Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр тус тус томилсон.
Шинэ томилогдсон гишүүд Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу өнөөдөр (2026.07.01) тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг танилцуулж, томилогдсон гишүүд "Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөлөө.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгч, ажлын амжилт хүсэв. Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, монгол төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна гэлээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Лхагва - 07 сарын 01,
2026

Сэтгэгдэл1
‼️УИХ-ын гишүүн асан Х.Болорчулуун: 2009 онд Оюутолгойн гэрээ хийж байхдаа тонн зэсээ 4,400$-оор худалдахаар төлөвлөсөн. Харин өнөөдөр зэсийн үнэ 14000$ хүрч байна. Гэтэл Оюутолгойн зардал өсгөсөн хийсвэр зээлийг зөвшөөрч, хүүг багахан буулгаснаа мундаг зүйл хийсэн мэтээр пиардаж буй нь том тэнэглэл, Засгийн газрын түүхийгийн шинж. Даанч энэ Засгийн газарт Оюутолгойн талаар ойлголт сайтай, урьд өмнө санаа тавьж ажиллаж тэмцэж байсан гишүүн сайд алга даа.