sonin.mn

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Х.Нямбаатарын хийсэн лайвд дурдагдсан 10 сая ам.долларын асуудлаар мэдэгдэл гаргаж, өөрийг нь баримтгүйгээр гүтгэсэн хэмээн няцаалаа.


Тэрбээр нийслэлийн захиргаанд ажиллаж байсны хувьд хотын даргын ажил амаргүйг мэддэг учраас Х.Нямбаатарын талаар өмнө нь шүүмжлэл хэлж байгаагүйгээ дурджээ. Мөн түүнтэй холбоотой гэх хэргийн материал, баримттай танилцаагүй тул гэм буруутай эсэхийг хууль, шүүхийн байгууллага тогтоох ёстой гэсэн байр суурьтай байснаа илэрхийлсэн байна.



Харин Х.Нямбаатар лайв хийхдээ өөрийг нь 10 сая ам.доллар авсан хэмээн буруутгасныг эсэргүүцэж, уг мэдэгдлээ нотлох баримтыг олон нийтэд ил болгохыг шаарджээ.



“Нэг ч нотлох баримт хараагүй, нягтлан шалгаагүй байж нотлох баримт гэж зураг эвлүүлэн, багцаагаар ярьдаг хуульч гэж хаана ч байхгүй. Х.Нямбаатар аа, ярьж байгаа зүйлээ баримтаар нотол. Нотлох баримтаа бэлд, авчир, ил тод, нээлттэй түмэнд үзүүл” хэмээн Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн байна.


Тэрбээр Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжиж байсан үед Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсныг дурджээ. Түүнчлэн хотын даргаар ажиллахдаа “Бодь” компанитай 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан, тус компанид ажиллаж байсан Т.Даваадалайг өөрийн орлогчоор томилсон хэмээн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.


Д.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө тухайд 2019–2021 онд хувийн хэвшил болон их сургуульд ажиллаж, 2020 оны сонгуульд “Авлигын хана хэрмийг нураая” уриатайгаар нэр дэвшиж байснаа онцолжээ.



Мөн тэрбээр Х.Нямбаатарыг гадаадад байгаа хэмээн дурдаж, Монголд ирж, өөртэй нь холбоотой асуудлуудаар шалгуулан, үнэн зөвөө хууль, шүүхээр тогтоолгохыг шаардсан байна.



Мэдэгдлийнхээ төгсгөлд Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан авлига, албан тушаалын хэргүүдийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэхийг уриалжээ. Тэрбээр зарим хэргийн шалгалтыг удаашруулж, шүүхэд шилжүүлэхгүй байгаа хэмээн шүүмжилж, “Хэн, ямар албан тушаалтан хаацайлаад байна вэ? Ард түмэн шударга ёсыг шаардаж байна” гэжээ.


Н.Отгончимэг