УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед гарч байгаа авлигын онц ноцтой сериалууд үргэлжилж байна. Эмгэнэлт драмын жүжгүүдийн ээлжит ангиуд нь гарч байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн 110 сая доллар гэх мэт тодорхой тоо баримттай, эзэн биетэй, цаг хугацаатай, зуучлагчтай, бүрэн тодорхой байж магадгүй зүйл олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Энэ бол зөвхөн одоо яригдаж байгаа биш. Сүүлийн хагас жил яригдаж байна. Үүнтэй эвлэрээд цаашаа явах уу? Сөрөг хүчин АН яах ёстой вэ? Авлига үнэхээр тэвчих аргагүй боллоо. Төрийн тэргүүн нь холбогдож байна.
110 сая долларыг МАН-ын ЕНБДаргад өгсөн гэж байна. Энэ мөнгийг улстөрийн сонгуульд зарцуулсан байж магадгүй гэж ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ? Төрийн шат шатны сонгуулиудыг өнөөгийн эрх баригчид хууль бусаар авсан гэдгээ бараг хүлээн зөвшөөрч байна.
Үүнийг шалгадаг хуулийн байгууллагууд нь хаана байна? Хуулийн байгууллагаас хүлээх хүлээлт бидэнд байна уу? Эдгээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаа албан тушаалтнууд, төрийн тэргүүнээсээ эхлээд бүгдээрээ огцорч, ажлаа өгч шалгуулах ёстой. Ажилтайгаа байхад нь хуулийн байгууллагууд яаж шалгадаг гэдгийг бид бүгд харж байна. Маргааш гарч ирээд хууль ёсны гэж л хэлэх юм байна. Шалгуулах ёстой.
Оффтейк гэрээнүүдийг дандаа ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хийсэн байдаг. Аж ахуйн нэгжүүдийн хооронд хийсэн нүүрс зарах гэрээнүүд яагаад улсын нууц болдог юм? Эдгээр шаардлагуудыг биелүүлэхгүй бол АН-ын зүгээс Монгол улсын төрийн тэргүүн хүртэл бүх албан тушаалтнуудад албан тушаалаа өгөх, огцруулах, импичмент хийх хүртэл ажлуудыг хийх болно. Энэ шаардлагыг парламент, олонхи, авлигажсан тогтолцоо хүлээж авахгүй бол АН ард түмэнтэйгээ хамт тэмцэх болно." гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: "105 жилийн түүхтэй гэж өөрсдийгөө бахархаж ярьдаг МАН өнөөдөр Монголын авлигачдын нам болжээ.
МАН гэдэг товчлол "Ардын" биш, "Авилгачдын" болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Сүүлийн 10 жил Монголын авлигачдын нам засаглалаа.
Авлигын индексээр Монгол улс Беларусь улсын ард, дайн дажинтай Шри Ланка улсын ард орчихсон байна. Нүүрсний хэрэгтэй албан тушаалтнуудад нь хариуцлага тооцож амжаагүй байхад сая ахиад төмөр замын хулгай гараад ирлээ. Төмөр замын 110 сая доллар гэдэг бол дөнгөж эхлэл. Энэ бүхний үр дагавар иргэдийн нуруун дээр л очоод байна. Үүн дээр Ардчилсан нам хэрхэвч дуугүй байж болохгүй гэдэгт бүлгийн 42 гишүүн бүгд санал нэгдсэн. Үүнтэй тэмцэх, хянан шалгах алхам, ажлуудыг нэгэн зэрэг эхлүүлнэ." гэв.
М.Чой
Даваа - 11 сарын 16,
2026
Сэтгэгдэл1
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 25 сая ам.доллар, Я.Содбаатараар дамжуулж 2020 оны сонгуулийн бэлтгэлд 22 сая ам доллар, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт 15, “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд мөн 15 сая ам.долларыг авлига болгож бэлнээр өгсөн гэж мэдэгдлээ. Түүнчлэн одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, тухайн үеийн "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга, өдгөө Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан болон одоогийн Зам тээврийн яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарт тус бүр 10 сая ам.доллар бэлнээр өгсөн талаараа “Бодь интернэшл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра гэрчилж, гэрчийн хамгаалалтад авбал Монголдоо ирээд уг хэрэгт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлснийг “уламжлав”.