгийн Дашбалбар сум. Манай нийтлэлийн зочин Н.Нацагдорж энэ нутагт төрж өсөж, монгол өв соёлоо өвлөн уламжилж, эгэл сайхан амьдарч яваа эрхэм юм.


Монголчууд хүмүүний авьяас билэг, буян заяаг төрсөн нутаг ус нь түшиж, ивээлдээ багтааж явдаг хэмээн бэлгэшээдэг. Тиймээс түүний хүй цөглөж, хөлд орсон төрсөн нутаг, аав ээжийнх нь тухай яриагаар бидний ярилцлага үргэлжилсэн юм.


Тэднийх Дорнод аймгийн Дашбалбар сумынхаа Улаанхужир, Хадат гэх газраар нутаглаж байжээ. Харин хожим аав Д.Намсрай нь сумын төвд мужаанаар ажиллах болсон байна. Аав нь нум сум харваж, урладаг байв. Тиймээс ч Д.Нацагдорж багаасаа сурын алтан зурхайд ойр өсжээ. Аавынхаа нум сумыг нь зөөж, орчинд нь өссөнөөр нум сумтай нөхөрлөж эхэлсэн байна. Тэрээр сумандаа наймдугаар ангиа сурч төгсөөд, 1979 онд цэргийн албанд татагджээ. Цэргээс халагдаж ирснийхээ дараа 1982 оноос сур харваагаар идэвхтэй харваагаар хичээллэж, цэц мэргэнээ сорих болсон байна. Хүүхэд ахуй наснаасаа сур харваатай ойр өссөн нь түүний энэ замналын эхлэл болжээ.


Энэ тухайгаа тэрээр “1994 онд Хүдрээ мэргэний нутаг Баян-Уул суманд очих үеэрээ нум сум харваж, цэц мэргэнээ сорин, байгаа онож байхыг нь харахад их сайхан санагдаж, сур харвааны утга учир, үнэ цэнийг илүү мэдэрч байлаа. Сайхан наадам байдаг юм байна гэж бодсон” хэмээн дурссан юм. Ийнхүү сурын спортод илүү татагдаж, үүнээс хойш хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө олон амжилтын эхлэлээ тавьсан нь энэ. Энэ үеэс нум сумтай нөхөрлөж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлд зүтгэсээр ирсэн гавьяатай гэнэ.


“Төрийн наадмын Буриад сурын харваанд шавь минь түрүүлж, сайхан наадлаа”


Энэ жилийн Үндэсний их баяр наадам Н.Нацагдорж мэргэний хувьд онцгой дурсамжтай үлджээ. Өөрөө сурын алтан зурхайд цэц мэргэнээ сорьж зогсохын зэрэгцээ олон жилийн хөдөлмөр, сэтгэлээ зориулан бэлтгэсэн шавь нь Монгол Улсын мэргэн цол хүртсэн нь түүнд юутай ч зүйрлэшгүй баяр авчирсан байна. Энэ жилийн Буриад сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд түүний шавь Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Б.Ганчимэг түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн юм. Энэ тухай тэрээр “Шавь маань улсын мэргэн цол хүртэхийг хараад үнэхээр их баярласан. Өөрийн эрхгүй сэтгэл огшоод л сууж байлаа.


Арван жилийн өмнө ууган шавь маань Буриад сурын харваанд түрүүлж байсан. Энэ жил дахиад ийм сайхан баяр тохиолоо. Шавь нараа сургаад, өөрөө ч харваад явж байгаа маань хамгийн сайхан бахархал юм” гэлээ.


Шавийнхаа нэрийг зарлуулах мөчид багш хүний сэтгэл өөрийн эрхгүй огшиж, олон жилийн өмнөх өөрийнх нь амжилтын дурсамж сэргэн буусан биз ээ. Түүний сурын спорттой холбогдсон замналд 1998, 1999 он онцгой байр эзэлдэг. 1998 онд Дорноговь аймагт болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, спортын мастер цол хүртсэн бол жилийн дараа анх удаа төрийн их баяр наадмын сурын алтан зурхайд хүч сорьжээ. Тэр наадамд Даваахүү мэргэнтэй товхлон харваж, хоёрдугаар байрт шалгарснаар 36 насандаа Монгол Улсын гарамгай харваач цол хүртсэн нь хөдөлмөр, хичээл зүтгэлийнх нь үнэ цэнийг илтгэсэн томоохон амжилт болсон юм. Тэр үеийг эргэн дурсахдаа Н.Нацагдорж мэргэн “Даваахүү мэргэнтэй товхлож үлдсэн тэр мөч одоо ч тодхон санагддаг. Их догдолж байсан. Төрийнхөө наадамд амжилт гаргана гэдэг харваач хүн бүрийн мөрөөдөл шүү дээ. Түүнээс хойш наадамдаа бараг жил бүр оролцсон.


Ганц хоёрхон жил өнжсөн байх. Мөн шавь нартайгаа хамт наадамдаа оролцож эхэлсэн” хэмээн хуучиллаа. Н.Нацагдорж 1996 оноос нутагтаа хүүхэд, залуусыг сурын харваанд сургаж, шавь бэлтгэж эхэлсэн байна. Удалгүй түүний шавь нар нь улсын болон бүсийн чанартай тэмцээнүүдэд амжилт гаргаж эхэлжээ. 


Тухайлбал, 1998 оны төрийн наадмын хүүхдийн сурын харваанд эрэгтэй, эмэгтэй төрөлд шавь нар нь тэргүүн байр эзэлжээ. Мөн тэр жилээ Хэнтий аймгийн Батширээт суманд зохион байгуулагдсан “Алтаргана” наадамд багаараа түрүүлж, 2000 онд төрөлх Дашбалбар суманд болсон “Алтаргана” наадмын эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлэн, багаараа дэд байр эзэлжээ. Ийнхүү тэрээр өөрөө цэц мэргэнээ сорихын зэрэгцээ олон хүүхэд залуусыг сурын спортод хөтөлж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүрх сэтгэлээ зориулсаар яваа нэгэн юм. Сур харвааны талаар тэрээр “Сур харваа нь биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн өндөр тэвчээр шаарддаг спорт. Халуун хүйтнийг ажралгүй бэлтгэл хийж, тэмцээнд ч оролцоно. Цаг агаар ямар байгаагаас үл шалтгаалан сурын талбайд тооцоолол хийж харвана. Сур харвааны өв соёлыг өвлүүлэн уламжлуулахын тулд хүүхэд залуусыг тууштай сургах нь чухал. Ингэхдээ зөв арга барилаар сургах хэрэгтэй. 10 –аас дээш насны хүүхдүүд сур харваагаар идэвхтэй хичээллэхэд тохиромжтой.


Би өөрөө нум сумаа харваж, шавьтай нартаа үлгэрлэхийг хичээдэг. Шавь нартаа алдаа оноог нь хэлж, зөвлөгөө өгч зааж сургана. Миний аав нум сум урладаг байсан болохоор би ч мөн шавь нарынхаа нумыг завсарлаж, шинээр нум хийж үзэж байна” гэлээ.


Мөн Н.Нацагдорж мэргэний шавь бэлтгэх их үйлсэд аавынх нь сургаал ч нөлөөлжээ. Тэрээр залуу насандаа Дашбалбар сумынхаа 70 жилийн ойд түрүүлсний дараа аав нь “Миний хүү идэвхтэй сайн харваарай. Сайхан өв соёлоо олонд түгээж яваарай” гэж захисныг өнөөг хүртэл эрхэмлэн санаж явдаг аж.


“Наадам бүрд ханийгаа дагаад явдаг даа”


“Хамгийн том бахархлын нэг бол гэр бүлээрээ өв соёлоо түгээж яваа минь. Жил бүрийн наадмыг догдлон хүлээдэг. Гэр бүлээрээ өв соёлоо тээж, төрийнхөө их баяр наадам оролцоод явж байх бахархалтай санагддаг” хэмээн Н.Нацагдорж мэргэн хуучиллаа. Түүний хань мөн аймгийн гоц харваач цолтой бөгөөд сурын спортод сэтгэл зүрхээ зориулж яваа нэгэн. Тэд 1985 онд гэр бүл болж, өрх тусгаарлан, дөрвөн сайхан хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Хүүхдүүд нь мөн сурын спортоор хичээллэж аймаг сумын цолтой харваачид болсон байна. Тэдний гэр бүлийн хамгийн бахархалтай мөчүүдийн нэг 2013 онд Дашбалбар сумынх нь баяр наадам байжээ. Тухайн үед Н.Нацагдорж, түүний гэргий болон охин нь тус бүр түрүүлж, шагналын тавцанд зэрэгцэн зогсоход нутгийн зон олон нь алга ташин баяр хүргэж, уухайлж байсан гэдэг. Тэр үед нүдэнд нулимс цийлэгнэж байлаа хэмээн Н.Нацагдорж мэргэн ярилаа.


Наадам бүхэнд ханийнхаа үнэнч дэмжигч нь байдаг эхнэр нь энэ жил мөн төрийнхөө их баяр наадмыг зорин иржээ. Тэрээр ханийнхаа тухай “Хань маань сурын спортод зүрх сэтгэлээ зориулсан хүн шүү дээ. Шавь нараа бэлтгэхийн зэрэгцээ өөрөө ч тэмцээнд идэвхтэй оролцдог. Тэмцээн бүрд нь би хамт явдаг юм. 


Сурын талбайдаа суусаар байтал баяр өнгөрдөг дөө. Цэц мэргэн харваач хараад хараад сууж байхад сайхан байдаг юм. Манай хүн 1999 оны төрийнхөө их баяр наадамд хоёрдугаар байрт шалгарч улсын гарамгай болоход нь их бахархаж байлаа. “Алтаргана” наадамд хоёр ч удаа түрүүлсэн гээд бахархах амжилт олон. Би ч өөрөө сурын спортдоо дуртай.


Хөдөлмөрийн баатар А.Цэвээн мэргэний нэрэмжит тэмцээнд түрүүлсэн маань бахархалтай сайхан санагддаг” гэлээ. Тамирчин хүний хувьд хамгийн том сорил бол бэртэл гэмтэл байдаг. Н.Нацагдорж анх баруун гараараа харвадаг байсан ч гэмтэл авсны улмаас 2013 оноос эхлэн солгой гараараа харваж эхэлжээ. 


Эхний үед шинэ арга барилд дасах амаргүй, олон бэрхшээл тулгарсан ч тууштай бэлтгэл хийж, ур чадвараа тасралтгүй хөгжүүлсээр солгой гараараа харваж сурсан байна. Түүний энэ замнал нь аливаа бэрхшээлийн өмнө бууж өгөлгүй, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрч болдгийг үлгэрлэсэн тод жишээ юм. Н.Нацагдорж ах маань одоо ч сурынхаа алтан зурхайд шавь нартаа сургаалаа хайрлаж, цэц мэргэнээ сорин зогсох оо байх аа.



Пүрэвдашийн Амгаланбаяр

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин