sonin.mn


 8-р сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ, АНУ одоогоор их хэмжээний сум, зэвсгийн нөөцтэй бөгөөд зарим төрлийн сум, зэвсгийн нийлүүлэлтэд бараг хязгаарлалт байхгүй ч зарим төрлийнх нь нөөц харьцангуй хомс байгаа тул цаашид үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ.


Д.Трампын хэлснээр, АНУ-ын батлан хамгаалахын компаниуд одоогоор "Патриот" агаарын довтолгооноос хамгаалах пуужин, "Томахок" далавчит пуужин зэрэг зэвсэг үйлдвэрлэх шинэ үйлдвэрүүдийг байгуулж байна. Мөн дэвшилтэт зэвсгийн сум, галт хэрэгслийн нөөцийн нөхцөл байдалд байнга анхаарал хандуулдаг бөгөөд "Бидэнд илүү их (сум, галт хэрэгсэл) хэрэгтэй, цаашид ч илүү их хэрэгтэй байх болно" гэнэ.


Украины асуудлыг хөндөн ярихдаа Д.Трамп, АНУ-д өөрт нь ч мөн пуужин хэрэгтэй байгааг онцолж, Байдены Засгийн газар өмнө нь Украинд их хэмжээний сум, галт хэрэгсэл нийлүүлснийг дахин шүүмжилжээ. Тэрээр мөн Орос-Украины мөргөлдөөний улмаас олон хүний амь эрсэдсэнийг дурдаад, АНУ уг мөргөлдөөнийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд холбогдох хүчин чармайлт ахиц дэвшил гаргаж байна гэж мэдэгдсэн байна.


Г.Бямба