Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол, Оросын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний ээлжит зөвлөлдөх уулзалт болон Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденког хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өнөөгийн байдал, дээд, өндөр түвшний айлчлал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр логистик зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Сайд Б.Батцэцэг Монгол, Оросын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт болон Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтад өндөр амжилт хүсээд, эдгээр уулзалтын үр дүн нь хоёр болон гурван талт хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний бэлтгэлийг хангах, бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Орлогч сайд А.Ю.Руденко халуун дотноор хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Монгол Улстай хөгжүүлж буй Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлж, харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө ОХУ-ын ГХЯ-ны зүгээс анхааран ирснийг цохон тэмдэглэж, монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Пүрэв - 07 сарын 02,
2026

Сэтгэгдэл0