sonin.mn

АНУ-ын “SpaceX” компани дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг пуужингийн систем болох “Starship”-ийн 15 дахь туршилтын нислэгийг эхлүүлжээ. Сар, Ангараг гараг руу хүн тээвэрлэх зорилгоор бүтээж буй уг сансрын хөлгийн туршилтыг компанийн албан ёсны “X” хуудсаар шууд дамжуулж байна.


“Starship” сансрын хөлгийг “Super Heavy V3” зөөгч пуужингийн тусламжтайгаар АНУ-ын Техас муж дахь “Starbase” сансрын баазаас баасан гарагт орон нутгийн цагаар 16:47 цагт хөөргөсөн байна.


Төлөвлөгөөний дагуу сансрын хөлөг дэлхийн гадаргаас 275 орчим километрийн өндөрт хүрч, 22 цагийн хугацаанд дэлхийг 14 орчим удаа тойрох юм. Мөн нислэгийн явцад “Starlink” хиймэл дагуулын интернэтийн сүлжээнд зориулсан 26 хиймэл дагуулыг тойрог замд байрлуулахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн туршилтын хамгийн онцлог зорилт нь “Starship” сансрын хөлөг болон “Super Heavy” зөөгч пуужинг хоёуланг нь хөөргөсөн талбайд нь буцаан буулгаж, тусгай төхөөрөмжөөр барьж авах оролдлого хийх явдал юм.


Тодруулбал, сансрын хөлөг болон зөөгч пуужинг босоо чиглэлд газардах үед “Starbase” баазын “Pad 2” хөөргөх талбай дахь үйлчилгээний цамхгийн механик гараар барьж авахаар төлөвлөсөн байна.


“Энэ удаагийн нислэгээр ‘Starship’ сансрын хөлөг болон ‘Super Heavy’ зөөгч пуужинг хоёуланг нь хөөргөсөн талбайд буцаан буулгаж, барьж авах анхны оролдлогыг хийнэ. Хэрэв туршилт төлөвлөгөөний дагуу амжилттай болбол пуужинг хөөргөхөөс эхлээд сансрын тойрог замд ажиллуулж, буцаан газардуулах хүртэлх бүх үйл явцыг бүрэн хэрэгжүүлэх боломжтойг харуулна” хэмээн “SpaceX” компани мэдэгджээ.


“Starship” нь дэлхийн тойрог замд ачаа тээвэрлэхээс гадна сансрын нисгэгчдийг Сар, Ангараг гараг болон түүнээс алс орших сансрын биетүүд рүү хүргэх зориулалттай, олон удаа ашиглах боломжтой сансрын тээврийн систем юм.


Уг системийн үндсэн хэсэг болох “Super Heavy” зөөгч пуужин нь 33 хөдөлгүүртэй бөгөөд НАСА-гийн Сарны хөтөлбөрт зориулан бүтээсэн “Space Launch System” (SLS) пуужингаас ойролцоогоор хоёр дахин их түлхэх хүч гаргах хүчин чадалтай аж.


“SpaceX” компани өмнө нь “Starship” системийн 14 удаагийн туршилтын нислэг хийснээс есийг нь амжилттай болсон гэж мэдээлжээ. Хамгийн сүүлийн туршилтыг есдүгээр сарын 28-нд зохион байгуулсан байна.


Энэ удаагийн туршилт амжилттай болбол сансрын хөлөг болон зөөгч пуужинг бүрэн дахин ашиглах технологийг хөгжүүлэхэд томоохон ахиц гарч, ирээдүйн сансрын нислэгийн зардлыг бууруулах, Сар болон Ангараг гараг руу хүн илгээх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм.


Г.Бямба