sonin.mn

Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд Олимпийн аварга Н.Түвшинбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүссэн гэх мэдээлэл тархав. Ерөнхийлөгчийн Тамгын газар уг мэдээллийг үгүйсгэсэн.

Мэдээлэл худал байж болно. Гэхдээ энэ шуугиан нэг асуултыг нийгмийн өмнө тавилаа.

Н.Түвшинбаяр уучлал хүсэх хууль зүйн эрхтэй байж болно. Харин түүнд өнөөдөр уучлал хүсэх ёс суртахууны эрх бий юу? Шулуухан хэлэхэд үгүй.

Н.Түвшинбаяр Монголын спортын түүхэнд гавьяатай хүн. Тэр Монгол Улсын түүхэн дэх Олимпийн анхны алтан медалийг авчирсан. Нэгэн цагт түүнийг монголчууд үндэсний баатар мэт хүндэлж байлаа.


Гэвч Олимпийн алтан медаль хүний амь наснаас үнэтэй биш.


2021 онд Н.Түвшинбаяр өөрийн найз, улсын начин Э.Энхбатыг зодож, амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан. Э.Энхбат удаан хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст нас барсан. Улмаар шүүх Н.Түвшинбаярт хорих ял оногдуулсан билээ.

Нэгэн цагт хамт сууж, хамт инээж, итгэж нөхөрлөж явсан хүнийхээ амь насанд хүрсэн хэргийн дараа хэдхэн жилийн дотор “уучлал” гэдэг үг яригдаж эхлэх эсэх нь өөрөө ёс суртахууны асуулт мөн.

Мэдээж Н.Түвшинбаяр Монгол Улсын иргэн. Тэр хоригдол болсон ч хуулиар олгогдсон эрхээ эдэлнэ. Хэрэв хууль түүнд уучлал хүсэх боломж олгож байгаа бол хүсэлт гаргах эрхийг нь хэн ч үгүйсгэж болохгүй.

Гэхдээ хууль зүйн эрх, ёс суртахууны зөвтгөл хоёр тусдаа зүйл.

Хууль “хүсэлт гаргаж болно” гэж хэллээ гээд нийгэм “уучлах ёстой” гэсэн үг биш.

Энд хамгийн түрүүнд нэг асуулт тавигдах ёстой.


Н.Түвшинбаяр хэнээс уучлал хүсэх ёстой вэ? Ерөнхийлөгчөөс үү? Төрөөс үү?Олон нийтээс үү?

Эсвэл хамгийн түрүүнд талийгаач болсон найзынхаа ар гэрээс үү?


Төрийн уучлал хүсэхээс өмнө хүн ёсны уучлал гэж бий.Шоронгоос гарах тухай бодохоос өмнө эргэж ирэхгүй болсон хүний тухай бодох ёстой.


Өнөөдөр Олимпийн аваргыг “улсдаа гавьяа байгуулсан” гэж уучилбал маргааш улс төрчийг “төрд олон жил ажилласан”, бизнесмэнийг “олон мянган ажлын байр бий болгосон”, өндөр албан тушаалтныг “эх орондоо их зүйл хийсэн” гэж өршөөх логик руу орж болно.Ингэвэл гавьяа гэдэг зүйл хариуцлагаас мултрах шалтаг болж хувирна. Тиймээс Н.Түвшинбаярын Олимпийн медалийг энэ асуудлаас бүр мөсөн тусгаарлах ёстой.

Олимпийн медаль бол түүний спортын гавьяаны үнэлгээ.

Хорих ял бол үйлдсэн гэмт хэргийнх нь хариуцлага.

Нэгийг нь нөгөөгөөр төлж, сольж болохгүй.

Хүн гэмшиж болно. Өөрчлөгдөж болно. Нийгэмд эргэн ирэх боломж ч хүний эрхийн зарчмын нэг хэсэг.

Гэхдээ гэмшил гэдэг үг хэлэхийг биш, цаг хугацаа болон үйлдлийг шаарддаг.

Юутай ч одоо Н.Түвшинбаярыг уучлах тухай ярих цаг нь ч болоогүй, нөхцөл нь ч бүрдээгүй бололтой.


Э.Солонго