sonin.mn

-Хэнийг ч хүсэхээ больсон ард түмнийг хэн нь илүү удирдаж, үндэстнийг сэргээх бол?-





-Монгол маягийн “пи-ар” ба олон улсын стандарт шалгуурын аль нь “Зөв Ерөнхийлөгч”-ид хөтлөх бол-


Монголын ард түмэн “Долоо дахь Ерөнхийлөгч”-өө сонгох гэж байна. Монгол “пиар” гэж элэг хөшөөм сэтгэлзүйн тоглолтын түүхтэй. Эхэндээ “хорооноос тарааж өгсөн” зургийн дагуу л баяр ёслолын байдалтай саналаа өгөөд сонгодог байв. Арай дээрдэв үү гэтэл “Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас гаргая” гэнгүүт нь “яаж” ч гэж асуухгүйгээр “нүүрийн буянтай хүү” гээд л сонгочихсон. Дараа нь ширүүсэх маягтай, өрсөлдөгчөө хятад цусных гэж гүтгүүлдэг болов. “Дутуудуулчихсан” л даа. “Ээж ээ, би хэний хүү вэ” гэж өвдгийг нь тэвэрч уйлах нэр дэвшигчийг хараад монгол даяараа уяран хайлж шууд сонгов. Удаахь сонгууль ширүүссээн. Тухайн үеийн эрх баригч намын томоохон лидер тэрбээр уначихаад дахин санал хураалт явуулна гэсээр дахин ялагдсан тэр сонгууль л даа. Намынхан нь “шок”. Арай чадалтай нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, нотолж хэзээ чадахгүй орлогоо, чадал муутай нь банкнаас зээл тавьж байгаад түүний сонгуулийн зардалд өргөн барьсан нь салхинд хийсэх нь тэр. Түүний өрсөлдөгч нь ард олны дунд аварга цолтнуудыг дагуулан цагаан хоолой бариад “Монгол ялна” гэж хашгирсаар байгаад ялчихсан юм даа. Харин одоогийн Ерөнхийлөгч өрсөлдөгчгүй ялагч. Гайхалтай. Ийм л цаг үеийг туучсаар өнөөдрийг хүрэв.


Нэг намаас нэлээн хэдэн нэр дэвшигч “Би өрсөлдөнө” гэчихсэн. Гараан дээрээс л судалгааны дүнг үгүйсгэж галзуурах шахаж байгаагаас харвал ширүүхэн сонгууль болох шинжтэй дэг ээ. Гэхдээ бүх ард түмнээс урьтаж нам дотроосоо гарна гэдэг хамгийн том даваа бололтой. Судалгааны байгууллагын дүнг эсэргүүцэж хардана гэдэг инээдтэй л дээ. Яг л толинд хараад царайгаа голоод толио хагалахтай адил үр дүнгүй. Ингэхэд одоо хэн Ерөнхийлөгчөөр сонгогдох бол гэхээсээ илүүтэй яаж өрсөлдөх бол гэхээс л нуруу хүйт даах боллоо.


Жолооны үнэмлэхгүй жолоочид төрийн жолоог атгуулахаа хэзээ болих вэ, Монголчууд аа?


Учир нь монгол маягийн сонгуулийн кампанит ажил “пи-ар” дэлхийн бөмбөрцөг дээрхээс нэлээд өвөрмөц буюу онол, тактикийн хувьд тун гажигтай болоод байгаа юм даа. Та нар анзаарсан уу? Эхнээсээ голын эрэг дээр үг, аяыг нь /албаар/ сольж холиод дуулж үзэж байна. Шоолуулсан ч гэсэн анхаарал татсаан. Долоо хоногийн өмнө сайдын туслахаар авсан бүсгүйнхээ зургийг дарж, бичлэг хийж эрхлүүлэхдээ алдаа гаргалаа гэхэд гишүүний туслах нь постлоод нийтэд цацаж орхилоо. Төрийн сайдын өрөө, төрийн тамга ч жүжгийнх нь нэг хэсэг болж тоглогдов. Нэг өдөржин иргэд шүүмжиллээ. Анхаарал татсан л бол яахав гэсэн шиг огт тайлбар хийсэнгүй. Заа цаашлаад хувийн амьдралынх нь эмзэг хэсгийн талаар уучлахын аргагүй сөрөг мэдээлэл гарч байхад хуулийн сайд нь тоосонгүй. Харин маргааш нь барагтай бол ил гарч ярихааргүй нууцлаг бөгөөд эрхэмсэг ээж, охин хоёр ээлжлэн нөхрийнхөө, аавынхаа нэр төрийг хамгаалсан. Тэгмэгц харин сайд дуугарч “байж болшгүй” гэдгээс өөрөөр ямар ч цочролгүй тайлбар хийв. Тэр түүхийг оргүй худал гэдгийг л эртхэн нотлох чухал болохоос айхавтар нүгэлтэй гүтгэлэгт өртөөгүй бололтой цаанаа л зөөлхөн нь “но”-той.


Одоохондоо Ерөнхийлөгчид нэр дэвших бодолтой бусад “битүү морь” зогсоогоороо үүрэглэж буй. Ерөнхийлөгчид зөвхөн Ерөнхийлөгч болох гэж л өрсөлддөг юм биш л дээ. Нэрээ татах наймаанд орж олз олох нь ч бий. Нэрд гарч чадаагүй нь олонд танигдаж, сонгуулийн түүхэнд үлдэх гэж ч “дагаж шогших” нь бий.


Ингэхэд Монгол Улсад ямар Ерөнхийлөгч хэрэгтэй байна вэ? Тэр шалгуурыг хэн хангах бол? Сүүлийн үед “Ард түмний хүсэмжит Ерөнхийлөгч” гэж ярих болж. Дэлхий дээр ийм шалгуур байдаггүй. Харин нийгмийн эрэлт, хэрэгцээ, шаардлага гэж буй. Яагаад гэвэл улс орныг удирдах, төрийг жолоодох тухай ярьж байгаа болохоос сониучирхаж шилж сонгоод “крашлах” гээд байгаа юм биш шүү дээ. Улс орны хувь заяатай холбоотой асуудалд илүү нухацтай, мэргэжлийн, судалгаатай, ажил хэрэгч хандах нь эх оронч үйл хэрэг.


Бөмбөрцөг дээрх бусад орны сонгууль, олон улсад хэрэглэдэг онол, туршлагаас харцгаая л даа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хамтекст, улс төрийн стратегид яаж ашигладаг юм бол? Хамгийн нийтлэг тавьдаг “Гурван TTT” шалгуурыг сонирхцгооё.


Нэр дэвшигчийг үнэлэх "Гурван Т" шалгуур (Tested, Trained, Trusted)


Улс төрийн пиар болон стратегийн хувьд намууд өөрсдийн нэр дэвшигчийг сонгогчдод "Хамгийн зөв сонголт" гэж итгүүлэхийн тулд энэхүү хүний нөөцийн философи гэгчийг ашигладаг аж.


Эхний “Т” буюу Tested (Шалгагдсан): Тухайн нэр дэвшигч улс төрийн томоохон хямрал, сорилтуудыг давж гарсан, "хатуужсан" улстөрч гэдгийг харуулах. Үүнд өмнө нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга эсвэл сайдаар ажиллаж удирдах чадвараа шалгуулсан байдлыг хэлдэг.


Хоёр дахь “Т” буюу Trained буюу туршлагажсан, бэлтгэгдсэн байдал. Манайхан “нийгмийн захиалгаар” гээд уянгалдаг, түүнийг хэлж байгаа юм. Гол чанар нь төрийн бодлого, геополитик, хууль тогтоох үйл ажиллагаанд бүрэн бэлтгэгдсэн, ажлаа шууд аваад явах чадвартайг тодотгохох ёстой аж. Уншигч таны тархи, зүрхэнд хэн нэгэн бодогдож л буй гэдэгт итгэлтэй байна.


Гурав дахь “Т” нь Trusted буюу итгэл даах чадвар. Ард иргэдийн дунд болон намынхан дотроо нэр цэвэр, үндэсний аюулгүй байдал, улсын нууцыг бүрэн даатгаж болох "найдвартай" хүн гэдгээр нь хамгийн зөв сонголт гэж хүлээн зөвшөөрөгдөх. Энэ гурван шинжтэй бол тухайн нам “хамгийн зөв сонголт” хийсэнд тооцогддог. “Пи-ар” нь ч сонгогчдод итгүүлэх гэхээсээ илүү одоо ч итгэдэг итгэлийг нь бататгахад чиглэхээр ажиллагаа нь амархан, цэгцтэй байдаг.


Одоогоор нэр дэвшихээ зарлаад буй, мөн олон нийтийн таамаглаж буй хэдээс хэн нь улстөрчдөд итгэл алдарсан ард түмнийг сэргээж, манлайлж чадах бол? Үүнийг бөмбөрцгийн шалгуураар нэгэнтээ бодоод үзээрэй, эрхэм сонгогчид оо.



У.Оргилмаа