sonin.mn

“Малтай мөртлөө эхнэргүй.”



Сүүлийн жилүүдэд ийм яриа сошиал сүлжээний хошигнолын нэг сэдэв болжээ. Малчин залуусыг элэглэсэн бичлэг, зураг, хошин тайлбарууд нийгмийн сүлжээнд хэдэн мянган хандалт авч, хүмүүс инээлдэн өнгөрдөг.

Гэвч энэ инээдний цаана бидний төдийлөн анзаарахыг хүсдэггүй нэгэн бодит асуудал бий. Энэ бол зөвхөн ганц бие малчин залуусын тухай асуудал биш. Харин Монголын хөдөө орон нутгийн хүн амын бүтэц, гэр бүлийн тогтвортой байдал, мал аж ахуйн ирээдүйтэй холбоотой томоохон сорилт юм.

Монголын мал аж ахуй бол зөвхөн эдийн засгийн салбар биш. Энэ бол Монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг, соёл, хүнсний аюулгүй байдлын нэг тулгуур. Гэтэл энэ салбарыг үргэлжлүүлэн авч явах залуу үеийнхэн гэр бүл зохиох боломж улам бүр хумигдаж байгаа нь анхаарал татах асуудал болоод байна.


Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа олон залуу хөдөлмөрлөж, амьдралаа авч явж байна. Тэд малтай бол малтай, орлоготой бол орлоготой. Гэвч тэдний хувьд гэр бүл зохиох нь өмнөх үеийнхээс хамаагүй хүндрэлтэй болсон тухай сум, багийн удирдлагууд ч, өөрсдөө ч ярьдаг.


Энэ үзэгдлийн гол шалтгааны нэг нь хүн амын шилжилт хөдөлгөөн.

Орон нутгийн охид ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ихэвчлэн аймаг, нийслэл рүү дээд сургуульд суралцахаар явдаг. Дараа нь ажилтай болж, амьдралаа тэндээ төвхнүүлэх нь олонтаа. Энэ нь хувь хүний эрх, сонголтын асуудал бөгөөд хэн нэгнийг буруутгах үндэслэл биш.

Гэхдээ үр дагавар нь тодорхой. Залуучуудын хүйсийн харьцаа алдагдаж, зарим суманд гэр бүл болох насны эмэгтэйчүүдийн тоо эрс цөөрч байна. Үүний улмаас малчин залуусын хувьд гэр бүл зохиох боломж хумигдах нь аргагүй.Гэхдээ асуудлыг зөвхөн хүн амын шилжилтээр тайлбарлах боломжгүй.


Нийгэм өөрөө малчин хүний хөдөлмөрийг хэрхэн үнэлж байгаа нь бас нөлөөлдөг. Хотод оффист ажиллахыг амжилтын хэмжүүр мэт ойлгодог хэрнээ жилийн дөрвөн улиралд байгальтай тэмцэн хөдөлмөрлөж, улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа малчны хөдөлмөрийг хангалттай үнэлдэггүй хандлага нийгэмд байсаар байна.


“Малчинтай суувал хөгжинө гэж үү?”, “Хүүхдийн ирээдүй ямар байх вэ?” гэсэн асуултыг олон хүн тавьдаг. Гэтэл өнөөдөр олон малчин өрх тогтвортой орлоготой, орчин үеийн техник хэрэгсэл ашигладаг, цахилгаан, холбоо, интернэтийн боломжтой нөхцөлд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, бодит байдал болон нийгмийн төсөөллийн хооронд тодорхой зөрүү бий.

Нөгөө талаас хөдөө орон нутгийн хөгжлийн асуудлыг ч орхигдуулж болохгүй. Эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн хүмүүжил, соёл, чөлөөт цаг, дэд бүтцийн үйлчилгээ хоттой харьцуулахад сул хэвээр байгаа нь залуу гэр бүлүүдийг суурьшин амьдрах шийдвэр гаргахад нөлөөлдөг.

Ийм нөхцөлд асуудлыг зөвхөн “охид хөдөө очихгүй байна” гэж тайлбарлах нь өнгөц ойлголт болно. Үнэндээ залуу гэр бүл тогтвортой амьдрах орчин, ирээдүйдээ итгэх итгэл дутмаг байгаа нь илүү том асуудал юм.

Энэ бүхний цаана нэг ноцтой асуулт үлдэж байна.


Өнөөдөр гэр бүл зохиож чадахгүй байгаа малчин залуусын асуудал маргааш мал аж ахуйн залгамж халааны асуудал болж хувирахгүй гэсэн баталгаа бий юу?


Мал сүргийг өвлөн авч, уламжлалыг үргэлжлүүлэх хүнгүй болох эрсдэл зөвхөн нэг айлын асуудал биш. Хөдөө орон нутаг хүнгүйдвэл сургууль хаагдана, цэцэрлэгийн хүүхэд цөөрнө, сумын хөгжил саарна. Эцэстээ мал аж ахуйгаа авч явах хүний нөөц ч хумигдана.

Тиймээс энэ асуудлыг хошигнолын сэдэв болгож өнгөрөөхөөс илүү бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай. Залуу гэр бүлийг орон нутагт тогтвортой суурьших нөхцөлөөр хангах, малчин өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэхгүйгээр энэ асуудал аяндаа шийдэгдэхгүй.


Хөдөөд малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг нь үнэндээ хайр дурлалын тухай яриа биш. Энэ бол Монголын хүн амын бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, мал аж ахуйн ирээдүйн тухай асуудал юм.

Өнөөдөр бид үүнийг онигоо болгож ярьж байж магадгүй. Харин маргааш энэ үзэгдлийн үр дагавар нь хоосорсон нутаг, эзэнгүй хот айл, малчингүй мал аж ахуй болж хувирвал инээх хүн гарахгүй л болов уу?


Х.Цэцэнноров