sonin.mn

КАТМАНДУ, 2025 оны наймдугаар сарын 12 /BBC/. Балбын эрх баригчид алслагдсан бүс нутгуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ирэх хоёр жилийн хугацаанд Хималайн нурууны 97 оргилд хийх авиралтыг үнэ төлбөргүй болгохоор шийдвэрлэжээ. Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестийн оргилд гарах зөвшөөрлийн хураамж ирэх есдүгээр сараас 15 мянган ам.доллар болж өсөх гэж буй үед дээрх шийдвэрийг гаргасан байна. Эверестэд авирах зөвшөөрлийн үнэ сүүлийн арван жилийн хугацаанд анх удаа өсөж байгаа нь энэ юм.


Балбын аялал жуулчлалын хэлтсээс мэдэгдэхдээ, дээрх санаачилга нь аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, чиглэлийг нээж хөгжүүлнэ гэдэгт найдаж байна гэв. Дэлхийн хамгийн өндөр 10 уул бүхий Балбын хувьд ууланд авиралт нь орлогын томоохон эх үүсвэр болдог. Тухайлбал, өнгөрсөн онд авиралтын төлбөрөөс 5.9 сая ам.долларын орлого олсон бөгөөд үүний дөрөвний гурваас илүү нь Эверестийн авиралтын төлбөрөөс бүрджээ.


Тэгвэл үнэ төлбөргүй авирах боломжтой оргилууд нь Балбын Карнали, Судурпасчим мужуудад байрладаг бөгөөд 5970-7132 м-ийн өндөрт оршдог байна. Балбын баруун хязгаарт орших энэхүү хоёр муж тус улсын хамгийн ядуу, буурай бүс нутгийн тоонд ордог. Балбын Аялал жуулчлалын газрын захирал Химал Гаутам хэлэхдээ “Энд байгалийн үзэсгэлэнтэй газрууд олон боловч тэнд очих жуулчид, уулчид маш цөөн байна. Учир нь очиход маш хэцүү байдаг. Бидний шийдвэр үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна. Жуулчид ирснээр ажлын байр бий болж, орлого нэмэгдэж, орон нутгийн эдийн засаг хөгжинө” гэжээ.


Гэхдээ эрх баригчид эдгээр алслагдсан бүс нутгуудын дэд бүтэц, холболтыг сайжруулахаар төлөвлөж буй эсэх нь тодорхойгүй байна. Уулчид эдгээр алслагдсан 97 оргилыг төдийлөн сонирхдоггүй бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд ердөө 68 хүн тийшээ аялсан байна. Гэтэл зөвхөн 2024 онд Эверестэд авирах 421 зөвшөөрөл олгожээ.


Дэлхийн хамгийн өндөр оргил болох 8849 м өндөр Эверестэд сүүлийн жилүүдэд уулчид олноор авирах, авирах явцад амиа алдах, байгаль орчин бохирдох зэрэг хэд хэдэн асуудал тулгарах болсон байна. Иймээс 2024 оны дөрөвдүгээр сард Балбын Дээд шүүх Эверест болон бусад хэд хэдэн оргилд авирах зөвшөөрлийн тоог хязгаарлахыг засгийн газарт үүрэг болгожээ. 


Энэ оны нэгдүгээр сард эрх баригчид зөвшөөрлийн хураамжийг 36 хувиар нэмэгдүүлэхээ зарласан юм. Ингэснээр Эверестийн оргилд 4-5 дугаар сарын оргил үеэс бусад үед буюу 9-11 дүгээр сард авирахад 7500 ам.доллар, 12-2 дугаар сард авирахад 3750 ам.доллар төлнө. Балбын парламент мөн Эверестийн оргилд гарахыг хүссэн хүн бүр тус улсын нутаг дэвсгэр дэх 7000 м-ээс дээш өндөр ууланд авирсан байх ёстой гэсэн шинэ хуулийг хэлэлцэж байна. Ингэснээр Карнали болон Судурпашим дахь оргилууд “бэлтгэл хийх хамгийн тохиромжтой газар” болно гэж “The Katmandu Post” сонинд бичжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг