
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 3 жил 6 сарыг үдэх гэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Трампын бодлогын хувьсал, оросын нефтийн салбар руу олон талаас нь хүчтэй цохилт өгч буй тухай, мөн онцлох хоёр нөхрийн ярьсан зэрэг олон талын мэдээллүүдээс хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь тусгагдаагүй болно.
Трамп Цагаан ордонд хоёр дахь удаагаа морилон ирээд бүтэн 7 сарыг үдэх гэж байна. Бүтэн 7 сард түүний ухаан бодол, тархийг зовоосон ганцхан асуулт л хариултгүй үлдэж байна. Энэ нь Путиныг ятгаж ухааруулах, тэгснээрээ түрэмгийллээс нь татгалзуулах, харин Путин нь 2022 оны байр суурин дээрээ баттай зогсож Украиныг бүрэн ялдаггүй юм аа гэхэд, хагас дутуу эзлэн аваад ОХУ-ын нутаг дэвсгэрт бүртгээд оруулчихсан 4 мужийг нь авч салах, тэгэхдээ тэр 4 мужаас украины цэргийг бүрэн гаргах гэдэг дээрээ хатуу зогсоод байдаг.
Трамп яаж ч чадахгүй, аман сүрдүүлэг нь нэр хүндээ барсан, гэвч цөхрөлтгүйгээр Путинтэй хэл амаа ололцох горьдлого нь тасрахгүй.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф гэдэг эрхмийг хичнээн ч удаа Москва руу нисгэв. Очих тоолондоо Путинтэй уулзаад ганц л хариулт авдаг. Яаж ч ятгаад Путин ухрахгүй.
Орос орон гэж асар том багтаамжтай сав учраас олон улсын олон мянган хоригийг үл ажраад цэргээ байлдуулаад байх боломжтой, орос цэрэг нь эцэж цуцахыг мэдэхгүй сумны өөдөөс түм бумаараа явж алуулдаг, тэр нь Трампад хайран, харин Путинд огтын хамаагүй, Орос гэж ийм нийгэм гэдгийг Трамп ба түүний багийнхан огтхон ч ойлгож төсөөлөхгүй саналаа хий тулгасаар. Эмгэнэл болж дууслаа. Тэгснээ бичнээ:–Энэ бол хэзээ ч дэгдэхгүй байсан дайн. Энэ бол Трампын биш Байдены дайн. Би үүнийг зогсоох гэж л энд ирсэн! Гэнэт ухаарсан юм шиг ярина:–Энэтхэг, Хятад хоёр оросын нефтийг худалдан авснаараа Украинд хүмүүсийг алахад л туслаад байна.
Баахан мөнгөн тооцоо гаргаж, Украинтай зэвсгийн тусламжийн тооцоо бодох Трампын бизнесийн хүсэл нь дайтаж байсан ч хамаагүй хоёулантай нь худалдаа хийж мөнгө олох хүсэл нь хамт дагалдана. Харин аз болж европчууд Трампад төлбөр төлж зэвсгийг нь худалдан аваад Украинд бэлэглэх сургаар Трампын сэтгэл онгойх шиг боллоо.
Одоо Трамп НАТО-гийн орнуудад зэвсэг худалдахаа хурдавчилна гэлээ. Тэгж худалдаа хийх нь Украиныг дэмжих нэг хэлбэр, гол нь Кремлийнхэн цочирдоно гэсэн итгэл нь сэргэжээ.
НАТО-д суугаа америкийн элчин сайд Мэтью Витакерын хэлж байгаагаар, Вашингтоны зорилго бол даралт шахалт үзүүлэх замаар гал зогсоолгох явдал гэжээ. Трамп нь АНУ-ын холбоотнуудад зэвсэг зарж, Оросыг хэлэлцээний ширээнд эргүүлж авчрах, тэгснээрээ Ерөнхийлөгч Трамп энхийг цогцлуулагч болох ажээ.
“The Wall Street Journal” сэтгүүлд бичсэнээр Patriot-ын наймаа гэхэд л хэдэн тэрбумаар яригдана. Украиныг дэмжих шинэ схемийн хүрээнд 17 зенитийн комплекс өгнө. Герман хоёрыг өгчихсөн байгаа. Энэ санаачилгын дагуу Британи, Герман, Канад, Швед, Нидерланд, Финланд, Норвег, Дани гээд бүгд худалдан аваад Украин руу шилжүүлээд байх бололтой. Зэвсгийн тусламжийн төсвийн хүндийг АНУ ганцаараа үүрнэ гэж байхгүй болсон, хажуугаар нь НАТО-гийн орнууд зэвсэглээд авна, мөн украины арми оросын атакийг тогтоон барих, няцаах зэвсэг сум галт хэрэгслээр хангагдана. Энэ бол Трампын бодлогод гарч буй хувьсал болох ажээ.
Трамп гарч ирээд Украиныг дахин зэвсэглэхгүй гэсэн Путины найдвар талаар болсон нь бас үнэн юм. Харин эсрэгээрээ эргэжээ. Вашингтоны энэ алхамд өөгшсөн НАТО нь эв нэгдэл, эрс шийдэмгий бодлогоо дахин нотлон харуулжээ. Энэ нь Украинд ч нааштай дохио болжээ. Хүчирхэг дэмжлэг хэвээрээ байна, тийм учраас хүчний байр сууринаас дипломат арга зам сүвэгчилж болно. Харин Путин энэ бүхэнд бэлэн байна уу? Салаавч л өгч таарна.
Оросыг дайнаас татгалзуулах өөр нэг шилдэг арга нь нефтийн үнийг доош унагах гэдгийг Трамп ойлгож мэдэрч байх шиг. Нефтийн орлогоор Путин дайны зардлаа хийгээд байна гэдгийг Трамп нэлээд сүүлхэн мэдэрсэн бололтой. АНУ нефтийн салбарт холбоотон олонтой учраас Оросын санхүүд цохилт хийхээр шийджээ. Reuters-ийн мэдээгээр Brent маркийн нефтийн үнийг унагахаар ОПЕК шийдвэрлэсний дагуу АНУ-ын холбоотнууд нь нефтийн олборлолтоо эрс нэмэгдүүлж, тэгснээрэээ Орост нь эмзэг цохилт өгнө, экспорт нь унана гэсэн тооцоо хийжээ.
Долоо хоногийн өмнө Brent-ийн худалдааны баррель нь $68.53 байсан. Америкийн WTI-гийн үнэ $67-гоос доошоо орсон. Тэгтэл ОПЕК-ийн шийдвэрээр хоногтоо хоногтоо олборлох нефть нь 547 000 баррель болж өсөх магадлалтай. Оросоос бусад нефть олборлогчдод элдэв хязгаарлалт тавихгүй, хүссэн болгонд нь зарж болно. Ингэвэл оросын хувьд тун ашиггүй, экспортоос олдогоо тэрбум тэрбумаар алдана.
Саудын Араб бол ОПЕК дэх АНУ-ын гол холбоотон, даян дэлхийн нефтийн олборлолтын нэг гол тоглогч, Трампын ультиматумыг шууд дэмжигч. Трамп нь Оросоос нефть худалдан авдаг орнуудад 100%-ийн татвар тавина гэснийг Саудын Араб шууд дэмжсэн. Оросын хувьд стратегийн маш том шахалтад орж явчихлаа. Нэг баррелийг $70-оос доошоо үнээр зарахад Орос гол орлогоо алдана, ингэснээр энэ нь Орост шууд чиглүүлээгүй санкц болж хувирна.
Орос барууны тавьсан нефтийн хоригийг хөнгөхөн даваад байсан шалтгааны нэг бол Энэтхэг байв. Учир нь хэрэгцээнийхээ бараг 50%-ийг Оросоос авдаг. Одоо харин аюулд орж эхлэв.
Хэл амтай ч Энэтхэгээс эхлээд оросын нефтиэс улс орнууд татгалзах нь байна. Энэтхэгийн бензин шатахуун түлшний хамгийн том компани болох Indian Оil Сorporation, Bharat Petroleum нь Оросоос бензин, түлш авахаа зогсоож оронд нь Америк, Канад, Эмират улсаас авах болжээ. Энэтхэгийн Засгийн газраас өгч буй тайлбар их хачин. Албан ёсоор Оросоос бензин, түлш авахаа зогсоох шийдвэр гаргаагүй гэх мөртлөө аль хямд үнэ санал болгосон нийлүүлэгчээс бизнесийн зарчмын дагуу авна гэсэн нь АНУ ба холбоотон улсууд нь оросын нефтийн үнийг унагах замаар Энэтхэгийн зах зээлээс Оросыг шахаж байгааг хүлээн зөвшөөрөөд ч байгаа юм шиг.
Өнгөрөгч 7 дугаар сард Энэтхэг нь АНУ-аас 7 сая баррель нефть авснаа Оросын нефтийг нэрэхлээр хэт их хүхэртэй, чанарын шаардлага хангахгүй, стандартад нийцэхгүй чанаргүй бүтээгдэхүүн гардаг гэсэн тайлбар хийж, Орос түншээ шууд түлхсэн нь юу хэлнэ вэ?
Украины дроны довтолгоо ОПЕК-ийн шийдвэртэй хослон, харин ч Оросыг ялагдуулахад тус нэмэр болж байх шиг дүр зураг харагдана. Оросын нийт нефть боловсруулах үйлдвэрүүдийн 14%-ийг украинчууд өнгөрсөн сард устгасан гэсэн мэдээ байна. Цаашдаа олон “НПЗ”-г устгах биз. Украинд хөлхөж яваа оросын байлдааны техник, танк хуягт, машин, мотоцикль бүгд бензин, салярк, дизелиэр ажилладаг тул дайснаа давшуулахгүй гэж “НПЗ”-г онилох нь зөв биз. Бас ШТМ гадаадад зарж мөнгө болгож дайны зардлаа нөхдөгийг нь болиулах гэсэн биз.
Бензин, түлшний хувьд Оросоос хэт хамааралтай байдаг манай улсын хувьд энэ бүхэн эмзэглэмээр зүйл мөн л дөө. Гэхдээ ганцхан нийлүүлэгчтэй биш гэдгээ мартаж болохгүй.
Хятадаас арай өндөр үнээр худалдан авах, мөн гуравдагч улс орноос бензин, түлшээ дамжуулан авах хэлэлцээг Хятадтай эхлүүлэх нь зөв юм. Ялангуяа бид Казахстанаас чанартай, хямд бензин түлш авах бүрэн боломжтой байж магад.
Төгсгөлд нь BBC-д Чехийн Ерөнхийлөгч Петр Павелын өгсөн ярилцлагад Оростой харилцаагаа хэвийн болгох ганцхан нөхцөл дурдсаныг хөрвүүлье. Ердөө л “Украины эсрэг өдүүлсэн дайнаа бүрэн зогсоо!” гэжээ. Зөвхөн дипломатын үйл явц чухал, гэхдээ Оросыг татан оруулах ёстой. ОХУ-тай цаашдаа харилцан ажиллана гэвэл Орос нь гал зогсоож Украинтай энх тайвны гэрээ байгуулах ёстой. Тэгсний дараа украины дэд бүтцийг сэргээх ажил эхэлнэ, Оросыг Европын аюулгүй байдлын асуудал хэлэлцэхэд аажмаар татан оруулна. Гэхдээ Украины эсрэг түрэмгийллээ үргэлжлүүлсээр байх аваас Москватай ажил хэрэгч, улс төрийн харилцаа тогтоох ямарваа ирээдүй бүтэхгүй. Энэ бүхний бааз суурь болох нөхцөл бол Украинд энх тайвныг тогтоох явдал мөн–Чехийн Ерөнхийлөгч.
Яг эсрэгээр Путины дуу хоолой Владимир Соловьев Оросын төв ТВ-ээр ээлжит цирк тоглохдоо Украины баруун нутагт цөмийн цохилт өгөхийг уриалан дуудаж харагдав. Тэгж бөмбөгдсний дараа радиоидэвхт тундас Польшийг нөмрөөсэй гэв. Львовыг газрын хөрснөөс арчвал түүний туурин дээр “Оросын ертөнц” цоо шинэ хот босгоно гэв.
Орос, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл6
Орос тагнуул юм чинь, аргагүй шүү даа
Трамп огцорч магадгүй, хэрэв тэгвэл тэр огцруулах хүн нь Зеленский байх болно
Ха ха ха, уяахуяа тролл шаахайнууд үнэнд гүйцэгдэж боож үхлээ! Үнэн хэдий удаан ч худлыг заавал гүйцдэг юм! 2022 онд солиорон галзуурч байсан нацист фашист алан хядагч Хохолууд үнэнд гүйцэгдэн шударга ёсны шүүхийн өмнө шүүгдэх нь цаг хугацааны асуудал боллоо!
КГБ д бөлдөгдүүлсэн амээрик бизнесмээн
Галзуу солиотой шар толгойт юу ч хийж мэднэ
Трамп Путин хоёр ирэх баасан гаригт Альяскд уулзана ! Нэг уулзсан дээрээ Трампаас зэвсэг тёхник гуйх бодолтой байгаа Путин ! Тэр Хиймарс Патриотоосоо хэдийг өгч магадгүй Трамп ! Ингэхэд энэ муу Соловьeв намайг дуурайгаад Львов хотыг агаарт хийсгэ гээд байна ! Байдлыг харж байгаад намраас нэг мөөгөн үүл харуулж ухаан оруулах нь зөв л дө ! Тэгэхдээ орон гаран Трампын байдлыг харах хэрэгтэй !