sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 29 /CNN/. Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн биржүүдийн ханшид бага зэргийн өөрчлөлт гарснаар бүх голлох индексүүд таван сарын турш дараалан өслөө.


Тодруулбал, S&P 500, Dow Jones индексүүд тус тус 0.1 хувиар өсөж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. Харин технологийн салбарын Nasdaq индекс 0.1 хувиар буурсан байна.


Пүрэв гараг бол гуравдугаар сар болон 2024 оны эхний улирлын арилжааны сүүлчийн өдөр байсан бөгөөд Америкийн хувьцаануудын хувьд сайн үзүүлэлттэй улирал болж өнгөрлөө. S&P 500 индекс нь 2024 оны эхний гурван сард л гэхэд 22 удаа шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн бөгөөд Dow индекс түүхэндээ анх удаа 40 мянгын босгод хүрэхэд хэдхэн нэгж дутуу байна.


Улирлын туршид S&P 500 ойролцоогоор 10.2 хувиар өссөн нь 2019 оноос хойших нэгдүгээр улирлын хамгийн өндөр өсөлт байсан бол Dow индекс 5.6 хувиар өссөн нь 2021 оноос хойш эхний улирлын хамгийн өндөр өсөлт боллоо. Мөн Nasdaq индекс 9-ээс давсан хувиар өсжээ.


Nvidia болон хиймэл оюун ухааны салбарын компаниудын хувьцаа эхний улиралд огцом өслөө. Тухайлбал, чип үйлдвэрлэгч Nvidia-гийн хувьцаа энэ оны эхний гурван сард 80 гаруй хувиар өсжээ. Хөрөнгийн зах зээлийн өсөлт нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулахад түлхэц болно гэж шинжээчид үзэж байна. Хөрөнгө оруулагчдын 64 орчим хувь нь ирэх зургаадугаар сард хүү буурна гэж таамаглаж байгаа ажээ. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг