БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Таиландын нийслэл Бангкок хотноо тус улсын Ерөнхий сайд Анутин Чарнвиракултай албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр Ли Чян хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг онцлов. Тэрбээр Таиландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул өнгөрсөн долдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлсныг дурджээ.
Мөн хоёр улсын Ерөнхий сайд дөрөвхөн сарын хугацаанд харилцан айлчилж байгаа нь Хятад, Таиландын стратегийн түншлэл, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж буйн илэрхийлэл болохыг тэмдэглэв.
Ли Чян Хятад улс Таиландтай хөгжлийн стратегиа уялдуулж, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ. Тухайлбал, Хятад, Таиландыг холбох төмөр замын төсөл зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байгаагаа мэдэгдэв.
Таиландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул хариуд нь Хятад улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, хоёр орны ард иргэдэд бодит үр өгөөж хүргэхийн төлөө бүх салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхий сайд нар автомашины үйлдвэрлэл, мэргэжлийн боловсрол, хөдөө аж ахуй, гааль, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцов.
Албан ёсны хэлэлцээ эхлэхээс өмнө Таиландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул Бангкок хот дахь Засгийн газрын ордонд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяныг хүндэтгэн угтан авах ёслол зохион байгуулжээ.
Г.Бямба
Даваа - 11 сарын 16,
2026
Сэтгэгдэл0