НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид бодлого гаргаж байгаа хүмүүсийн хувьд иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад юу хийж болох вэ гэдэг өнцгөөс бодлого шийдвэрүүдээ гарган ажиллаж байна.
“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд elicense.mn-д хүсэлтээ өгснөөр эрх нь нээгдэж 30 хоногийн дотор бизнесээ эхлүүлж байгаа ч сарын дараа дахин материал бүрдүүлэхийн тулд төрийн хүнд сурталтай нүүр тулдаг процесс байгаа нь судалгаагаар нотлогдсон.
Тиймээс НИТХ-ын хуралдаанаар 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, хоёр өөрчлөлтийг хийх санал оруулсан билээ. Ингээд найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалж байна. Үр дүнд нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, бизнес эрхлэхэд тухтай, таатай, хурдтай, хүнд сурталгүй байх нөхцөл бүрдэх юм. Бизнес эрхлэгчид төр болон иргэдийн өмнө хүлээх үүрэг нь энэ журмын 6-д заасан хэвээр үлдэж байна. Стандартын шаардлага болон хариуцлага тооцох механизм нь нийслэлийн ЗАА болон дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдэд байгаа” гэлээ. Дээрх бүртгэлүүд цуцлагдсанаар төрийн хүнд суртал, олон шат дамжлагыг бууруулж, бизнесээ саадгүй өргөжүүлэх боломжтой болж байгааг хотын дарга онцоллоо.
Баасан - 08 сарын 07,
2026
Сэтгэгдэл0